МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Олон цорготой данхаар улсын мөнгийг урсгаж байсан нь ийм нөхцөл байдал үүсгэсэн
УИХ-ын гишүүн Г.Занданшатар
2016.09.12
Улстөр

Олон цорготой данхаар улсын мөнгийг урсгаж байсан нь ийм нөхцөл байдал үүсгэсэн

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг сонслоо. Төсөв алдагдалтай хүндхэн байна. Ер нь улс орны эдийн засгийг сайжруулах ямар гарц байх шиг байна?

Төсвийн орлого бол тэгш татварын зарчимтай, нэг шатлалтай татвартай буюу илүү барууны чиглэлийн бодлоготой. Харин зарлага болохоор зүүний чиглэлийн бодлоготой.

Дундах зөрүүг нь ашигт малтмалын үнийн өсөлтийн орлогоор нөхдөг. Ийм л төсөв байсан. Тиймээс одоо бодит байдал дээр гажуудал нь илүү тод харагдаж байна гэсэн үг. 

Гэхдээ одоо улсын төсвийн гол зардал бол хүүгийн зардал л байна. Тодруулбал, гадаадаас болон дотоодоос авсан зээлийн хүүгийн зардал нэг их наяд төгрөг байна. Ирэх жил төсвийн хүрээний мэдэгдэлд хүүгийн зарлага 1.5 их наяд болно.

Энэ 1.5 их наядын хүү нь гадаадаас авсан 10.4 их наяд төгрөгийн Засгийн газрын зээлийн хүү, дотоодоос зээлсэн зээллэг буюу өрийн бичиг Засгийн газрын үнэт цаасууд, вексел, концесс нийлээд 1.3 их наяд төгрөгийн үнэт цаас, концессийн хэлцлүүдээс бүрдэж байгаа юм.

Тэр дундаа Засгийн газрын тогтоолтой, тогтоолгүй 15-16 хувийн хүүтэй векселүүдийг гаргачихсан. Энэ бүх өрийн бичгийн болон Засгийн газрын зээллэгийн хүү нь 1.5 их наяд болж, гол ачаалал үүсгэж байна.

Гэхдээ дамжуулан зээлдүүлэх гэрээ, Хөгжлийн банкаар олгосон зээл, Монголбанкны олгосон дөрвөн их наяд төгрөгийн зээлүүд бол арилжааны банкуудтайгаа өрсөл­дөөд зах зээлийн банкны сис­темийг гажуудуулаад олгочих­сон зээлүүд байгаа юм.

Эдгээр зээлийн зориулалт, үр ашиг нь юу байсан бэ гээд энэ бүх тоо баримтуудтай нь харьцуулаад харж байхад үндсэндээ манайх бол өрийн болоод хариуцлагын хямралыг л бий болгочихож. Хариуцлага гэдэг нь төсвийн сахилга батын хямрал.

Харин төсвийн сахилга бат гэдэг бол төсөвт суусан зүйлийг чанд үр ашигтай зарцуулах асуудал. Гэтэл тэгж чадаагүй. Төсөвтөө огт суулгаагүй зардлыг гаргаад ирсэн.

Засгийн газар нь тогтоолоор зардал гаргаад ирсэн хэрэг. Тэгээд байр, байшин худалдаж аваад байсан. Тиймээс бидний тавьж байгаа шаардлага бол төсвийг эрүүлжүүлэхийн тулд хариуцлагын механизмыг л ажиллуулах юм.

-Тэгвэл хэн ийм болгочихсон юм гэдгийг тодруулах хэрэгтэй болно шүү дээ?

Чуулганы анхны өдрөөс л хэн ийм болгов гэдэг асуултыг тавиад байгаа. Энэ нь хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Зүгээр л хүмүүст өгсөн мөнгөө буцааж авах хэрэгтэй.

Ард түмний нуруунд ачаалал үүрүүлэх бус бодит байдал дээр үрэн таран хийснээ зөв зүйтэй ашиглах л асуудал юм. Тэр мөнгөөр үнэхээр байшин барьж босгосон бол түүнээс чинь өгөөж байх учиртай. Төсвийн өгөөжөөр төсвийн зээлийн ашиглалтын үр өгөөжийг тодруулах ёстой.

Нэг тал нь 1.5 их наяд төгрөгийн хүүгийн зарлага гаргаад ирсэн. Тиймээс тэр хэмжээний өгөөжтэй байж гэмээнэ төсөв амьдрах ёстой шүү дээ. Гэтэл тэр өгөөж нь хаана байна гэдэг асуудал яригдаж байгаа.

Энэ бүх дүр зургийг нэгтгээд, ерөнхийдөө төрийн болон нийгмийн үйлчилгээг илүү хүртэж байгаа хүн илүү татвар төлөх ёстой гэсэн чиг шугам гарч ирж байгаа юм. Тухайлбал, АНУ-д хүн амын орлогын албан татвар гэхэд 45 хувь хүртэл байдаг. Харин Японд өв залгамжлалын татвар 80 хувь байдаг.

Тэгвэл Шведэд бүр 65 хувь хүртэл татвар төлдөг. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгаас их авч байгаа хүн нь илүү төлөх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Тухайн хүн Хавайд ч юм уу, гадагшаа явж зугаалах зардлаа хэмнэж, 40-45 хувийн татвараа төлөх ёстой гэдэг. Энэ мэт татварын уян хатан системүүд байдаг. Нөгөө талдаа татварыг бууруулдаг.

Тухайлбал, бага орлоготой иргэн буюу сая хүртэл төгрөгийн орлоготой иргэн таван хувийн татвар төлж болно. Өнөөдөр бүх хүн 10 хувийг төлж байгаа. Тэгвэл 1-2 сая төгрөгийн орлоготой бол 10 хувь төлөх, хоёр сая төгрөгөөс дээш бол 15 хувь төлж болно.

Харин гурван сая төгрөгөөс дээш орлоготой бол 20, 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой бол 25 хувийн татвар төлж байх жишээтэй. Ийм систем дэлхийн ихэнх улсад үйлчилдэг.

Их орлоготой байх тусмаа төрийн болон нийгмийн үйлчилгээг илүү хүртэж байгаа гэдэг үүднээс ачаалал үүрдэг систем байдаг. Гэхдээ ингэснээрээ ажилгүй иргэдээ ажилтай болгох, нийгмээ чирч явах гээд төсвийн ачаалал жигдэрч болно.

Гэтэл одоо бол эдийн засаг маш хүндэрчихсэн, төсвийн алдагдал 20 хувьтай батлагдана гэдэг нь мөнгөний ханш эрс унана гэсэн үг. Эдийн засгийн том зургаар харвал мөнгөний, сангийн, татварын бодлогууд бүгд уялдах ёстой. Бодлогын хүүг өсгөнө гэдэг бол мөнгийг үнэтэй болгож байгаагаас гадна ховор болгож байна гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, банкны мөнгийг татаж байгаа юм. Татвар ч ачаалал үзүүлнэ. Тиймээс дахин хуваарилалтын үүрэг бол төсвийн, сангийн, тат­ва­рын бодлого байдаг.

Тэгэхээр энэ бүхнийг олон хэлбэрээр зөв зүй­тэй болгож, ухаалаг бодлого явуулж чадвал Монголын эдийн за­сагт гэрэл гэгээ авч ирэх хөрөн­гө оруулалт, концессийн үр өгөөжийг сайжруулах боломж бий.

Харин үр өгөө­жийг дээшлүүлэхийн тулд хариуц­лага­тай байх хэрэгтэй. Хулгайг зогсоож, зарчимтай байх шаардлагатай. Төсвийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй бай­на. Ингэж чадвал жижиг эдийн засагт том өөрчлөл­тийг богино хугацаанд хийх бололцоотой.

-Өрийн таацыг нэмэх асуу­дал нэлээд шүүмжлэл дагуу­лаад байна. Өрийн таацыг нэмэхээс өөр гарц байхгүй байсан уу?

Өрийн таац бол өөрөө үндсэндээ буруу тооцогдоод явж байсан байна. Уг нь өрийн таац 55 хувь байх ёстой. Гэтэл бодит байдал дээр гаргасан векселүүдээс болоод Засгийн газрын гадаад, дотоод өрүүдийг нийлүүлээд үзэхээр нэлээд өндөр тоо гарна. Тиймээс оны эцсийн үлдэгдлийн байдлаараа 81 хувь болчихоод байгаа юм.

Тиймээс дахин зээл авахын тулд өрийн таацыг нэмэгдүүлээд байгаа юм биш. Харин бодит байдал нь буюу Засгийн газрын төлөхөөр хүлээгдэж байгаа өрийн гүйцэтгэл өндөр байгаа. Энд Серби улсын жишээг дурьдаж болох юм. “Стэнд бай” хөтөлбөрийг аваад, татвараа нэмээд, төсвийн зардлаа бууруулсан.

Гэтэл 16 хувийн хүүтэй байсан бонд нь өнөөдөр зургаан хувь болчихоод байна. Ердөө 4-5 жил хатуу чанга, хариуцлагатай бодлогыг шинэ Засгийн газар нь хэрэгжүүлээд зургаан хувийн хүүтэй болоод байгаа юм.

Гэтэл өнөөдөр манайд дотоод зээлдээ 15-16 хувийн хүү төлж байна. Гадаадын зээлдээ 10.4 орчим хүү төлж, бондын хүү нь 8.4, 10.4 хувьд хэлбэлзэж байна. Тэгэхээр ингэж бууруулах нь төсвийн тогтвортой байдлын ирээдүйд хангах хамгийн гол чиглэл юм. Серби улс ийнхүү бууруулж чадсан байхад Монгол Улсын хүү хэлбэлзээд өсөөд байна.

Одоо 1.5 их наяд төгрөгийн хүүгийн төсвийн зарлага хамгийн үр ашиггүй зарлага болоод байгаа. Гэтэл энэ мөнгөөр хэчнээн сургууль, эмнэлэг барьж болох вэ. Гэтэл үүнийг л зээлийн хүүнд төлөөд байна. Хүнээр бол зээл авчихлаа. Нэг талдаа 1.5 их наядын хүү төлөөд байна.

Харин талд нь авсан зээлээс нь орж ирдэг юм байхгүй. Юунд зээлээ зарцуулсан нь мэдэгдэхгүй, хашаагаа тохижуулчихсан ч юм уу. Мөнгө олдог зүйлд зарцуулаагүй тухайн айл хэцүүднэ биз дээ. Бодит байдал яг л ийм байна.

-Сөрөг хүчний зүгээс эрх баригчид өрийн таацыг нэмж, дахин бонд гаргаж, ганцхан улсаас хараат болох нь гэж яриад байгаа?

1.5 их наядын хүү төлж байгаа, дөрвөн их наядын алдагдалтай компанийг хэн нэгэн авлаа гэж бодъё. Тэр хүн тухайн компанийг яаж сайжруулах вэ. Дотоодын нөөц бололцоо хязгаарлагдмал, дотоодын бүх нөөц бололцоогоо шавхахын зэрэгцээ гаднаас зээл авахаас өөр аргагүй байдалд хүрнэ.

Зүгээр айлаар жишээд үзье. 1.5 их наядын хүү төлөх, цаана нь 10 их наядын өртэй, тэгсэн хэрнээ бизнес нь дөрвөн их наядын алдагдалтай. Тэгвэл энэ айл амьдралаа өөд нь татахын тулд дахиад зээл авна. Дотооддоо бүх шүүсээ шахна.

Одоо Монгол Улс шүүсээ шахаад, татвар нэмсэн ч  ядарсан ард түмний халааснаас мөнгө гарч ирэхгүй. Нөгөө талдаа хэчнээн төсвийн зарлага хаслаа гээд, зайлшгүй олгох тэтгэвэр, тэтгэмжийг зогсоож болохгүй.

Тэгвэл өөр ямар боломж байж болох вэ гэхээр хөрөнгө оруулалтаа танах, том төслүүдээ өргөжүүлэх, зээл авах шаардлага тулгарна. Харин авсан зээлээ бодитой зүйлд л зарцуулах хэрэгтэй.

Тиймээс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг бол зээл авна гэсэн үг.

Нэг бол бусад улсаас зээл авна. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой л ажлын нэг. Гэхдээ эцсийн дүндээ зээл, хуулиасаа илүү засаглалын хариуцлага, төсвийн сахилга бат, хууль дээдлэх зарчмыг бий болгож байж л улс хөгжинө.

-Монгол Улс өнгөрсөн хугацаанд хэд  хэдэн төсөвтэй явж ирсэн гээд байгаа. Энэ ер нь юутай холбоотой юм бэ?

Энэ удаагийн төсвийн алдаг­дал хэдий­гээр өндөр гарч байгаа ч гэлээ бүх тө­свийг нэгт­гэсэн. Тий­мээс ч асуу­дал гарч бай­гаа­гаас гадна өрийн таац зөв болж ирж бай­гаа юм. Тухайл­бал, Хөгж­лийн банк­ны нэр дээр ав­сан зээл бүрт­гэг­дэх­гүй, МИАТ-ийн нэр дээр бай­гаа зээл бүрт­гэл­гүй яваад байсан.

Гэ­тэл улсын батал­гаа гар­гаад ав­сан зээл бүгд олон ул­сын стан­дарт зарч­маар бол өрийн таа­цад орж байх ёс­той. Бүг­дийг нь төсөв­төө оруу­лаа­гүй бай­сан учир өрийн таац бага юм шиг ха­раг­даад бай­сан хэрэг.

Тэг­вэл өнөө­дөр өрийн таац 81 хувь бо­лоод бай­гаа нь энэ олон тараа­чих­сан бай­сан зүй­лүү­дийг нэгт­гэж, бодит төсөв гар­гаж ирж бай­гаа юм. Хөгж­лийн банк тө­сөв мөн­гө нь тодор­хой­гүй зээл, хөрөн­гө оруу­лал­тын тө­сөл, Хүний хөгж­лийн сан гээд тө­сөл хэрэг­жүү­лээд бай­даг. Тэнд Монгол­банк нь арил­жаа­ны бан­кууд­тай өр­сөл­дөөд зээл ол­гоод бай­даг.

Энд ул­сын тө­сөв гээд баа­хан юм хийг­дээд бай­даг. Энэ мэт­чи­лэн улсын мөн­гө олон салаа­гаар урсч бай­сан. Харин өнөө­дөр бид түүнийг нэг болгож байгаагаараа бодит байдлыг харуулж байгаа юм. Энэ нь төсвийн тодотголын гол ололттой тал нь тэр. Угаасаа бусад улс орон нэг л төсөвтэй байдаг.

Гэтэл Монгол Улс 4-5 төсөвтэй болчихсон. Дур, дураараа зарцуулдаг болчихсон. Тэр төсвүүдээ фракци, бүлгээрээ хуваагаад авчихсан байх жишээтэй. Ийм эмх замбараагүй гарын салаагаар буюу олон цорготой данхаар улсын сан хөмрөгийг урсгаж байсан учир өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсгээд байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ