Нийгмийн даатгалын газрын барилга барих зөвшөөрлийг “ЦУЦАЛНА”
2016.09.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Нийгмийн даатгалын газрын барилга барих зөвшөөрлийг “ЦУЦАЛНА”

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын эхээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц болоод түүнтэй холбогдох хуулийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, гишүүдээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Н.Учрал, Б.Саранчимэг нар ажиллаж байгаа юм.

Тэд хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар „холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсрол тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг хүлээж байгаа юм.

Харин өчигдөр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн болон ажлын дэд хэсгийн гишүүд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус сургуулийн Захирал Б.Батсайхан "Нийт багшийн 70- 80 хувь нь мэргэжпийн багш нар байсан бол одоо есөн мэргэжлийн багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд багшийг мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх сургуульд хамруулах хүсэлтэй байгаагаа" хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа сургалтын үйл ажиллагаа явуулахад учирч буй бэрхшээлийн тухай мэдээлэл сонссоны дараа нэн яаралтай шийдвэрлэвэл зохистой асуудлуудын талаар хийсэн мэдээлэлдээ, "2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын барилга баригдах гэж байгаа нь олон хууль зөрчиж буй хэрэг.

Ёс зүйн хувьд ч монголын төр хүүхдийнхээ эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргах ёсгүй". гэсэн юм. Тиймээс энэ захирамжийг буцаах тал дээр анхаарч ажиллах аж.

ШИНЭ МЭДЭЭ