МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол буцааж төлүүлнэ
УИХ-ын гишүүн Б. ЭНХ-АМГАЛАН
2016.09.14
Улстөр

Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол буцааж төлүүлнэ

УИХ-ын гишүүн Б. ЭНХ-АМГАЛАНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулганы гол зорилго нь төсвийн тодотгол байлаа. Энэ удаагийн тодотгол чухам ямар онцлогтой байв?

Улс орны эдийн засаг туйлын хүнд байдалд орсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Валютын нөөц багассан байна. Интервенц хийж байгаа нь энэ гээд маш их хэмжээний мөнгө хэвлэж гаргасан байна. Мөн гадаад өрийн хэмжээ, бонд, вексель, Хөгжлийн банк, Монголбанкны гаргасан мөнгөнүүд эдийн засгийг хэвтүүлэхэд гол нөлөө үзүүлчихэж.

Ийм хүнд үед Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрөөс ямар ч байсан татвар нэмэхтэй холбоотой асуудлуудыг татаж авлаа. Дээр нь зарим нэг зардлыг танасныг буцааж тавилаа. Тухайлбал, төрийн зарим албан хаагчид олгодог 36 сарын цалингийн нэмэгдэл байлаа.

Цэргийн албан хаагчдын нөхөн олговрыг хасахааргүй боллоо. Гадаадад сурч байгаа оюутнуудын цалин, тэтгэмжийг хасахаар төсөл оруулж ирсэн. Үүнийг ч мөн хэвийн явуулахаар болсон. Түүнчлэн Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтаа нэмэхээр түлхүү ярьж байна. Тэр дундаа Хөгжлийн банктай холбоотой давхардсан төсвийг нэгтгэн оруулж ирсэн нь онцлогтой байлаа.

Өөрөөр хэлбэл, зарим газар вексель нэрээр нэг обьектийг хоёр төсөв дээр тавиулаад мөнгө авсан байдал харагдаж байна. Тиймээс эдгээрийг Төсвийн байнгын хороон дээр нэгтгэж орууллаа.

-Он дуусахад бага хугацаа үлдсэн учраас Засгийн газраас оруулж ирсэн саналуудыг УИХ хүлээж авсангүй юү?

Гурван сар яваад 2017 оны төсөв рүү орно. Тэр болтол Засгийн газар дотоод нөөц бололцоогоороо ажиллахаар болж байна. Миний хувьд ээлжит бус чуулганы үеэр 2-3 санал гаргасан. Тухайлбал, малын гаралтай түүхий эдийг экспортлох буюу татвараас чөлөөлөх асуудлыг хугацаатай болгох. Үнэхээр түүхий эдийн бөөгнөрөл үүсчихээд зарагдахгүй, үнэгүйдээд байгаа бол нэгээс хоёр удаа гаргаж болох юм.

Түүнээс хугацаагүй тавьж гаргавал эргээд Монгол Улсын эдийн засаг, Монголын үндэсний үйлдвэрлэлд том цохилт болно. 60 гаруй мянган тонн ноолуурыг зах зээлд нийлүүлж байгаа. Түүнийг түүхийгээр нь гаргаад байвал ноолуурын үйлдвэрүүд зогсохоос аргагүйд хүрч таарна.

Мөн 10 гаруй сая ширхэг арьс боловсруулж байгаа. Энэ бол дотоодын зах зээл, ялангуяа хүчний байгууллагуудын хувцас хунарыг хийх ажлыг арьс ширнийхэн нуруундаа үүрч яваа шүү дээ. Гэтэл үүнийг нь зогсоогоод хаячихвал оруулж ирсэн хөрөнгө оруулалт, авсан зээлүүдээ буцааж төлөх ямар ч бололцоогүй болно.

Мөн махныхан ч гэсэн нэмүү өртөг шингэсэн жигнэсэн мах, элэгний нухаш гээд эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр нь анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид түүхийгээр нь гаргаад байх шаардлагагүй гэдгийг салбарын сайдад нь хэлсэн. Энэ асуудалд Засгийн газрын тогтоолоор тодорхой хугацаа заах юм шиг байна лээ. ХХААХҮ-ийн сайдтай ярьж байхад ирэх оны дөрөвдүгээр сарын 1 гэдэг хугацаа хэлж байна. Гэхдээ энэ бол эдийн засагт түр зуур мөнгө эргүүлэх гэсэн л арга шүү дээ.

Нөгөө талаас бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэж харах хэрэгтэй байна. Ямар ч улсад ийм багаар бүтээгдэхүүн хуваасан гэрээ байдаггүй. Хамгийн багадаа л 40- өөс дээш байдаг. Тэгэхээр бид бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ хувийг нэмэгдүүлэх ёстой. Оюутолгойгоос татвар авах асуудлыг ч эргэж хөндөх ёстой. Алт, архи, тамхины татварыг ч нэмэх хэрэгтэй.

Тансаг хэрэглээ гэж яриад байгаа өндөр багтаамжийн мотортой машин хэрэглэдэг хүмүүсээс ч зохих татвар авах ёстой. Ингэж эдийн засагт бага ч болов мөнгө оруулахгүй бол нэг талаараа бид хасч танахгүй гээд байдаг. Гэтэл нөгөө талаараа эх үүсвэр байхгүй бол улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй учраас онцгой анхаарахыг сануулсан.

 -Энэ удаагийн тодотголын хүрээнд татвар нэмэх асуудал олны анхаарлыг багагүй татлаа. Үнэхээр эдийн засаг хүнд байна, үүнээс өөр гарц алга гэж Засгийн газар санал оруулж ирчхээд буцаагаад татчихлаа л даа. Энэ процессыг та хувь гишүүнийхээ хувьд хэрхэн дүгнэсэн бэ?

Татвар нэмэхгүй бол болохгүй нь, гэвч нөгөө талдаа эдийн засгийн ийм хүнд үед хэмнэлтийн горимд шилжихгүй бол болохгүй нь гэдэг зүйлийг ярьсан. Энэ саналыг зарим хүн багагүй улстөржүүлэх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН ард түмнийхээ халаас руу гар дүрж байна, амлалтаасаа буцаж байна. Баахан хүнийг ажилгүй болгох нь гэж ч ярилаа шүү дээ.

Эцсийн дүндээ бид аль болох хэмнэлттэй л ажиллах ёстой. Гэхдээ энэ хүнд үед татвараар төсвийн орлогыг бүрдүүлэх нь оновчтой шийдэл биш юм гэж үзсэн. Тэгээд ч татварын орлогоос тийм их хэмжээний мөнгө төвлөрөхгүй. Тийм учраас үүний оронд хариуцлагын асуудлыг сайн ярья гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, үргүй зарсан мөнгийг эрж хайя гэж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтэд гаргасан 490 сая ам.долларыг ямар замаар гаргачихав, “Чалко"- гийн өрийг төлөөд байна гэсэн атлаа яагаад өр нь дундраагүй байдаг юм. Энэ мэтчилэн улсын төсвийг үргүй зарсан ажлуудыг эргэн харж, үнэхээр зориулалтын бусаар зарсан байдаг юм бол буцааж төлүүлэх асуудлыг маш яаралтай зохион байгуулж, ярих хэрэгтэй байна. Цаашдаа энэ тал дээр багагүй ажил өрнөх байх.

-Иргэдээ, нийгмээ сонссон ч төсвөө өргөн утгаар нь харсан бол татвар нэмэх нь буруу шийдэл байгаагүй гэдэг зүйлийг зарим эдийн засагч хэлээд байгаа л даа?

Тийм биш. Бидний буцаан татсан гол шалтгаан нь амьдрал нь хэцүү байгаа хэсэгт татвар нэмэхгүй гэдэг байр суурийг л барьсан. Жишээлбэл, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, төрийн албан хаагчид болон орлого багатай иргэдэд татвар нэмж хүндрэл үүсгэхгүй, дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдээ татвараар дарамтлахгүй л гэж бодсоных.

Харин алт юмуу согтууруулах ундаа, тамхи, тансаг хэрэглээн дээр заавал татвар тавих ёстой гэж үзэж байгаа юм. Ингэж орлогоо бүрдүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Ерөөсөө татвар авахгүйгээр улс эх орныг сайхан болгоно гэдэг ойлголт байхгүй. Мөн нефть бүтээгдэхүүн дээр ч гэсэн ярих ёстой.

Бид татварыг нь буулгаад байгаа атлаа үнэ нь буурахгүй байгаа бүтээгдэхүүн бол нефть болчихоод байна. Мөн алтны тухайд татвар байх ёстой гэж би хардаг. Татвар нэмэхгүй байлаа гээд хууль бусаар хилээр гаргахгүй байна гэж байхгүй. Нэгэнт эргэн төлждөггүй баялгийг гаргаж байгаа, байгальд нь нөхөн сэргээлт явуулахгүй нөхцөл байдаг учраас алтны татварыг нэмэх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-Тэгэхээр 2017 оны төсөвт таны хэлсэн татваруудыг нэмэх нь гэж ойлгож болох уу?

Энэ оны төсвийн тодотголд нэмсэнгүй. Харин ирэх оны төсөвт дээр дурдсан татваруудыг нэмэхээс аргагүй. Тэгэлгүйгээр төсвийн орлогыг бүрдүүлэхэд маш хэцүү.

-Эдийн засаг өнөөдрийн төвшинд хүртлээ муудсаныг өмнөх Засгийн газрын буруу бодлого, алдаатай шийдвэр,үрэлгэн зардлуудтай холбон тайлбарлаж байгаа. Гэтэл нөгөө талдаа хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй байх л даа?

Ер нь хэрэг хуучирдаггүй гэдэг шүү дээ. Гэхдээ үүнийг бид шалгадаг юм биш, УИХ-ын гишүүд болон Тамгын газарт шалгаж шүүх эрх байхгүй. Харин бид энэ асуудлыг гаргаж тавина, мэргэжлийн байгууллагууд нь үнэн мөнийг тогтоох байх. Одоо УИХ-д танилцуулж байгаа мэдээнээс харахад сэтгэл гонсойлгомоор, улс орны сан хөмрөг рүү хоноцын сэтгэлээр хандсан байдал харагдаад байна шүү.

Тиймээс энэ бүхнийг шалгаж тогтоох хэрэгтэй. Үүний дүнд үнэхээр төсвийн сахилга батыг зөрчсөн, мөнгө төгрөг шамшигдуулсан, авлигын шинжтэй зүйл байвал шалгахаас өөр аргагүй. Харин хариуцлагын асуудал эзэнгүй болчихсон юм биш шүү. Өмнөх Засгийн газрыг тэргүүлж байсан нөхөд Төрийн ордонд суугаагүй болохоос улс эх орондоо байж л байгаа шүү дээ. Энд нэг жишээ татахад, векселиэр мөнгө аваад нэг обьектийг хоёр талаас нь санхүүжүүлсэн байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, баригдчихсан барилгыг хоёр өөр төсвөөс санхүүжүүлчихсэн баримт гарч ирээд байна. Энэ бол яалт ч үгүй хариуцлагын талаар ярихаас аргагүй байгаа биз. Нэг ёсондоо идэх хоолоо хоёр дахин худалдаад авчихсантай л адил байхгүй юу. Ийм зүйлүүдэд анхаарал хандуулж, засч залруулах шаардлага, хэрэгцээ байна. Энэ бүхнээс харахад өнгөрсөн парламентын үед төсвийн сахилга бат бүрэн алдагдсан байжээ л гэж хэлэх гээд байна.

-Одоогоор энэ мэт тодорхой зүйлүүдийг шалгуулж тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан зүйл бий юү. Энэ талаар чиглэл өгсөн үү?

Ер нь байнгын хороод дээр энэ талаар их ярьсан. Дээрээс нь бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүд хэлж байгаа. Хариуцлагын тогтолцоог цаг алдалгүй ярих хэрэгтэй гэж. Бид хуулийн байгууллагад яаралтай хандахгүй бол иргэд, олон нийтийн зүгээс МАН- ынхан цуг байсан учраас биенээ хаацайлаад шалгаж, хариуцлага тооцож чадахгүй байна гэх мэт ташаа ойлголт яваад байна л даа.

Харин бодит байдал дээр тухайлбал, манай намын бүлэг дээр хэрвээ хууль зөрчсөн аливаа үйлдэл байвал хуулийнхан шалгаж тогтоох ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа. Нөхцөл байдал нь юу болсныг УИХ, байнгын хороод дээр эргэж танилцуулах үүргийг өгчихөөд байна.

-Өрийн босго аль хэдийнэ хуулийн хязгаар давчихсан. Өнөөдрийн байдлаар 88 хувьд хүрсэн гэж байна. Цаашдаа өрийн босгыг хязгаарлах талаар ямар арга хэмжээ авах вэ. Улам л нэмэгдэх төлөвтэй байна гээд байна?

Бидэнд өгч байгаа мэдээллээр өрийн босго 80 хол гарсан гэх байна. Гэхдээ эцсийн байдлаа) тогтоогдохгүй байна л даа. Учир| нь төсөв нэгдсэн байгаагүй. Дөрвөн өөр төсөвтэй байсан учраа нэгдсэн тоо гардаггүй.

Одоо бид эн бүхнийг нэгтгээд эцсийн байдлаа тоо гаргах хэрэгтэй байна. Ингэхгүй бол зарим нь өөртөө зориулж то зохиочихоод яваад байна шүү дээ Цаашдаа нэгдсэн тоог гаргасны  дараагаар хэрхэн буулгах, хуулий хэмжээнд барих талаар анхаар ажиллахаас өөр гарцгүй.

-Төрийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг хасах асуудлыг төсвийн тодотголоор хөндсөн нь багагүй маргаан дагууллаа Тэр дундаа цэргийнхний дунд бужигнаан үүссэн байна лээ?

Тушаалаар амьдардаг буюу цол, мөрдөстэй хүмүүсийн тэтггэмжийг хасч болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа илэрхийлсэн. "Мэдлээ, гүйцэтггэсэн үүрэгтэй, “Монгол Улс төлөө зүтгэе" гэсэн тангараг хүмүүсийг Монголын төр орхиж болохгүй.

Цалин, хангамжийн хувьд өндөр биш шүү дээ. 36 сар тэтгэмжээрээ л амьдрал ахуй залгуулдаг хүмүүс. Энэ бол Монгол Улсын төлөө зүтгэснийх нь төлөө төрөөс өгч байгаа нөхөн олговор юм. Тиймээс үүнийг бид буулгаж болохгүй.

-Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг хассан, хүүхдийн 20 мянгыг ч мөн ялгавартай олгохоор болж байх шиг байна. Эдгээрийн эргэж харах шаардлагагүй гэж үзсэн үү?

Хүүхэд бүрт мөнгө олгох байр сууринаасаа МАН ухраагүйг тодотгоё. Гэхдээ эхний ээлжид зорилтот бүлэгтээ өгье, цаашдаа эдийн засаг сэргэхээр хэвийн журамд нь оруулъя гэж байгаа юм. Харин оюутны 70 мянгын тухайд хавтгайруулж олгохгүй байх ёстой гэж л үзээд байгаа.

Өөрөөр хэлбэл, шалгуур үзүүлэлт тавих, Тухайлбал, онц сурч, үр бүтээлтэй байгаа хүүхэд юм уу амьжиргааны төвшин доогуур орлоготой айлын хүүхэд юм уу тодорхой зорилтот бүлэгт хандсан шийдвэрийг Монголын төр гаргах ёстой гэж тооцож байгаа.

-Ээлжит бус чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

Ээлжит бус чуулган хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг эцэслэсэн. Их хүнд нөхцөлд, татуу төсвийг тал бүр тийш хүргэх гэж эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх гэж л үзлээ дээ.

Ямар ч байсан үүргээ гүйцэтгэлээ. Гэхдээ бид цаашдаа их хариуцлагатай ажиллах, Монгол Улсын санхүүгийн сахилга батад онцгой анхаарах цаг ирж байна. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд АН-ынхан бүх зүйл сайхан байгаа л гээд байсан. Гэтэл булавч бултайж, даравч далдайна гэдэг болж байна.

Аль юм болгон дэлхийн хамтын нийгэмлэг, ард түмнээсээ нуух вэ дээ. “Сайхан, гоё байсан, эдийн засаг сэргэсэн" гэж өнгөрсөн хугацаанд хангалттай л худлаа ярилаа шүү дээ. Бодит байдлыг нь бид хангалттай харлаа. Одоо бид эрүүлээр сэтгэх ёстой, бодит байдлыг танилцуулаад ийм засаг авсан, үүнээс хойш ингэж өөрчилнө гэдэг зарчмын байр сууриа л дор бүрнээ илэрхийлж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ