“Даян дэлхийн ногоон хөгжлийн долоо хоног-2016 ” арга хэмжээнд оролцлоо
2016.09.14
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

“Даян дэлхийн ногоон хөгжлийн долоо хоног-2016 ” арга хэмжээнд оролцлоо

Даян Дэлхийн Ногоон хөгжлийн байгууллагаас энэ сарын 5-9-ны өдрүүдэд Солонгосын Чэжү аралд “Дэлхийн Ногоон Хөгжлийн Долоо Хоног” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд  БОАЖ-ын  дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан төр, хувийн хэвшил, ТББ-ын төлөөлөл оролцсон юм. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (ДДНХБ) нь эдийн засгийн өндөр үзүүлэлт, нийгмийн тэгш эрхт байдал, байгаль орчны тогтвортой байдалд нэгэн зэрэг хүрэх хөгжлийн хувилбар болох ногоон хөгжил рүү шилжихэд хөгжиж буй болон хурдтайгаар хөгжиж байгаа орнуудад туслалцаа үзүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага юм.

Монгол Улс нь хөгжлийн хандлагаа ногоон болгох үйл явцаа хурдасгахын тулд ДДНХБ-н туслалцааг авахаар зорьсон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллагын идэвхитэй гишүүн орнуудын нэг юм.

“Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Долоо Хоног”-ийн үеэр гишүүн орнуудаас  есөн оронд зориулан тусгайлсан хөтөлбөр зохион байгуулсан юм. Үүний хамгийн эхнийх нь Монгол Улс байлаа. Хөтөлбөрийг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар үг хэлсэн.

Мөн тус яамны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, олон улсын  хамтын ажиллагаа” сэдэвт илтгэл тавьсан. Мөн хувийн хэвшлийг төлөөлж  Монголын Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, Банкны холбооны дэд ерөнхийлөгч  Д.Төмөрхүү  нар илтгэл тавьлаа.

 Тав хоног үргэжилсэн энэхүү арга хэмжээнд төр засгийн өндөр дээд албан тушаалтан, олон улсын хөгжлийн банкууд, олон улсын байгууллагуудын удирдлага, хувийн хэвшлийн лидерүүд, олон улсын эрдэмтэд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 600 гаруй хүн оролцов. Хуралдаанаар сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт, ногоон технологи болон нийгмийн оролцооны улс орнуудын тусгайлсан салбар хуралдаан, хэлэлцүүлэг болсон юм.

Тухайлбал,  Олон улсын хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэг, ногоон санхүүжилтийн талаар хэлэлцэх өндөр түвшний уулзалтууд,Ногоон технологи, инновацийн үзэсгэлэн, туршлага, мэдлэг солилцох, хамтын ажиллагаа, түншлэл тогтоох үйл ажиллагаанууд,Гишүүн орнуудын сайдуудын түвшинд зохион байгуулагдсан ДДНХБ-ын Ерөнхий Ассамблей болон Удирдах Зөвлөлийн хурлууд боллоо

ШИНЭ МЭДЭЭ