АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Даатгалын салбарынхан нэгдсэн ойлголцолд хүрлээ
"Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ" сэдэвт сургалтын үеэр
2016.10.03
Эдийн засаг, Худалдаа

Даатгалын салбарынхан нэгдсэн ойлголцолд хүрлээ

Дөрвөн өдөр үргэлжилсэн сургалт дууслаа. “Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ” сургалтын үр дүнд сургалтад хамрагдагсад нэгдсэн шийдэлд хүрч, номын дуу сонссоноо илтгэх сертификат гардан авсан юм.

Сургалтын сүүлийн өдөр болох 9 дүгээр сарын 29-нд өмнөх гурван өдөр болсон салбар сургалтуудаас олж авсан мэдлэг, гаргасан саналаа тус бүр нэгдэж, нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Хун Чоль, орчуулагчийн хамт, Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангийн дарга Т.Шинэцэрэг

Тухайлбал, “Албан журмын даатгал” салбар хэлэлцүүлэгт “Монгол даатгал”, “Мөнх даатгал”, “Монре даатгал” компаниудаас ирсэн төлөөлөгчид бодлогын түвшний томоохон асуудал гэхээсээ илүү практикт өдөр тутам тулгардаг зарим бэрхшээлийн талаар дурдаж байлаа. Хэлэлцүүлэгт БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбоо, Койка олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, сургалтад хамрагдагсдын сонирхсон асуултад харилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцсон.

Хохирол үнэлэгчид нь өмнөх даатгалын тохиолдлыг одоогийн даатгалын тохиолдолтой хамтад үнэлэх байдал ажиглагддаг байна. Энэ тохиолдолд саяын ослоос биш өмнөх ослоос шалтгаалсан хохирол байна гэдгийг яаж илрүүлдэг талаар Солонгосын тал туршлага хуваалцлаа. Хохирол үнэлэгч нь өмнөх болон одоо гарсан даатгалын тохиолдлыг хооронд сайтар ялгаж, салгах ёстой. Купер нь гэмтсэн тохиолдолд энэ нь саяынх байна уу, өмнөх ослын улмаас гэмтсэн эсэхийг нотолж, үнэн зөв үнэлгээ гаргаж өгөх ёстой. Хохирол үнэлэгчийг үнэн зөв ажилласныг үнэлэн даатгалын компаниас урамшуулал олгодог байна. Хэрэв хохирол үнэлэгч буруу үнэлсэн тохиолдолд гарсан хохирлыг төлж барагдуулах, тусгай зөвшөөрлөө хураалгах, шүүхээр шийтгүүлэх хүртэл арга хэмжээ авахуулдаг байна.

Өөр нэг туршлага бол хохирол үнэлэгчийг өөрийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж гарсан алдааны улмаас эрсдэлд оруулахгүйн тулд хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөл хүсэхдээ Санхүүгийн зохицуулах хороондоо барьцаа өгдөг. Ингэснээр хохирол үнэлэгч эрсдэлд орлоо гэхэд барьцаа хөрөнгө-сангаасаа мөнгө гаргуулдаг байна.

Сургалтад оролцогчид: Санхүүгийн зохицуулах хороо, Монгол даатгал, Монре даатгал, Мөнх даатгал, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, "Койка"-гийн төлөөлөл

Манай улсад даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд чанга хатуу хууль, дүрэм сахиулах шаардлагатай байгааг Солонгосын тал хэлсэн. Монгол, Солонгос хоёр улсын даатгалын тогтолцоо, хөгжлийн загвар хоорондоо ялгаатай болох нь хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн бөгөөд манайд даатгалын компани, хохирол үнэлгээний компани хоёул бие даасан, өөр өөр чиг үүрэгтэй байдаг бол Солонгост даатгалын компанид хохирол үнэлэгч ажилладаг эсвэл даатгалын компаниуд дундаа нэг хохирол үнэлэгч компанитай байх, энэ хоёр шатны хохирол үнэлэгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 3 дахь буюу хяналтын шатны хохирол үнэлэгчид ханддаг байна. 1,2-р шатны хохирол үнэлэгчийн үйлчилгээний хөлсийг даатгалын компаниуд төлдөг бол 3 дахь шатаар шалгуулахыг иргэн өөрөө хүсдэг учраас үйлчилгээний хөлсийг ч мөн иргэн өөрөө хариуцдаг байна. Хохирол үнэлэгч нь хараат бус, үнэнч шударга, ёс зүйтэй ажиллах ёстой бөгөөд осол гаргасан этгээд ч худал мэдүүлэг өгсөн тохиолдолд гарсан хохирлыг гурав дахин нугалж төлөх хариуцлага ногдуулдаг гэдгийг Солонгосын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Хун Жоль хэлж байлаа.

Манай даатгалын тухайд, хохирол үнэлэгч буруу үнэлсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй бөгөөд буруу үнэлсэн байна гээд даатгалын компани дээр ирж, өгсөн мэдээллээ өөрчлүүлдэг тохиолдол нэг биш удаа гарч байсныг Монгол даатгал, Мөнх даатгал, Монре даатгалын хэлж байлаа. Мөн өмнөх даатгалын тохиолдлоор нөхөн төлбөр гаргуулж авчихаад машинаа засуулаагүй байж байгаад дахин даатгалын тохиолдол гаргадаг жолооч нар байдгийг хэлээд хохирол үнэлэгчтэй тохиролцон, өмнөх, шинэ тохиолдлоо хамтад нь үнэлүүлэх тохиолдол гардаг, энэ нь даатгалын компанид хохиролтой болохыг хэлсэн.

Манайд жолооч даатгалын тохиолдол гаргалаа гэхэд хохирол үнэлэгч компаниа жолооч өөрөө сонгодог байна. Энэ нь жолооч, хохирол үнэлэгч хамтран буруу үнэлгээ хийх эрсдэл үүсгэж байгааг хэлсэн. Тиймээс даатгалын өмнөх, шинэ даатгалын тохиолдлыг үнэн зөв ялгаж, салгах чадвартай хохирол үнэлэгчидтэй байх, буруу үнэлгээ гаргалаа гэхэд хариуцлага тооцдог байхыг даатгалын компаниуд хүсч байна. Хохирол үнэлэгчийн үйлчилгээний хөлсийг жолоочийн хариуцлагын даатгалын сангаас гаргуулдаг байна.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Олон улсын байгууллага “Койка”-гийн мэргэжилтэн Чан Жүн Таг албан журмын даатгал хөгжихийн хэрээр хувийн даатгалууд хөгждөг. Учир нь заавал даатгуулдаг болсноор даатгалын ач холбогдлыг улам сайн ойлгодог учраас хүний амс нас, эрүүл мэнд зэргээр албан журмын даатгалыг төрөлжүүлэхийн чухлыг хэллээ. Одоогийн манай санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд нь богино хугацааных бөгөөд даатгалын тохиолдлууд гарах болгонд хуримтлагдсан мөнгө тэр дороо нөхөн төлбөрт зориулагддаг учраас даатгалын салбар хөгжихгүй, санхүүгийн зах зээлд эзлэх хувь нь өсөхгүй байна гэж тайлбарласан юм. Тиймээс Монгол Улсад 9 төрлийн албан журмын даатгал хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тэрээр олж харсан байна. Түүний дотор гадаад ажиллах хүч болон гарч буй иргэдээ заавал даатгалд хамруулж, болзошгүй эрсдлээс хамгаалах хэрэгтэйг онцолсон. Мөн хавдрын өвчлөл өндөртэй өнөө үед эрүүл мэндийн урт хугацааны албан журмын даатгалыг хэрэгжүүлснээр өвчнөө эдгээх нөхөн төлбөр хангалттай авч болно гэдгийг хэллээ.

Энэ үеэр “Албан журмын даатгагчдын холбооны Мэдээллийн сан”-гийн дарга Т.Шинэцэрэг өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм. 

Т.Шинэцэрэг: “БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбоо”, “Хохирол үнэлэгчдийн холбоо”, “Албан журмын даатгагчдын холбоо” хамтран зохион байгуулсан энэхүү сургалт 2 дахь жилдээ болж байна. Монголын даатгалын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль журамд нийцүүлэн ажиллахад туслах, мэдлэг, мэдээллийн томоохон хөрөнгө оруулалт боллоо. Салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал нь салбарын хөгжлийг ахиулах амьдралд ойр, шийдэхээс өөр аргагүй саналууд гэж үзэж байна.

Албан журмын даатгалын хүрээнд зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаар хязгаарлагдахгүй эмч, хуульч, нотариач гэх зэргээр мэргэжлийн хариуцлагын даатгалууд төрөлжих шаардлагатай байна. Жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тийм учраас иргэд даатгалын тухай тодорхой мэдлэгтэй болсон, даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ ч сайжирч байна. Мэргэжлийн хариуцлагын даатгалууд хэрэгжүүлээд эхэллээ гэхэд анхдагч хөрс суурь тавигдсан, нийгмийн зүгээс ч эсэргүүцэхгүй болов уу гэж бодож байна.”

Салбар хэлэлцүүлгүүдээс гарсан нэгдсэн санал:

-Даатгалын мэргэжилтэн, хохирол үнэлэгчдийг мэргэшүүлэх

-Даатгалын хохирлын үнэлгээний нэгдсэн сантай болох

-Хохирлын үнэлгээний бие даасан хуультай болох

-Төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээ мэдээллээ харилцан солилцох

“Албан журмын даатгал” салбар хэлэлцүүлгээс гарсан санал

-Хохирлын үнэлэгчдийг хариуцлагажуулах

-Даатгалын компаниуд хохирлын үнэлгээний нэгдсэн сантай болох

-Даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хувь хүнд гаргаж өгөх биш авто засварын газарт мөнгийг шилжүүлдэг болох

-Өмнөх даатгалын тохиолдлыг одоогийнхтой хамт үнэлдэг байдлыг таслан зогсоох, даатгалын тохиолдол болсон газар дээр очиж хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох этгээдийг нарийн тодорхой болгох

-Мэргэжлийн холбоод, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах

-Хуурамч даатгалын тохиолдлыг илрүүлэх

-Хохирол үнэлэгчдийг төрөлжүүлэх

“Хохирол үнэлгээ тооцох арга аргачлал, жишээ” салбар хэлэлцүүлгээс гарсан санал

-Хохирлын үнэлгээний шинэ нэр төрлийг бий болгох, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр зэрэг хохирлыг үнэлдэг болох

-Хохирол үнэлэгчдийн мэргэжил, боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, урт хугацааны сургалтуудад хамруулах

-Үнэлэгчдийг зэрэглэлтэй болгох, дадлагажих хугацааг хамгийн багадаа 2 жил заасныг 6 сар болгон өөрчлөх

-Үнэлэгчдийг төрөлжүүлэх биш бүх төрлийн хохирлын үнэлгээ хийх чадвартай болгох

-Шүүх, цагдаа, сэргийлэх, эрүүл мэнд зэрэг төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээ мэдээлэл солилцох

-Хүний бие эрхтэнг даатгадаг тогтолцоо руу орох

-Хохирлын үнэлгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бол заавал мэргэжлийн холбоонд гишүүнээр элссэн байх

-Хохирлын үнэлгээний тухай бие даасан хуультай болох, хуульд шинэ тутам хөгжиж буй даатгалын нэр төрөл, тохиолдлуудыг нарийн тусгах, хохиол үнэлэгчдийн ёс зүйтэй байх

-Урт хугацааны сургалтууд хамрагдах

-Даатгалын тохиолдол, хохирлын үнэлгээний талаар мэдээллийн нэгдсэн бааз суурьтай бий болох

“Хууль эрх зүйн зохицуулалт” салбар хэлэлцүүлгээс гарсан санал

-Хохирлын үнэлгээний чиглэлээр бие даасан хуультай болох

-Жолоочийн даатгалын тухай хуулийн 16,1-д “...Хууль ёсны даатгагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй...” гэж заасныг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй учраас өөрчлөлт оруулах

-Хохирлын үнэлгээний үндэсний стандарт, даатгалын хохирлын үнэлгээний аргачлалыг мэргэжлийн холбоод боловсруулах

-Даатгалын компанийн мэргэжилтэн, хохирол үнэлэгчдийг мэргэшүүлэх, сургалт явуулах боломжоор хангах, зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод өгөх

-Санхүүгийн зохицуулах хорооны 407 тоот тогтоолыг улам тодруулах

-Даатгал, үнэлгээний компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаж, үнэн зөв хохирлыг бууруулж буй эсэхийг тодруулах

Даатгалын тохиолдлууд тэр дундаа хөрөнгөтэй холбоотой асуудлаар хөрөнгийн бүртгэл хийж байх

-Мэргэжлийн холбоодын хүрээнд арга аргачлал, заавар зааварчилгааны талаар шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх /мэргэжлийн холбоод боловсруулах/

-Мэдээллийн сантай холбох

-Жолоочийн хариуцлагын тодорхойлолтыг бүрдүүлэх зааврыг шинэчлэх

Сургалт, салбар хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгдэн бодлогын баримт бичиг болгож, Санхүүгийн зохицуулах хороо, Хохирол үнэлэгчдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн төлөөллүүдэд илгээхээ зохион байгуулагчид хэллээ. Ийнхүү сургалтад хамрагдагсад сорил, шалгалт өгч, сургалтад сууж, мэргэжил дээшлүүлснээ батламжлах сертификат гардсан авснаар арга хэмжээ өндөрлөлөө. 

ШИНЭ МЭДЭЭ