Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өглөө
2016.10.07
Улстөр

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өглөө

УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өгөх ёслол өнөөдөр /2016.10.06/ Офицеруудын ордонд боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ХХЕГ, ОБЕГ, цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд оролцов.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр уг ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болсон салбарын багц хуулийг шинэчилсэн хувилбарыг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид болон уг хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахын төлөө зүтгэл гарган ажилласан УИХ-ын гишүүд, ҮАБЗ, БХЯ, ХХЕГ, ОБЕГ болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаныханд талархлаа илэрхийллээ. Тэрбээр, Батлан хамгаалах салбарын багц хуулийг баталсан нь энэ салбарт нэгэн шинэ үеийг нээж, улс орны батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгож байгаагаараа чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлов.

Дараа нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулж өглөө.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэхүү багц хуулиар батлан хамгаалах тогтолцоог зөвхөн цэргийн арга хэмжээгээр хязгаарласан ойлголтоос өргөн хүрээгээр тодорхойлсон нь томоохон шинэчлэл болсныг онцлоод энэ салбарт алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн олон чухал зүйл, заалт тусгагдсанд тус салбарынхан талархалтай байгааг илэрхийллээ.

Энэхүү ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах салбарын багц хуулиа гардан авч байгаа тус салбарын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, батлан хамгаалах тогтолцооны үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа гэсэн өөр хоорондоо нягт уялдаатай гурван тулгууртай байх асуудлыг анх удаа хуульчиллаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.

ШИНЭ МЭДЭЭ