МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ
2016.10.12
Орон нутгийн хөгжил

УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар Төв аймагт ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд анхдугаар болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны талаар танилцуулж, энэ хугацаанд Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өглөө. Үргэжлүүлэн тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувь байсан бол энэ оны эцсээр ердөө 0.1-0.6 хувьтай гарах магадлалтай байгаа талаар дуулгаад олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар анхаарал хандуулж ажиллах талаар сануулж байгааг хэллээ.

Улсын Их Хурал 2016 оны улсын төсвийн алдагдлыг 3.4 хувь байхаар тооцож тогтоол, шийдвэр гаргасан ч өнөөдөр 18.2 хувьд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн жилийн дотор 4.6 тэрбум ам.доллароос 186 сая ам.долларт хүрч 25 дахин буурсан, банк санхүүгийн байгууллагуудын өр, найдваргүй зээллэгийн хэмжээ өссөн байгаа. Улсын өрийн хэмжээ ДНБ-ийн 55 хувиас илүүгүй байхаар хуульчилсан хэдий ч өнөөдөр Монгол Улс ДНБ-ийнхээ 88 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байгаа аж.

Улсын өрийн хүүгийн төлбөрт жилд 1 их наяд төгрөг төлж байгаа бөгөөд үүнд Засгийн газар үнэлэлт, дүгнэлт өгч 2017 оны улсын төсвийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг иргэдэд танилцуулав. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа бөгөөд ирэх онд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгааг дуулгасан. 

Эдийн засгийн энэ хүнд байдлыг иргэдийн ачаа болгохгүйгээр, бизнесийн орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр даван туулах бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газар баримталж, онцгой анхаарч байгааг Төв аймгийн иргэдэд Улсын Их Хурлын дарга танилцуулсан. ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлогуудыг авч хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал, малын гаралтай түүхий эдийг экспортлоход ногдуулсан гаалийн татварыг тэглэн, хөдөө аж ахуйн түүхий эдийг экспортлохыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний үр дүнд арьс ширний үнэ өсч, малчдын орлого бодитоор нэмэгдсэн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцолж байв.

Төр засгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа, энэ салбарт төрөөс дэмжлэг үзүүлдэг хөрөнгийн хэмжээг 54 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгагдсан байгаа юм байна. Хүндрэлийг даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэЭдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого бүхий тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал ээлжит бус чуулганы хугацаанд баталсан болохыг Төв аймгийн иргэдэд Улсын Их Хурлын дарга танилцуулсан.

Энэ хүрээнд орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр, газар тариаланг дэмжих “Атрын -III аян”, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн, экспортын баримжааг дэмжих, “Мах, сүүний анхдугаар аян”-ы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн томоохон төслүүдийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар, газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлтийн талаар танилцуулсан юм. Ирэх онд 78718 ахмадад “Насны хишиг” тэтгэмжийг олгоно Мөн Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы эхэнд бизнесийн салбарын эрх зүйн орчныг сайжруулсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар дуулгалаа. Мөн тэрбээр төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, нийгмийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Төсөвт төвлөрүүлэх орлогоо давуулан биелүүлж, зардлаа хэмнэсэн тохиолдолд уг хөрөнгийг орон нутгаа хөгжүүлэхээр зарцуулах эрхийг орон нутгийн удирдлагууд олгох зохицуулалт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байна.

Ахмад настнуудад үзүүлэх халамж, нийгмийн үйлчилгээг сайжруулах хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн нэн тэргүүнд 70-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа 100-300 мянган төгрөгийн тэтгэмжийг олгоно. Энэ хүрээнд ирэх оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгасан тул 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 78718 ахмад “Насны хишиг” авах юм байна. 

Мөн их дээд сургуульд суралцагчид, тэдгээрийн ар гэрт эдийн засгийн бодит дэмжлэг болох нэгэн шийдвэрийг онцгойлон танилцуулав. Оюутнуудад төлбөрийн зориулалтаар зээл олгох “Боловсролын сан”  байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлээд байгаа бөгөөд энэ онд 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Харин 2017 онд 101.5 тэрбум төгрөгийг оюутнуудын сургалтын төлбөрийн зээллэгт зарцуулахаар төсөвлөжээ.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг 2016 оны төсвийн хүндрэлтэй холбоотойгоор түр цуцлаад байгаа хэдий ч 2017 онд уг зохицуулалт урьдын адил хэвийн үргэлжлэх юм байна. Орон сууцны ипотекийн зээлийг үргэжлүүлэн олгох бөгөөд хамрах цар хүрээг нэмэгдүүлэх шийдвэр гарснаар 100 м2 хүртэлх хэмжээтэй орон сууц худалдан авсан иргэдэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах бололцоо бүрджээ. 

Танилцуулга, мэдээллийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч төр засгаас ард иргэд, ахмад настнууд, хүүхэд залуус, гэр бүлийг дэмжсэн нийгмийн чиглэлийн бодлого, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр байх болно” хэмээн онцоллоо. Улсын Их Хурлын даргын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Төв аймгийн иргэд асуулт асууж, хариулт аван чөлөөт ярилцлага өрнүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр иргэдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа хүүхэд харах үйлчилгээтэй биечлэн танилцсан бөгөөд шалгалтын үеэр хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн зөрчлүүд олон гарч байсныг хэлж байв. Тиймээс энэ төрлийн үйлчилгээний зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс холбогдох хуулийн хэрэгжих хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан нь зөв шийдвэр байсныг тэрбээр онцоллоо.

Ахмад настнуудад олгох “Насны хишиг” тэтгэмжийн хамрах цар хүрээг нэмэгдүүлэхээр салбарын яам судалж, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 60 хүртэлх насны ахмадуудыг хамруулах талаарх судалгаа хийж байгаа гэв. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ахмад настнуудын нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төслүүд боловсруулж байгааг Н.Номтойбаяр сайд Төв аймгийн иргэдэд дуулгасан 

ШИНЭ МЭДЭЭ