МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан маргааш үргэжлүүлэхээр болов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2016.10.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан маргааш үргэжлүүлэхээр болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.25/ хуралдаан 16:08 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/-ийн хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг Ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан “Төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 255 дугаар тушаал, “Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 256 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны 342 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг шалгуулах албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлыг судалж, хийсэн дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулж байгаагаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын тал худалдан авсан асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах вий гэдэг болгоомжлол олон нийтэд байгаа учир энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгааг хэлэв.

Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтэд ”Үндсэн хуулийн цэц дүгнэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яаманд шалгуулахаар өгсөн” гэх зэргээр дурджээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь төрийн өмчит стратегийн орд учир хуулиараа Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхийг тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын тал худалдан авсан үйл явц нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргах эрх зүйн зохицуулалттай.

Түүнчлэн албан тушаалтантай холбогдолтой хэргийг АТГ шалган, тогтоох хуулийн заалттай, энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам уг асуудлыг шилжүүлсэн хэмээн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм.

 

Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг ОХУ-ын “Ростех” улсын корпорациас 2016 оны тавдугаар сарын эцсээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдахтай холбоотой саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Уг асуудал нь нууцын зэрэглэлтэй байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцсэн.

Тухайн үед Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох хугацаа ойртсон байсан, мөн Ташкент хотноо Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүнүүд гурав талт уулзалт хийх гэж байсан, “Ростех” улсын корпорациас богино хугацаанд шийдвэр гаргахыг шаардсан зэрэг нөхцөл байдлаас үүдэн Засгийн газрын тэргүүний хувиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх уг саналыг шийдвэрлэсэн талаараа тайлбар хийсэн юм.

Мөн тэрбээр “Тухайн үед Засгийн газрын хуралдааны үеэр асуудлыг УИХ-д оруулж танилцуулах ёстой гэдэг байр суурийг би илэрхийлж байсныг Та бүхэн хуралдааны тэмдэглэлээс харж болно” хэмээсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон.

Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн хэмээн Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг хариулт өгсөн юм.  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон дээрх үйл явцад Худалдаа хөгжлийн банк ямар оролцоотой байсан талаар тайлбар өгөхөөр Байнгын хорооны хуралдаанд оролцож буйгаа тодотгож байлаа.

“Монголын зэс” корпорациас  тус банкинд Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахтай холбоотой асуудлаар үйлчилгээ авах хүсэлтийг ирүүлсний дагуу Худалдаа хөгжлийн банк зөвлөх болон санхүүжилтийн үйлчилгээ үзүүлсэн гэв.

Үйл явц Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн болсон бөгөөд холбогдох газрууд богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага үүссэн байсан тул Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргасан талаар мэдээлэл өгч байв.

 

Хуралдаанд оролцогчид, Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээсээ татгалзсан шалтгаанаа цаг хугацааны хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байгаа, холбогдох баримтууд үүнийг нотолж байгааг хэлээд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн түвшний асуудлыг 2012 онд байгуулагдсан “Монголиан Коппер Корпорейшн” ХХК санаачлан хэлэлцэн, Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдахтай холбоотой ОХУ-ын холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэн, Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан асуудлуудаар тодруулж байсан юм.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын аж ахуйн нэгжид худалдсан гэрээнд 18 сарын хугацаанд уг эрхийг гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд Оросын талд 100 сая ам.долларын торгууль төлөх заалт оруулсан талаар асууж байв. Байнгын хороодын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар хариулт өгсөн юм.  Хууль зүйн байнгын хороо энэ өдөр цаг сунган хуралдсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа нь Орхон аймгийн нийт иргэдийн амьжиргаатай шууд холбоотой болохыг онцлоод 49 хувийг худалдан авсан аж ахуйн нэгж энэ хэрээрээ нийгмийн хариуцлага хүлээх болж байгааг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монголын мэдэлд ирээд байгаа нь чухал. Нөгөөтэйгүүр тус үйлдвэр 109 сая ам.долларыг зээлд баталгаа гаргасантай холбоотой асуудал Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж байгаа, мөн худалдааны гэрээ зөрчсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний торгуулийн төлбөр төлөх үүрэгтэй.

Цаашлаад үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах шаардлага бий. Тиймээс Улсын Их Хурал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлыг бүхлээр нь харж, шалгалт явуулж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх үйл явдалтай холбоотой баримт бичгүүдийн нууцын зэрэглэлийг цуцалсан болохоор иргэд олон нийтэд бүх баримт, мэдээллийг нээлттэй хүргэх саналыг гаргаж байв.

 

Ийнхүү тус байнгын хороо энэ өдрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний талаарх Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналын дагуу уг асуудлыг шалгах Ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53 хувь нь уг саналыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хуралдааныг маргааш /2016.10.26/ үргэлжлүүлэхээр тогтлоо 

ШИНЭ МЭДЭЭ