“Алдар” спорт хороо 70 насандаа "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" хүртлээ
2016.11.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Алдар” спорт хороо 70 насандаа "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" хүртлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороог өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнажээ. 

Энэхүү төрийн дээд шагналыг Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсан байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарт биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол цэргийн түүхийг спортын бахархам үйлс, амжилтаар арвижуулж ирсэн Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу "Алдар" спорт хорооны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. 1946 онд биеийн тамир, спортын анхны дөрвөн нийгэмлэгийн нэг болох "Цэрэг нийгэмлэг" буюу өнөөгийн "Алдар" спорт хороо билээ. Тус хороо нь 70 жилийн хугацаанд Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, түүний Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд мандуулж ирсэн. 

Тухайлбал, Тус хорооноос Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер 260 гаруй, спортын мастер-1350 орчмыг төрүүлсний дотор тив дэлхий, олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 600 орчим медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороог манлайлж Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага билээ. Энэ жилийн хувьд "Рио-2016" зуны олимпид манай улсын 40 орчим тамирчин оролцох эрхээ гардан авсаны 10 гаруй нь "Алдар" спорт хорооны тамирчид байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ