Б.Бат-Эрдэнэ: Цэргийн насныхны эрүүл мэнд чухал
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2016.11.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Цэргийн насныхны эрүүл мэнд чухал

НҮБ-аас гаргасан судалгаагаар цэрэг хандивлагч орнуудын жагсаалтын 30-д бичигдсэн

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй салбарын бодлого, хууль эрх зүйн асуудлаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнднйг хүргэе. Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

Улс орны онцгой тусгай үүрэгтэй батлан хамгаалахын үйл ажиллагаа чиг үүргийнхээ дагуу явагдаж байна. Ээлжит бус чуулганаар манай батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлд асар их үүрэг гүйцэтгэх дөрвөн багц хуулийг хэлэлцүүлж, багц хуулийг батлуулсан.

Энэ бол УИХ-аар зайлшгүй батлах ёстой хууль байсан. Батлан хамгаалах сал- барын эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийн олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаан дээр тулгуурласан, практик хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль болсон.

-Батлан хамгаалах салбар хэчнээн улс оронтой хамтын ажиллагаатай байдаг вэ?

Зэвсэгт хүчний гадаад харилцаа маш сайн хөгжсөн. Дэлхийн 32 улстай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Энэ хүрээнд хээрийн сургууль, дадлага олон талт хамтын ажиллагаа явуулдаг. Тухайлбал, саяхан Катар, Япон зэрэг улстай хамтран хээрийн сургуулилт хийсэн. Мөн ОХУ- д жил бүр зохион байгуулдаг хээрийн сургуулилтад оролцоод ирлээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Спашная башня- 2016” олон улсын наадам, ОХУ-д цэргийн танкчид, мэргэн буучид, тогоочдын уралдаанд манай баг амжилттай оролцсон. ОХУ-тай байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээний үйлчлэлийн хугацааг сэргээх шийдвэрийг Засгийн хуралдаанаар гаргасан. Үүний дараа тус улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид манай улсад ирж гэрээний хугацааг сунгаж, гарын үсэг зурсан.

Мөн урд хөршийн Батлан хамгаалах яамтай ч найрсаг харилцаатай байдаг. Тухайлбал, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.

-32 улсаас хэдтэй нь цэрэг техникийн хамтын ажиллагаатай байгаа вэ?

Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагаа, цэрэг, техникийн хамтын ажиллагаа гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байгаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгодог.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж, дэмжлэг авах нь салбарын бодлогын нэгээхэн хэсэг. Бид 32 улсаас ОХУ, БНХАУ, Украйн, Беларусь, Турк зэрэг таван улстай цэрэг, техникийн хамтын ажиллагаатай байна.

-Хойд хөрш манай батлан хамгаалахын салбарт нэлээд анхаарал хандуулдаг. Манай оюутнуудыг тус улсын цэргийн сургуульд үнэгүй сургадаг. Цаашид ч тоог нь нэмнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд нэгэнтээ ярьж байсан?

Манай цэргийн алба хаагчид ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон буцалтгүй тусламжийн шугамаар суралцдаг. Энэ нь үнэ төлбөргүй суралцдаг гэсэн үг биш юм. Тухайлбал, манайхаас агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, цэргийн нисэхийн сургуульд сургалтын техник дээр хийх дадлага нь төлбөртэй байдаг. Мөн цэргийн академийн сонсогч офицеруудын орон байрны болон ахуйн зардлыг Монголын тал хариуцдаг. Үүнд багагүй хөрөнгө шаардагддаг.

ОХУ-ын Батлан хамгаалах яам манай цэргийн алба хаагчдыг суралцуулахдаа тооны хязгаар тавьдаггүй. Гэхдээ дээрх зардлыг олгох, цаашид дотооддоо бэлтгэх боломжтой мэргэжлүүдээр өөрийн БХИС- д сургах бодлогыг баримталж байна. Бид ОХУ-д цэргийн дээд удирдлагын болон инженер, техникийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэх бодлого барим- тална. Энэ нь манай зэвсэглэл техник ихэнхдээ ОХУ-ын үйлдвэрлэлийнх байдагтай холбоотой. Батлан хамгаалахын шинэ багц хуульд суралцаж байгаа цэргийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг хуульчилсан.

-Батлан хамгаалахын хууль баталлаа. Хөрсөн дээр буулгахад хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

Батлан хамгаалахын багц хууль баталсны дагуу бодлогын баримт бичгүүд, холбогдох дүрэм журмуудыг гаргаж амьдралд хэрэгжүүлэхэд тодорхой арга хэмжээ авна. Энэ зөвхөн дарга захирагч, удирдлагуудын ажил биш салбарын бүх алба хаагчийн идэвх санаачилга, оролцоо чухал. Нөгөө талаар, батлан хамгаалах салбарын үүрэг асар их нэмэгдэж байгаатай холбоотой үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ард иргэдийнхээ оролцоотой бүх асуудлыг хийж хэрэгжүүлэх ёстой байх.

-Батлан хамгаалахын салбарын холбогдох хуулиудад ямар өөрчлөлт оруулсан бэ?

Миний хувьд ард иргэдийнхээ итгэлийг аваад дөрөв дэх удаагаа парламентад сууж байна. Би өмнөх гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд Батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчин, хуулийн байгууллагуудын хууль эрх зүйн орчныг сайжруулах болон тухайн салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх санал санаачилгуудыг гарган тухайн салбараас оруулж ирсэн хууль, бодлогуудыг дэмжиж ажилласан.

Биднийг ажиллаж байх хугацаанд 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан цэргийн ахмадуудын тэтгэврийн зөрүүнээс эхлээд цэргийн нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудсан. Ер нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон асуудлыг шийдвэрлэх гээд олон ажлыг улсын төсөв төрийн бодлогод тусгуулсан.

“Шинэ хуульд суралцажбуй цэргийн албан хаагчийн цалингийн асуудлыг хуульчилсан”

Батлан хамгаалах салбарын шинэчлэлтэй холбоотой томоо- хон бодлогын баримт бичгүүд, хуулиудыг олон удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрч чадаагүй байсан. Энэ хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганаар хийсэн. Энэ багц хуулийг батлуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, Л.Болд нарын гишүүний идэвхи оролцоо их байсан. Нөгөө талаар Мэргэжлийн Засгийн газар, УИХ нь Батлан хамгаалахад онцгой ач холбогдол өгч анхаарал тавьж, үндсэн чиг үүргийн яам болгож статус зэрэглэлийг нэмэгдүүлсэн. Энэ нь манай батлан хамгаалах салбарынхны олон арван жилийн мөрөөдлийг биелүүллээ.

-Үндсэн чиглэлийн яам болсноор ямар боломж нээгдэж байгаа вэ?

Үндсэн чиг үүргийн яам болсноор олон боломж бидэнд нээгдэж байгаа. Энэ боломжуудаа ашиглан батлан хамгаалах салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ. Мөн УИХ батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг баталсан.

Энэ баримт бичгийг гаргаснаар энэ салбар их өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, бусад яамтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал гэдэг бол өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаас өөр арга байдаггүй. Батлан хамгаалахын үйл ажиллагаа өргөжинө гэдэг цэргиин зэвсэг техникээ нэмэгдүүлээд, хэн нэгэнтэй тэмцэж тулах гэсэн асуудал биш юм.

Өнөөдөр цэргийн албанд татагдаж буй залуусын 40 хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна. Зөвхөн эрүүл мэндээр тэнцэхгүй байна гээд орхих биш Эрүүл мэндийн яамтай хамтраад залуучуудыг эрүүлжүүлэх талаар анхаарч ажиллах нь чухал. Мөн Боловсролын яамтай хамтарч залуучуудынхаа хүмүүжил төлөвшил, эх оронч иргэн болж төлөвшихөд анхаарах нь чухал байна.

Болзошгүй аюул занал, террорист халдлага бусад зүйл, байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл буюу ган зудын давтамж нэмэгдэж буй нөхцөлд манай батлан хамгаалах салбар бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс зэвсэгт хүчнийхээ хүрээнд биш, олон салбарыг хамарсан энэхүү хуулиудыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд олон дүрэм журам, заавар гаргана.

-НҮБ-тай хамтраад энхийг сахиулах ажиллагаанд оролцсоор ирсэн. Манай энхийг сахиулагчид хамгийн нэр хүндтэй байдаг. Энэ ажиллагаа цаашид байнга үргэлжлэх үү?

2010 онд баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тул* гуурт гадааД бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн заасан байдаг.

1999 онд Монгол Улсын Засгийн газраас Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай 115 дугаар тогтоол гаргаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд санамж бичгийг байгуулсан. 2002 онд Цэрэг, цагдаагийн алба хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль баталсан. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс бүрдсэн юм. Тухайн онд анхны хоёр энхийг сахиулагч Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдаг.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний аюулыг сэрэмжлэн зайлуулах, энх тайванч бодлогоо олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудад нийцүүлэх, НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх бодлогыг баримталж ирсэн.

Өнгөрсөн 14 жилийн хуга- цаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 14000 орчим цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцсон юм. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас гаргасан судалгаагаар цэрэг хандивлагч орнуудын жагсаалтын 30- д бичигдсэн. Цаашид бид энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох бодлого баримталж байна.

-Сүүлийн үед энхийг сахиулагчдын мөнгийг өгөхгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгодог томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон, олгож байна.

2014 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн хэмжээг сарын 1332 ам.доллараар тогтоосон байдаг. 2016 оны есдүгээр сард эх орондоо ирсэн цэргийн гурван багийн алба хаагчдад олгох энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалин аравдугаар сард НҮБ-аас орж ирснээс шалтгаалан түр саатаад байсан. Тус санхүүжилт нь Монголбанкны ам.долларын данснаас Сангийн яамны улсын төсвийн хөрвүүлгийн дансаар дамжин БХЯ-ны төгрөгийн данс руу шилжихдээ тодорхой шат дараалалтай байдаг юм.

“Цэргийн албанд татагдаж буй залуусын 40 хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна”

Дээрх цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалинг Монгол- банкны албан ханшаар буюу нэг ам.долларыг 2232 төгрөг буюу есдүгээр сард татагдсан ханшаар, аравдугаар сарынхыг 2287 төгрөгөөр тус тус тооцон олгосон. Цаашид цэргийн алба хаагчдын гадаад томилолтын цалинг Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу олгох шийдвэр хэвээр үргэлжилнэ.

-Манай улс цэргийн мэргэжилтнийг багаас нь  бэлтгэх зорилгоор “Тэмүүжин өрлөг” сургууль байгуулсан. Энэ хэр өгөөжтэй байна вэ. ОХУ-ын Суворовын сургууль шиг болох боломж байна уу?

“Тэмүүжин Өрлөг” бол Монголын боловсролын тогтолцоон дахь ууган дунд сургуулиудын нэг. Анх Хатанбаатар Магсаржавын санаачилгаар 1925 онд цэргийн ерөнхий сургуулийн дэргэд 10-15 насны хөвгүүдийг сургах зургаан жилийн сургалтын хөтөлбөртэй сургуулийг байгуулж байсан түүхтэй.

“Тэмүүжин Өрлөг”-ийг ОХУ- ын Суворовын сургуультай адил төстэй болгох зорилгоор Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2010 онд байгуулсан. Анх 30 хүүхэдтэй эхэлж байсан бол өнөөдөр 250 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуульд ерөнхий эрдмийн хичээлээс гадна цэргийн анхан шатны боловсрол олгох хичээлийг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулдаг.

“Тэмүүжин Өрлөг” сургууль нь ОХУ-ын Суворовын, кадетын сургууль шиг болох боломж байгаа гэж үздэг. Яагаад гэвэл тус сургууль маань ОХУ-ын Омск, Екатринбург, Барнаул хотын Суворовын нэрэмжит цэргийн сургууль болон Бүгд найрамдах Турк улсын цэргийн ахлах сургууль Энэтхэг улсын цэргийн дунд сургуулиудтай хамтран ажилладаг.

-Манай улсаас гадаадын хэдэн оронд цэргийн атташе ажилладаг вэ?

Манай улсаас ОХУ, БНХАУ, АНУ, Бельгийн Вант улс, ХБНГУ, БНСУ-д батлан хамгаалахын атташе, атташегийн алба, НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэг зөвлөх ажиллаж байгаа. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ-ын батлан хамгаалахын атташегийн алба манай улсад ажиллаж байна. Манай улсаас 10 гаруй улсад цэргийн атташе хавсран суулгаж, дэлхийн 18 улс БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх цэргийн атташе нараа манай улсад хавсран томилж, ажиллуулж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ