АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Д.Цэвээнжав: Хуулийн хэрэгжилтийг дүгнэж үзэх цаг болсон
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2016.12.01
Зам, Тээвэр

Д.Цэвээнжав: Хуулийн хэрэгжилтийг дүгнэж үзэх цаг болсон

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай ярилцлаа. Холбоо байгуулагдаад 5 жил болсон. Тэгвэл энэ хугацаанд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын зах зээлд ямар ахиц гарсан, хуулийн хэрэгжилт ямар байгааг голлон ярилцсанаа уншигч танд хүргэж байна. 

Манай холбоо 4 үндсэн үүрэгтэй 

5 жилийн өмнө албан журмын даатгал хэрэгжиж эхэлсэн нь эрх зүйн шинэ харилцаа байсан гэж хэлж болох уу?

Юуны өмнө, Монголын нийт ард түмэн, даатгуулагч, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нарт Албан журмын даатгагчдын холбоо байгуулагдсаны 5 жилийн ойн  мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг албан ёсоор хэрэгжүүлээд 5 жил болж байна. 2011 оны 10 дугаар сард Жолоочийн даатгалын тухай хууль батлагдаж, 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж  эхэлсэн юм. Уг хууль батлагдсантай холбогдуулан 2004 онд гарсан “Даатгалын тухай” хуульд “Даатгагчдын нэгдсэн холбоо” гэсэн шинэ зүйл нэмсэн юм.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр, албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Албан журмын даатгагчдын холбоо /АЖДХ/-нд гишүүн болох үүрэгтэй гэж заасан. Хуульд “Даатгагчдын нэгдсэн холбоо” гэж шинэ зүйл оруулж өгсөн нь алсыг харсан зохицуулалт гэж боддог. Учир нь  хариуцлагын даатгалын нэр төрөл цаашдаа нэмэгдэж өргөжих юм.  Мөн албан журмын даатгалд  мэргэжлийн чанарын асуудлаар хариуцлагаа даатгуулж  нийгмийн өмнө тэд хариуцлага хүлээдэг болно гэсэн үг.  

Энэ мэтээр шинэ холбоод үүсч  манай холбоонд гишүүнээр элсэж, нэгдсэн зохион байгуулалтад орох нь зүйтэй гэсэн агуулгыг илтгэж байна. “Даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлтээр манай холбоо нь 4 үндсэн үүрэгтэй гэж заасан. 

Хуулиар хүлээсэн 4 үүргээ дурдвал?

Нэгд, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах

Хоёрт, гишүүдийн ашиг сонирхол, эрх ашгийг хамгаалах

Гуравт, даатгагчид мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлсэн мэдээллийн нэгдсэн сан, даатгалын сан, шуурхай албаны үйлчилгээ үзүүлэх

Дөрөвт, даатгалын тохиолдлыг бууруулах, албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах

Даатгалын тохиолдлыг бууруулна гэдэг нь зам, тээврийн осол, зөрчлийг багасгахад холбооны ажлаа чиглүүлнэ гэсэн үг. Энэ утгаараа манай холбооны дөрөв дэх үүрэг маш чухал. 

Эдгээр үүргээ биелүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдахын ач холбогдлыг ойлгуулах нь юу юунаас илүү чухал байлаа.

Жолооч нар даатгалд хамрагдсанаар хариуцлагажиж, зам, тээврийн осол, зөрчлөөс үүдсэн хохирлоо богино хугацаанд нөхөн төлүүлж болдгийг бодитоор харуулж чадсан учраас хуулийн хэрэгжилт сайн байна.

Жолооч жилд дунджаар 33 мянган төгрөгийн хураамж төлж, 5-10 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр авч болдог.

Замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан, соёлтой оролцож, осол зөрчил гаргадаггүй бол жилд төлөх хураамж нь 5 хувиар буурдаг.

Холбоо эдгээр үүргээ хэрэгжүүлэхийн тулд ямар бүтэцтэй ажиллаж байна?

“Даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлтээр нэгдсэн сан, шуурхай алба, даатгалын сантай байна гэж зааж өгсөн. Тодруулбал,

Нэгд, Албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн сантай байна.

Хоёрт, Даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл хүлээн авч, даатгалын тохиолдлыг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба байна.

Даатгалын сангийн тухайд “Жолоочийн даатгалын тухай” хуульд илүү тодорхой тусгасан байдаг. Даатгалын сан нь хэд хэдэн тохиолдолд хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгодог.

Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан, даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус, даатгагч дампуурсан бол хохирлыг даатгалын сангаас барагдуулдаг. Гэхдээ буруутай этгээдээр учруулсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжилнэ гээд заачихсан юм.

Энэ нь нэг талаас хэн нэгний буруутай үйлдлээс үл хамааран Монгол Улс иргэнээ хохиролгүй болгож байгаа хэрэг юм. Нөгөө талаас заавал даатгалд хамрагдах үүргээ биелүүлэлгүй замын хөдөлгөөнд оролцож байгаад осол, зөрчил гаргасан бол бусдад учруулсан хохирлоо даатгалын сангаас гаргуулж байгаа ч санд буцаан төлнө.  

Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй 21 аймагт салбараа нээн ажиллуулж байна. Орон нутгийн иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаагаа эдгээр салбараараа дамжуулан хийдэг. Ер нь Холбооны чиг үүргээ орон нутаг салбарууд сайн хэрэгжүүлж байгаа.

Д.Цэвээнжав, холбооны хамт олонтойгоо

Даатгалын сангийн орлогоо яаж бүрдүүлдэг вэ?

Мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах, Шуурхай албаны үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан санхүүжилтийн  тухай асуудал урган гарч ирсэн. Энэ нь даатгалын сангийн асуудал юм.

Даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх, хөрөнгийг юунд зарцуулах тухай хуульчилж өгсөн.

Жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгагч бүрээс төвлөрүүлэх хөрөнгө, “Жолоочийн даатгалын тухай” хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх захиргааны хариуцлагын орлогын 50 хувь, хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаа нэхэмжилсэн нөхөн төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь, мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого зэргээс даатгалын сангийн  эх үүсвэрийг бүрдүүлдэг. 

Даатгалын сангийн хөрөнгийг нөхөн төлбөр олгох, жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөх, шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулахад зарцуулж байна.

Холбоо нь үйл ажиллагаагаа жил бүр Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-нд тайлагнах үүрэгтэй.

Мөн даатгалын компаниудаас даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг жил бүр Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтран тогтоодог. Санхүүгийн үйл ажиллагаанд аудитын байгууллага шалгаж дүгнэлт гаргадаг. Аудитын дүнг олон нийтэд ил тод сурталчилдаг. 

Санхүүгийн зохицуулах хорооноос гадна ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна?

Манай холбооны албан ёсны гишүүнээр 15 даатгалын компани бүртгэлтэй байна.

Холбоо нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага. Гишүүд нь даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын компаниуд юм. Даатгалын компаниуд үйл ажиллагаандаа мэргэжлийн оролцогчдыг татан оролцуулж, гэрээгээр хамтран ажилладаг. Үүнд, даатгалын зуучлагч, хохирол үнэлгээний компаниуд болон бусад байгууллагууд хамаарна.

Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд холбоо хэд хэдэн байгууллагатай хамтарч ажиллах шаардлага тулгардаг. Үүнд,

- Замын цагдаагийн алба, түүний орон нутгийн салбар, хэлтэс, ажилтан, албан хаагчид

- Авто тээврийн үндэсний төв, түүний орон нутгийн салбар, нэгж, ажилтан, албан хаагчид

- Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар

- Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн оношилгооны төвүүд зэргийг нэрлэж болно.

- Бүх аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс

Сүүлийн үед Хохирол үнэлэгчдийн холбоотой нягт хамтран ажиллаж байна.

Эдгээр байгууллагатай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, сурталчилгаа хийх хариуцлагын даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байна.  


Нийт жолооч нарын 90 гаруй хувь нь даатгуулаад байна

Энэ бүх ажлын үр дүнд албан журмын даатгалдхамрагдвал зохих нийт жолооч нарын хэдэн хувь нь даатгуулаад байна?

“Жолоочийн даатгалын тухай” хууль 2011 оны 10 дугаар сарын 6-нд батлагдсан. 2012 он бол уг хуулийг олон нийтэд сурталчлах, даатгалын мэргэжлийн оролцогчид харилцан ойлголцолд хүрэх, холбооны үйл ажиллагааг жигдрүүлж эхлүүлэх он байлаа. Хуулийг хэрэгжүүлэх гарааны жилд олон бэрхшээлтэй асуудал тулгарсан ч тэр бүхнийг даван туулж чадсан.

2013 оны статистикаас үзэхэд, 324 мянган тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаж, даатгалын хураамжийн орлогоор 15,2 тэрбум төгрөг төвлөрсөн байдаг. Үүнээс 19 200 даатгалын тохиолдол бүртгэгдэж, 8,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Хууль батлагдсан 2 дахь жилээсээ л үр дүн нь гарч эхэлсэн. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь урьд өмнөхөөс тэс өөр нөхцөл байдал үүсч байгааг хүмүүст мэдрүүлж өгсөн. Өмнө нь зам, тээврийн осол, зөрчил гарлаа гэхэд 2 жолооч өөр, өөрийгөө хамгаалж, маргалддаг байв.

Маргааныг эцэслэн таслах хүртэл хэд хэдэн шат дамжлага дамжиж, хугацаа алддаг байлаа. Энэ хооронд хохирсон этгээдийн хохирлыг хэн нөхөн төлөх вэ гэдэг нь ойлгомжгүй, эцэст нь хохирч үлдэх тохиолдол цөөнгүй байсан.

Өмнө нь хохирлыг нөхөн төлүүлэхэд наад зах нь 6 сар хүртэл сар зарцуулж байв. одоо бол даатгалын нөхөн төлбөрийг 7 хоногийн дотор шийдвэрлэж байна. миг даатгал зэрэг компаниуд нөхөн төлбөрийг өдөрт нь шийдвэрлэж байгаа шүү дээ

2016 оны 11 дүгээр сарын байдлаар 513 мянга 942 жолооч, аж ахуйн нэгж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаж, 24,7 тэрбум төгрөг хураамжийн орлогоор төвлөрсөн байна. Улсын хэмжээнд 19 700 даатгалын тохиолдол бүртгэгдэж, 9,5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Энэ нь 2013 онтой харьцуулахад даатгалд хамрагдалт 2 дахин өссөн ч даатгалын тохиолдол, нөхөн олговрын хэмжээ огцом өсөөгүйг харуулж байна. Эдгээр тоо нь уг даатгалын ач холбогдлыг нотлох хангалттай тоо баримт.

Даатгалын тохиолдол 3 жилийн өмнөхөөс 500 орчмоор нэмэгдсэн мэт боловч жил бүр олон зуун хүн жолооч болж, замын хөдөлгөөнд оролцож байгаатай харьцуулахад харьцангуй бага өсөлт юм.

Гэхдээ даатгалын тохиолдол буурна гэдэг нь зам, тээврийн осол, зөрчил буурч байгааг илтгэх нэг үзүүлэлт учраас манай холбоо энэ асуудалд голлон анхаарч ажилладаг.

Монголд жолоочийн хариуцлагын даатгал хөгжөөд 5 жил болж байгаа бол БНСУ-д 65 жил хөгжиж байна. Гэтэл даатгалд хамрагдалт манай улсаас доогуур байна. 

Албан журмын даатгалд хамрагдаагүй жолооч зам, тээврийн осол зөрчил гаргах тохиолдол хэр байна? 

Хууль хэрэгжүүлдэггүй, хэнэггүйн улмаас замын хөдөлгөөнд хууль зөрчин байж оролцож яваад осол, зөрчил гаргадаг тохиолдол байсаар байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар даатгалд хамрагдаагүй жолооч даатгалын тохиолдол гаргасан 53 тохиолдол гарлаа.

Харьцангуй бага тоо мэт сонсогдож байгаа боловч даатгалд хамрагдахгүй байж болохгүй. Монгол Улсын хууль тогтоомж зөрчин замын хөдөлгөөнд оролцож байгаагаа сайтар ухамсарлах хэрэгтэй.

Эдгээр 53 тохиолдлын улмаас 134 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Жолоочийн даатгалын сангаас олгосон байна. 

Даатгуулахгүй явж байгаад осол, зөрчил гаргавал Жолоочийн даатгалын сангаас хохирогчид нөхөн төлбөр олгодог юм бол даатгуулах хэрэг юу байна гэж бодож магадгүй юм. Тийм биш.

Даатгалгүй жолоочийн буруугаас  учирсан хохирлыг даатгалын сангаас нэн даруй барагдуулж байгаа боловч буруутай этгээдээс энэ мөнгийг нэхэмжилж авдаг гэдгийг санах хэрэгтэй. Үүнд л даатгуулсан, даатгуулаагүй жолоочийн ялгаа гарч байгаа юм.

Даатгуулаагүй жолооч торгуулна, дараа жил төлөх хураамжийн хэмжээ өснө, жолоочид муу түүх үүснэ шүү дээ.

Хариуцлагын даатгалын шинэ төрөл бий болох үндэс суурь бүрдсэн

Нийгмийн хөгжлөө дагаад албан журмын даатгалын өөр бусад төрлүүд бий болох үндэс суурь, бэлтгэлийг хэр хангасан гэж үзэх вэ?

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь яах аргагүй нийгмийн эрэлт хэрэгцээг дагаж бий болсон. Тиймээс ч үр дүнг нь маш хурдан, бодитоор гарч байна.

Даатгал өндөр хөгжсөн орнуудад хариуцлагын даатгал олон салбарт хэрэгжиж байна. Өмгөөлөгч, нотариатч, эмч, барилгын чанарын даатгал, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний чанарын даатгал гэх мэт олон төрлийн хариуцлагын даатгал бий боломжтой.

Монгол Улсад ч эдгээр төрлийн даатгал хэрэгжих болно. Харин энэ бүх даатгал бий болохын суурь нь яах аргагүй жолоочийн хариуцлагын албан журмын даатгал юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хуулийн хүрээнд байгуулагдсан манай холбоо амжилттай хэрэгжүүлж чадсан.

Хариуцлагын даатгалын шинэ төрлийг Монголд хэрэгжүүлэх бодитой суурь бий болгож гэдгийг бардам хэлнэ.

Эрх зүйн зохицуулалттай нийгэмд бид бүгд ажиллаж, амьдарч байна. Тиймээс нийгэм биднээс хариуцлагатай байхыг шаардаж байна.

Хариуцлагыг хуульчлах нь гарцаагүй шаардлага юм. Хариуцлагын даатгалын системийг сайжруулахад олон нийтийн оролцоо маш чухал.

5 жил хэрэгжсэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд засч, сайжруулах зүйл ч бий. 

Засч, сайжруулах хэрэгтэй гэдгээ үндэслэлтэйгээр тайлбарлаач?

Жолоочийн хариуцлагын даатгал гэдгийг бизнесийн утгаар нь харж болохгүй. энэ бол арай өөр механизм.

Засч, сайжруулахын тулд энэ чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, жолооч нарын дуу хоолойг сонсож, тэднийг мэдээллээр хангах хэрэгтэй. Ер нь олон нийтэд үнэн зөв мэдээлэл олгож, тэд сонголт хийх боломж олгох нь ёс зүйн асуудал шүү.

Монголд даатгалын салбар хөгжөөд 82  жил болсон ч сайн хөгжиж чадахгүй л байна. Хариуцлагын даатгал хэрэгжүүлээд 5 жил болсон туршлагаасаа харахад холбооны 21 аймгийн салбарууд,  даатгалын компани, зуучлагч, шуурхай алба, хохирол үнэлэгчид зэрэг мэргэжлийн оролцогчдын хоорондын уялдаа холбоо, ёс зүйн асуудлыг хөндөх харилцааны соёл зэргийг хөндөж ярих цаг болсон.

Даатгалд хамрагдахын зорилго нь ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаалах шүү дээ. Иргэн бүхэн даатгалыг бүрэн ойлгосон байх албагүй, харин даатгагчид тал бүрээс нь ойлгуулж өгөх үүрэгтэй.

Даатгалын энэ төрөл нь даатгалын компаниудын орлогожих эх үүсвэр байж таарахгүй. Жолоочийн хариуцлагын даатгал нь нийгмийн харилцаанд тухайлбал тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа этгээдийг  хариуцлагажуулах даатгалын төрөл. Тийм ч учраас сайн дурын даатгалын бүтээгдэхүүнээс өөр, өвөрмөц байдлаар авч үзэх үндэстэй.

Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг Монголын төр дүгнэж үзээд улам боловсронгуй болгох, тодорхой хугацааны дараа сайн дурын хэлбэр рүү шилжүүлэх хандлага байхыг үгүйсгэхгүй.   

Ингэж хэлэхээр мэргэжлийн оролцогчид хэрхэн хүлээж авах бол? Танай холбооны үндсэн үүрэг бол гишүүд хоорондын уялдаа холбоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах шүү дээ?

Манай холбоо гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь уялдуулах үүрэгтэй. Гэхдээ холбооны нэг онцлог нь төрийн бус байгууллага боловч холбооны санхүүжилт, зорилгыг хуульчилж өгсөн байдаг.

Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалалгүй яахав. Нэг жишээ хэлье л дээ. Манай холбооны үндсэн чиг үүрэгт гишүүнчлэлтэй, жолоочийн даатгалын мэдээллийн нэгтгэж, сан байгуулах үүрэгтэй.

Энэ үүргээ өргөжүүлж, хариуцлагын даатгалын үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх зорилгоор хотын төвд амьдарч буй жолоочоос эхлээд Монголын зах хязгаарт амьдарч байгаа жолоочийг даатгалд хамруулах боломжтой онлайн систем нэвтрүүлсэн.

Уг мэдээллийн системийг даатгалын бүх компани үнэ төлбөргүй ашиглаж байна. Энэ системийг улам өргөжүүлж байна.  

Тухайлбал, Архангай аймагт гарсан зам тээврийн ослын хохирол үнэлгээ хийх бол онлайнаар холбогдох юм.

Улмаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн хохирол үнэлэгчдийн компаниудад уг даатгалын тохиолдлын талаар мэдээлэл өгч, даатгалын тохиолдол гаргасан этгээдэд хохирол үнэлэгчдийн компаниа сонгох боломж олгодог.

Харамсалтай нь уг ажлыг гардан хариуцаж байсан хүмүүсийн мэдлэг, чадвар, санаачилга дутсан уу энэ ажлыг  цааш үргэлжлүүлэх сонирхолгүй байх шиг байна.

Мэргэжлийн оролцогч, холбоодын хамтын ажиллагаа, хөгжилд манай холбоо манлайлан ажиллаж байна. 

Гишүүдийнхээ дунд тогтмол сургалт зохион байгуулж, хамтарсан уулзалт хийдэг. Олон нийтийг хамарсан эдгээр арга хэмжээний үеэр тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцаж, өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан асуудлаа шийддэг.

СЗХ-ноос итгэлцүүрт өөрчлөлт оруулсан боловч даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын жилийн суурь хураамжийг нэмэхгүйгээр цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна?

Даатгалын суурь хураамжийг өөрчлөх тухайд нарийн судалгаа хийх шаардлагатай. Судалгааны үр дүнд үндэслэн өнөөдрийн авч буй хураамжийн хэмжээ даатгалын үйл ажиллагаа явуулж буй даатгагч, даатгалын зуучлагч байгууллагуудын зардлыг нөхөж, даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт зарцуулж, нөөц сандаа хөрөнгө төвлөрүүлж чадаж байна уу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

Мөн даатгалын компаниудад их биш юмаа гэхэд бага ч болов ашиг ногдож байна уу гэдгийг нарийн тооцож, судалсны үндсэн дээр шийдэх асуудал. Ерөнхий байдлаар нэмье, хасъя гэдэг өнцгөөс асуудалд хандаж болохгүй.

Санхүүгийн зохицуулах хороо итгэлцүүрийн олон хэмжүүр үзүүлэлтийн аль нэгэнд өөрчлөлт оруулахын тулд мэргэжлийн байгууллага, холбоодтой ярьж шийддэг.

Ингэж шийдэхдээ иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард түмэндээ аль болох бага дарамт учруулахыг илүү үздэг. Цаашид ч тийм байх болно.

Жолоочийн хариуцлагын даатгал бол бизнес утгаараа биш нийгмийг хариуцлагажуулах, иргэдийг хохиролгүй ажиллаж, аж төрөхөд чиглэдэг. хуулийн зорилтыг биелүүлэхэд цааш цаашдын хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд чиглэх ёстой.

Даатгалд хамрагдаагүй жолооч нарт хандаж юу хэлэх вэ?

Жолоочийн даатгалын тухай хуульддаатгалд үл хамрагдах нөхцөл гэж бий. Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд даатгалд хамрагдахгүй байж болно.

Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдахгүй байгаа. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд энэ хамаарахгүй шүү дээ.

Мөн гадаадад ажиллаж, амьдрах бол, замын хөдөлгөөнд оролццдоггүй малчдын өвөлжөө, хаваржаан дээр байнгын хөдөлгөөнгүй зогсдог машинуудыг заавал даатгалд хамрагд гэж шаардахгүй байгаа.

Улсын хэмжээнд 700 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 150-160 мянган нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр эвдэрсэн ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл байна. Тэдгээр машинуудыг улсын бүртгэлээс хасах ёстой. Гэтэл энэ ажил хийгдэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ.

Даатгалд хамрагдах шаардлагагүй, улсын бүртгэлээс хасах шаардлагатай тээврийн хэрэгслийг хасч тооцоод улсын хэмжээнд нийт даатгалд хамрагдах шаардлагатай тээврийн хэрэгсэл болон жолооч нараас зургаан хувь нь л жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй байна гэж бид үзэж байгаа.

 та даатгалд хамрагдсанаар таны даатгалын түүх арвижаад зогсохгүй  болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж буй  хэрэг юм шүү.

Хэрэв даатгалын тохиолдол гаргалгүй, замын хөдөлгөөнд үлгэр жишээ оролцвол жил бүр төлөх хураамжаас хасагддаг гэдгийг мэдэж байх нь зүйтэй болов уу.

Даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаад осол, зөрчил гаргасан тохиолдолд бусдад учруулсан хохирлоо ч, өөртөө учирсан хохирлоо ч өөрөө л төлнө гэдгийг санах хэрэгтэй. Ийм эрсдлээс урьдчилан сэргийлж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаарай.

ШИНЭ МЭДЭЭ