Хэн, юу хэлэв?
2016.12.02
Улстөр

Хэн, юу хэлэв?

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой асуудлууд өрнөж, АТГ-аас түүнийг дуудан байцаалт авсан. Түүнчлэн “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалт, “Чингис”, “Самурай” бондоос авсан зээлийн асуудал зэрэгтэй холбоотой асуудлууд яригдаж, нэр холбогдсон хүмүүс нь байр сууриа илэрхийлэв. Ингээд энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

/Ерөнхий сайд асан/ Н.Алтанхуяг: Шоронд хийсэн ч бууж өгөхгүй тэмцэлдэнэ

Арваннэгдүгээр сарын 29-ний 14:00 цагийн орчимд надад зарлан дуудах бичиг ирсэн болохоор ирж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээд их үйл явдал өрнөх шинжтэй. Хэд хоногийн өмнө нэвтрүүлэгт орж, Монголын нийгэмд болохгүй байгаа асуудлууд, тэр дундаа цөөхөн хэдхэн хүн Монголын хамаг баялгийг буюу “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт”, “Саусгоби Сэндс” гээд сорчлоод завшаад байгааг хэлчихсэн. Тэгсэн Ц.Элбэгдорж болоод тэдний бүлэглэл амь тавьж байгаа бололтой юм. Цөөхөн хоногийн дотор 3-4 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Өнөөдөр харин намайг ир гэлээ.

Тэгээд би ирж байгаа юм. Ер нь манай Ерөнхийлөгч болон түүний бий болгочихсон хууль, хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг гэж би өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан. Намайг тэр хонгил руугаа шахаж оруулах гэж их олон жил оролдож байгаа.  Ерөнхий сайд байх үеэс л элдэв зохиомол хэрэг үүсгэж байсан. Сая миний ойрын хүмүүсийг барьж хориод тэд нартайгаа холбогдуулж, зохиомол хэрэгт оруулж байгаа байх. Үүнээс нэг их айж, ичээд байх юм байхгүй ээ. Ер нь үнэн хэзээд ялна гэж бодож байгаа. Би хоёр зүйлд л харамсч байна.

Намайг эртхэн дуудаж авчираад асуучихгүй. Л.Гансүх,  Б.Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шоронд тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг маань хүртэл шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд, тэр хүмүүсийг  гаргах цаг нь одоо болсон гэж бодоод ирж байгаа юм. Хоёр цагийн өмнө мэдэгдээд, жаахан давчуу л ирлээ. Аягүй бол Н.Алтанхуяг ирсэнгүй гэх зэргээр шалтаглах арга зам хайсан байх. Төгсгөлд нь би нэг зүйл хэлчихье.

Ер нь Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос ардчиллын төлөө явсан.  Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Хэрэв Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй, ард түмэн минь.  Ер нь бол би Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Харин улс орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ.

/УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга/ С.Эрдэнэ: Боломж бүрдвэл намын даргад нэр дэвшихээс татгалзахгүй

2017 онд төлөгдөх өр зээлээс Ардчилсан намын үед авсан нэг ч төгрөг байхгүй. Яриад байгаа “Чингис”, “Самурай” бондын төлөх хугацаа болоогүй. Миний мэдэхээр “Чингис” бондыг 2013 онд таван жилийн хугацаатай авсан. Эргэн төлөгдөх хугацаа нь 2018 оноос эхэлнэ. Аливаа асуудлыг нотлох баримт, бодит байдлаар ярих ёстой.

Бүх бурууг Ардчилсан нам руу чихэх гэж оролдох юм. Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдтэй холбоотой аж ахуйн нэгжүүд авсан байдаг. Гэтэл эд нар яаж ингэж ярьж чадаж байна аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд байна шүү дээ. Сонин хэвлэлээр зөндөө л гардаг.

Би нэр цохож хэлмээргүй байна.  Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх нь хувь хүний эрхийн асуудал. Намын хуучин дүрэмд болон одоо шинээр боловсруулж байгаа дүрэмд энэ асуудал нээлттэй. Миний хувьд эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ үндсэн дүрэм нээлттэй батлагдаад, нам цаашид шинэчлэгдэх боломж бүрдэх юм бол би намын даргад нэр дэвших асуудлаас татгалзахгүй.

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Би олон түмнийг төлөөлж хэлж чадахгүй. Намын шинэчлэл явагдаж байна. Нам шинэчлэгдээд шинэ удирдлага гарч ирээд, нам төлөвшөөд ямар байр суурь барих вэ гэдгээс хамаарна. Н.Алтанхуяг даргын хувьд бол Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой. Манай намын бэлтгэгдсэн лидерийн нэг шүү дээ.

/УИХ-ын гишүүн/ Л.Энх-Амгалан: Гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахад бэлэн

“Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаа хийгээд “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Алын хэсэг шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн зургадугаар сард гарсан. Тухайн үед МАН-ын 25 гишүүн гарын үсэг зурж, дүгнэлтээ АТГ-т хүргүүлсэн. Хуулийнхан ч эхнээсээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Өмнөх дүгнэлтээр “Хөгжлийн банк” олон хуулийг зөрчсөн болох нь илэрсэн.

Өөрөөр хэлбэл, УИХ болон Засгийн газраас батлаагүй олон зуун тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Энэ бүхэн нь баримтаар нотлогдсон. Одоогийн Ажлын хэсгийн дүгнэлтээр бол 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан байна. Дээрх зөрчлөөс гадна гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Түүнчлэн ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байж. Энэ мэт зөрчил илэрсэн.

Нэр устай нь зарлаж болох хэдий ч эхлээд УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулна. Түүний дараа бүх зүйл олон нийтэд ил болох байх. Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан гэдгийг хэлсэн. Гэсэн ч тухайн үед АН-аас Ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүйгээс үүдэж УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Гэхдээ шинэ Засгийн газрын Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг шалгаж байна. Тэд дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн.

Гэвч АН-ынхан завсарлага авлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд төрийн эрхийг барьж байхдаа шалгалтын асуудлыг хэлэлцүүлээгүй хэр нь, одоо цөөнх болохоор завсарлага авч байна. Өнөөдөр “Хөгжлийн банк”-тай холбоотой санхүүгийн тодорхой хэргүүдийг АТГ-аас шалгаж байгаа. Өөрсдийн хууль зөрчиж хийсэн үйлдлээ халхлах гэсэн бусармаг үйл явдал гэж л харж сууна. АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар намайг болон манай намын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн.

Би УИХ-ын гишүүн халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёс зүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж, УИХ-ын гишүүний  халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн.

/Гадаад харилцааны сайд/ Ц.Мөнх-Оргил: Яриа хэлэлцээрээ ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа хэлсэн

БНХАУ-тай хийсэн яриа хэлэлцээр тодорхой хугацаагаар хойшилсон. Манай Засгийн газар өөрсдийн байр сууриа БНХАУ-ын талд тодорхой тавьсан. Монгол Улс зарчмын байр сууриа баримталсан хэвээр байгаа. Энэ байдал хоёр улсын харилцаанд нөлөөлөх ёсгүй.

Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдэг бататгаж хэлсэн. Хоёр талын яриа хэлэлцээрээ ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа хэлсэн байгаа. Мөн дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаж тохирох, зөвшилцөх олон асуудал байгаа. Тиймээс одоо энэ ажлуудаа хийж байна.

Зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, , Япон, АНУ, Солонгос  зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Жишээлбэл, энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилахаар төлөвлөсөний дагуу хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид Донорын зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн Донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна.

Үүний хажуугаар миний бие Германд очиж Европын түншүүдтэйгээ уулзана. Гэх мэт гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлж байна. БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирээгүй байна. Урд хөршийн зүгээс нүүрс, зэсний татварын үнийг нэмсэн гэсэн мэдээлэл яваад байгаа.

Үнэндээ татвар биш хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулагдана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн тутмаас найман юань, нэг машинаас 10 юань, зэсийн баяжмалаас нийт үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байгаа. Бид БНХАУ-ын талд хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаач ээ гэдэг саналыг тавьж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ