Инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг нь УИХ-аас төв банкинд өгч буй даалгавар
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2016.12.13
Эдийн засаг, Худалдаа

Инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг нь УИХ-аас төв банкинд өгч буй даалгавар

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа. 

Төвбанкнаас инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн зорилт байнга давтагддаг. 2017 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд нэг оронтой тоонд барина гэсэн байх юм?

Энэ бол даалгавар. Төв банк даалгавраа биелүүлэхийн тулд хуулиар олгогдсон бүх боломжоо ашигладаг, арга хэмжээ авдаг. Инфляцийг 8 хувьд барина гэдэг дийлэхгүй даалгавар. Эдийн засгийн тэлэлттэй энэ үед Төв банкны мөнгөний бодлогын хэрэгслүүдээр инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг маш хүнд даалгавар.

Төв банкнаас бодлогын хүүгээ нэмлээ ч халамжийн бодлогод нөлөөлж чадахгүй байна. Төсвийн бодлого, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогуудыг маш сайн уялдуулах хэрэгтэй.

Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар албан ёсоор нэг ширээний ард сууж ажлаа ярьдаг болсон. Энэ бол нэг алхам. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл албан ёсоор байгуулагдсан. Эдгээрийн хоорондын үйл ажиллагааны ил тод байдал, уялдаа холбоо нь дараагийн алхам.  

Арилжааны банкуудын чадавх одоогоор хэр байна, төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлд чадавхийг нь дээшлүүлнэ гэсэн байна. Яаж?

Банкны системийн тогтвортой байдлыг хангах бодлогыг тодорхойлогч нь Төв банк. Банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ нь одоогоор 12 хувиас харьцангуй дээгүүр байна. 2008 оны хямралын нөхцөл байдалтай харьцуулахад дээрдэж, эрүүл банкны системтэйгээр явж байна.

Гэсэн ч АНУ, Европын эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй байдал үргэжиллээ гэхэд манай банкууд энэ сөрөг байдлын нөлөөг сөрөх чадвартай эсэхийг урьдчилан тооцоолж үзсэн. Ингээд одоо байгаа 12 хувиа 14 хүртэл болгож, дүрмийн сангаа нэмэгдүүлж, чадавхиа дээшлүүлэх шаардлагыг арилжааны банкуудад тавьсан. Банкууд эдгээр шаардлагыг хүлээж авч ажиллаж байна.

Манай банкны системийн 80 хувийг 3 банк эзэлдэг. Ялангуяа эдгээр том банк санхүүгийн үйлчилгээнд давамгайлж буй нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, чадамжаа нэмэгдүүлэх нь зүйтэй.

Дүрмийн сангаа нэмэгдүүлэхийн тулд хувьцаа гаргаж олон нийтээс хөрөнгө татах, урт хугацаатай тогтвортой эх үүсвэр буюу хоёрдагч өглөг гэсэн хувилбарыг сонгох, үйл ажиллагааны ашиг орлогыг ихэсгэх зэрэг хэд, хэдэн арга бий.

Төв банк хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, хэнээр ч удирдуулдаггүй институци гэдэгтэй санал нийлэх үү? Төв банк хараат бус ажиллаж чадаж байна уу?

Төв банкны бодлого бие даасан байх ёстой. Манай улсын улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого 4 жил, түүнээс бага хугацаатайгаар тодорхойлогддог. Хэрвээ манай улсын эдийн засгийн цогц бодлого нь тийм богино хугацаанд өөрчлөгддөг, тогтворгүй байх юм бол хөгжил гэж ярих ямар ч утгагүй.

Ингэхээр улс орны хөгжлийг урагшлуулахад оролцож буй нэг институци болох Төв банк нь ямар нэг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд харъяалагдаж богино хугацааны улс төр, эдийн засгийн ашиг сонирхолд автахгүй байх ёстой.

Магадгүй богино хугацаанд төрийн бодлоготой зөрж байж магадгүй. Энэ утгаараа зөрчилдөлдөх, шүүмжлүүлэх, Төв банк руу дайрах явдал зөндөө ажиглагддаг.

Төв банкны хараат бус байдал 90 хувьтай байна гэж үздэг. Би тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед хараат бус байж чадсан, ямар нэгэн улс төрийн дарамт байдаггүй байсан.

Төв банкийг Засгийн газрын харьяа болгочихвол яах уу?

Засгийн газар, төв банк хоёр нь нэг удирдлага, бүтэцтэй төв банкууд байдаг. Ялангуяа Африкийн орнуудад. Хэрвээ бид Засгийн газрын харьяа төв банк болговол маш том ухралт хийнэ. Ганцхан жишээ хэлэхэд, мөнгө хэвлэдэг эрхийг Засгийн газарт өглөө гэхэд хавтгайрсан халамжийн бодлогоор хүн бүрт 1.5 сая-ыг тараагаад өгчихнө. Тэгвэл манай эдийн засаг энэ нөхцөл байдлыг  даах чадваргүй. Арилжааны банкууд зээл өгөхгүй байна. Төв банк зээл өг гэдэг хэсэг ч бий.

Зээлийн эрэлтийг хангахаар тийм их хэмжээний мөнгийг Төв банк зах зээл рүү дураараа оруулчихлаа гэхэд эрэлтийг хангах хэмжээний нийлүүлэлт, үйлдвэрлэл алга. Энэ бол Төв банкыг хараат бус байлгах ёстой энгийн, жижигхэн шалтгаанууд.

Том институциар нь авч үзвэл, мөнгө хэвлэдэг, зарцуулдаг байгууллага нь нэг болгочихвол өөрөө, өөрийгөө дүгнэдэг, өөрөө төсөөллөө гаргадаг, өөрийгөө гадна талаас харж, хянадаггүй нэг л тийм эдийн засаг өнхөрнө гэсэн үг.

Засгийн газар, Төв банк хоёр нь УИХ-д харьяалагддаг, ажлаа тайлагнадаг, шалгуулдаг, хянадаг, үүрэг даалгавраа авдаг энэ тогтолцоо, бүтэц нь хамгийн зөв гэж үзэж байна. 

Төв банк дэлхийн банк, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг урьдчилан харж бодлогоо тодорхойлж чаддаг уу?

Дэлхийн эдийн засагт гарч болзошгүй асуудал, түүнээс үүдэх эрсдлийг сөрөх чадвартай, эдийн засгийн дархлаатай байж чадах бодлогыг явуулах хэрэгтэй байна. Европ, АНУ-ын зах зээл маш тодорхойгүй болсон. Энэ байдлаас болж төмрийн хүдрийн үнэ хэлбэлзэж байна.

Нүүрсний ханш олон улсын зах зээлд буурч эхэлсэн. Энэ нь манай гадаад худалдааны эргэлтэд шууд нөлөөлдөг. Ингэснээр манай арилжааны банкууд дотоодын хөрөнгө оруулалтандаа маш болгоомжтой хандаж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдад ч гэсэн том, том хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилж байна. 

ШИНЭ МЭДЭЭ