ОХУ-ын  Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа
2016.12.13
Гадаад харилцаа

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2016.12.13/ худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцож буй ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Хоёр орны хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ үе эхэлж байна уу даа гэж харж байна. Сүүлийн гурван 7 хоногт манай 5 сайд ОХУ-д айлчилж, ОХУ-ын Засгийн газрын 8-9 гишүүнтэй уулзан, салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Санкт-Петербургт эдийн засгийн форум болж өнгөрлөө. Энэ өдрүүдэд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байна. Би маргааш ОХУ-д айлчилж, Төрийн Дум, Холбооны зөвлөл, “Единая Россия” намын удирдлагуудтай уулзана” гэж тэмдэглэв.

Ноён С.Донской “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Бид Монгол Улсыг хамгийн ойрын хөрш, гол түнш, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай орон гэж үздэг. Энэ оны дөрөвдүгээр сард хоёр орны хооронд Стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны баримт бичигт гарын үсэг зурсан.

Энэ баримт бичиг хамтын ажиллагааны цаашдын хөгжилтөд нэмэлт түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагаа улс төрийн түвшний харилцаанаас хоцрогдонгуй байна. Байгаа боломжоо илүү өргөн хүрээнд, илүү үр ашигтай болгох талаар анхаарал тавих шаардлагатай. Энэ чиглэлд Засгийн газар хоорондын комиссын 20-р хуралдаан онцгой ач холбогдол өгч байгаа. Өмнөх Засгийн газраас шинэ Засгийн газарт өвлөгдсөн олон асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр Орос, Монголын хамтарсан УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, Монголд буй ОХУ-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн талаарх асуудлыг шийдвэрлэх, өнгөрсөн онд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Орос, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нарын Ташкентийн уулзалтын үеэр тохиролцоонд хүрсэн “Эдийн засгийн коридор байгуулах” баримт бичигт багтсан төслүүдийг хэрэгжүүлэх, ШХАБ дахь Монгол Улсын оролцоо, байр суурийг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга М.Энхболд “Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр тал онцгой анхаарах ёстой. Сүүлийн 20 гаруй жилд худалдааны хэмжээ багассан, хоёр талын тэнцвэртэй байдал алдагдсанд бид дүгнэлт хийх ёстой. Тарифын болон тарифын бус хүндрэлүүд байдаг. Тэдгээрийг заавал Евразийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд биш, хоёр орны шууд харилцааны зарчмаар шийдэж болно гэж үзэж байна.

Улаанбаатар төмөр зам бол манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэдэл болж үлдсэн цорын ганц байгууллага. Түүний үр ашгийг нэмэгдүүлэх, техникийн хүчин чадлыг сайжруулах, Ази-Европыг холбосон дамжин өнгөрүүлэх тээврийн боломжийг сайтар ашиглах нь чухал гэж онцлов 

ШИНЭ МЭДЭЭ