УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2016.12.15
Хууль, эрх зүй

Б.Саранчимэг: Хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага хангалтгүй байна гэж эмэгтэйчүүд үзэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хариуцлагын механизмыг хэрхэн тусгасан талаар УИХ-аас гарсан ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс тодрууллаа. 

Б.Саранчимэг: ХҮчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага хангалтгүй байна гэж эмэгтэйчүүд үзэж байна

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан олон эмэгтэйчүүд санал хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага хуулийн төсөлд хангалтгүй тусгасан байна гэж саналын дийлэнхид дурдсан байна. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид үүнд тайлбар хэлнэ үү?

Гэр бүлийн хүчирхийлэгчид тусдаа амьдрах, хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхэдтэй харьцахыг хориглох, шаардлагатай гэж үзвэл согтуурах, мансуурах донтой этгээдийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан эмчлэх зэрэг арга хэмжээ авахыг хуулийн төсөлд оруулсан уу?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй байсан болов уу гэж бодож байна."

Н.Оюундарь: Эрүүгийн тухай хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү, захиргааны хариуцлага хүлээлгэх үү гэдгийг нарийвчлан тусгасан

"Анх оруулж ирсэн хуулийн төслийн 46 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тухай зүйл заалтууд тусгасан. Үүнээс гадна дагалдах 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Эдгээр 9 хууль дотор Эрүүгийн тухай хууль багтаж байна.

Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 120 дугаар бүлгийн тодорхой зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тухай нарийвчлан тусгасан.

Хариуцлага тооцохдоо хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, давтан үйлдсэн эсэхээс хамаарч захиргааны хариуцлага хүлээлгэх үү, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдгийг тодорхойлно. Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж ямар хүнийг хэлээд байгааг нарийвчлан зааж өгсөн."

М.Оюунчимэг: Хүчирхийлэлд өртөгсдийн нийгмийн хамгаалал, халамжийн асуудал ч хөндөгдөж байна

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх тухай зүйл заалтууд уг хуулийн төслийн 70 хувьд бий. Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор оруулж, хүний эрхийн асуудлыг харгалзан үзэх шаардлага тулгараад байна. Тиймээс хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хоёр байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гол шалтгаан нь ажилгүйдэл. Ажилгүйдлээс үүдсэн бухимдлаа гэр бүл, үр хүүхэддээ гаргадаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэмцэх тухай заалтуудыг уг хуулийн төсөлд оруулж өгөхийн сацуу нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг давхар бодолцож үзэх шаардлагатай байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ