МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн салбарын хөгжил 10 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байх вэ гэдгээ тодорхойлох ёстой
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.12.17
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын хөгжил 10 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байх вэ гэдгээ тодорхойлох ёстой

Ирэх 10 жилд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг тухайн салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчид хамтран боловсруулж байна.

Энэхүү бодлогын баримт бичиг ямар байх ёстой талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 6 санал дэвшүүллээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

1. Бодлогын баримт бичиг нь эмх цэгц, зохион байгуулалттай, эрэмбэ дараатай, агуулга өргөн, хэрэгжих боломжтой, үр дүн нь хэмжигдэхүйц байх ёстой. Тиймээс аль нэг эрүүл мэндийн байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө маягийн цаас битгий гаргаасай гэж хүсч байна. 

Бодлогын баримт бичгийн хэрэгжих хугацаа дуусахад түүнд тусгагдсан зүйл заалтууд бүгд биелж, салбарын нөхцөл байдал өөрчлөгдсөн, ахиж дэвшсэн байх ёстой. 

2. Төрөөс баримтлах бодлого нь салбарын үндсэн хууль гэсэн үг. Тиймээс ирэх 10 жилд эрүүл мэндийн салбарыг яг энэ зарчмаар хөгжүүлнэ гэсэн заалтуудыг оруулж өгөх нь зүйтэй. Ингэхийн тулд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил 10 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байх вэ гэдгээ тодорхойлох ёстой.

Хэт ойрыг харсан, ойрын 2-3 жилд хэрэгжүүлээд дуусах, ахуйн шинж чанартай заалтууд оруулаад ирвэл хий дэмий цаас үйлдвэрлэсэн болно.

3. Өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн салбартаа ямар бодлого баримталж байгааг судалж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа, зөвлөмжийг анхаарч үзэх хэрэгтэй.

Дэлхийн дахинд 2030 он гэхэд гэнэтийн осол, гэмтлээс бусад тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй түвшинд анагаах ухаан хөгжинө гэж олон улсад ярьж байна. 

Олон улсын чиг хандлагад нийцсэн, хүмүүсийн өдөр тутамдаа авч буй мэдлэг, мэдээллээс ахисан түвшний агуулгатай байх ёстой шүү. 

4. Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болгох, хөгжүүлэх талаар оновчтой тодорхойлж, оруулж өгөх нь зүйтэй болов уу. 

5. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд нь үйлчилгээний чанарын хувьд аймгийн төвийн эмнэлгээс ялгардаггүй. Тиймээс хүмүүс өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд төв суурин газар, хот, цаашлаад гадаад улсыг зорьж байна.

Гэтэл “бүсийн” гэдэг тодотголоороо аймгийн төвийн эмнэлгээс давуу эрхтэй, их төсөвтэй байдаг. Энэ байдлыг цаашид яаж шийдэх талаар бодолцох нь зүйтэй. 

6. Эрүүл мэнддээ онцгой анхаарч буй хүмүүст зориулсан урамшуулал гэхээр эрүүл мэндийн даатгалын тухай л ярьдаг. Тэгвэл иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс гаргаж буй хүчин чармайлтыг өөр ямар эх үүсвэрээр дэмжиж урамшуулж болох уу гэдгийг судлах хэрэгтэй.

Нөгөө талаас хувь хүн өөрийн гэм буруутай үйлдлээс болж, эрүүл мэндээ хохироосон тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг ч тусгах ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ