Ардчилсан Намын даргад өрсөлдөхөөр үнэмлэхээ авсан ТАВАН эрхмийг танилцуулж байна
2016.12.19
Улстөр

Ардчилсан Намын даргад өрсөлдөхөөр үнэмлэхээ авсан ТАВАН эрхмийг танилцуулж байна

Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6,7-ны өдөр намын VI Их хурлаа хийж нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Шинэчлэлийн эхлэл болгож АН-ын даргын сонгуулийг эхлүүлж нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гадуулж өглөө.

АН-ын даргад Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар өрсөлдөхөөр үнэмлэхээ авлаа. 

Харин М.Чимэддорж намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээгүй байна.

Намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ санал авч сунгаагаар тодруулах юм.

АН-ын даргад өрсөлдөх таван эрхмийг танилцуулж байна.

НОРОВ ОВОГТОЙ АЛТАНХУЯГ - 1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 58 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд МУИС-ийг биофизикч мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд АН-ын ЕНБД. 2004-2006 онд Сангийн яамны сайд. 2008-2012 онд УИХ-ын гишүүн. 2008-2012 онд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн шадар сайд. 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд. 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж байсан.

ЖАЛБАСҮРЭН ОВОГТОЙ БАТЗАНДАН -1974 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Унгар улсын Мищкольцын их сургуулийг Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд Унгар улсын Мишкольцын их сургуульд Хууль зүйн ухааны доктор. 2011-2012 онд "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн ТУЗ-ын гишүүн. 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

ЛУВСАННЯМ ОВОГТОЙ ГАНТӨМӨР - 1973 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 43 настай. ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1993-1996 онд Япон улсын Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1996-1999 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. 2004, 2016 онд УИХ-ын гишүүн. 2006-2007 онд УИХ-ын Эдийн эасгийн Байнгын хорооны дарга. 2008-2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. 2012-2014 онд Боловсрол Шинжлэх Ухааны сайд. 2014-2016 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдаар ажиллаж байсан.

СОДНОМЗУНДУЙ ОВОГТОЙ ЭРДЭНЭ - 1963 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1994 онд Отгонтэнгэр Их сургуулийн магистр. 2000 онд Удирдлагын Академийн магистр. 2013 онд Удирдлагын Академийн доктор. 2008 оноос УИХ-ын гишүүн. 2012-2016 онд Хүн Ам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

ДОНДОГДОРЖ ОВОГТОЙ ЭРДЭНЭБАТ - 1959 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд терсөн. 57 настай. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. 2008, 2012 онд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2014-2016 онд Засгийн Газрын гишүүн, Аж Үйлдвэрийн сайд. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Намын даргын сонгуулийн үйл ажиллаганы цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжилнэ. 

2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалт 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана.

Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй аж. 

ШИНЭ МЭДЭЭ