Б.Бат-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2016.12.23
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэллээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар тэсэлгүй ам нээлээ. Үүнээс өөр арга алга.

 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг шалгаж буй ажлын хэсгийн гишүүд ажлаа шуурхайлж, УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Он гарлаа шүү дээ.

Тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан эздийн барьцаа улам чангарч, замхрах байдал үүслээ. Олон нийтэд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирлаа. Энэ бол маш зөв зүйтэй, сайн явдал гэж яриад байсан. Гэтэл болж буй процессыг хараад байхад асуудал буруу тийшээ эргээд байна шүү дээ.

Монголынхоо баялгийг үндэстэн дамнасан корпорациудад өгдөг болсон байна. 10 жилийн өмнө Оюу толгой төслийг ярьж эхэлсэн. Одоо уг төслөөс үүдэлтэй муу үр дагаврууд ар, араасаа гарч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг толгой мэдэн 4,4 тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурж, Оюу толгой төслийг гадаадынхны талд эргүүлсэн. УИХ-аас ажлын хэсэг томилогдож, 1 тэрбум ам.долларын зөрчил байна гэдгийг тогтоосон ч тоогоогүй. Манай улсын баялгийг барьцаалж авсан 4,4 тэрбум ам.доллар бол бидэнд ямар ч хүртээлгүй болж байна.

Одоо Тавантолгойн асуудал ямар хэмжээнд хүрсэн байна? Цаашлаад оффшор бүстэй холбоотой асуудал гаарч, тус бүс нутагт хэдэн арван мянган ам.доллараас хэдэн сая ам.долларыг гадаад улсын дансанд байршуулсан байна.

Энэ бүх асуудлаар Засгийн газрын хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Гол нь кабинетийн зарчмаар ажиллаж байгаа нөхцөлд тэр бүр ам нээх боломж хязгаарлагдмал байна.

Хамгийн тодорхой жишээ татахад, Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд Монросцветмет нэгдлийн удирдлагаар уул уурхайн чиглэлийн бүрэн чадамжтай менежерийг томилох санал гаргасан.

Уурхайчнаас эхлээд Монросцветмет нэгдлийн гол удирдлага хүртэл, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар чадавх, чадамжтай мэргэшсэн мэргэжилтнүүдийг томилох хүсэлт гаргахад зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар барьцаанд орчихоод бидний хүсэлтийг хүлээн авахгүй, хичнээн өдөр, сар өнгөрч байна.

Энэ маягаар явбал цаашид Тавантолгой төслийн 51 хувийг төр эзэмшье гэвэл жижиг хувь эзэмшигчид, гадаадын хөрөнгө оруулагчдын аманд нь багтаад явах нь байна шүү дээ." 

ШИНЭ МЭДЭЭ