“Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлнэ
2016.12.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлнэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан.

Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгав.

 Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам тооцоолж байна.

  “Мах, сүүний анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.  

  70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна.

ШИНЭ МЭДЭЭ