МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2017.01.04
Хууль, эрх зүй

Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан /2017.01.04/ өнөөдөр 14 цаг 23 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Дипломат албаны тухай хуулийг анх 2000 онд баталжээ. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлжээ.

Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох дипломат ажилтнуудын томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан юм. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нь улс орны эдийн засгийн чадавхи бололцоонос хамаараад орон тооны хувьд цөөхөн ажилтантай байдаг тул нэг ажилтан хэд хэдэн ажил давхар хариуцаж ажилладаг. Иймээс томилогдоод тодорхой хугацаанд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын үзүүлэлтээс хамааруулж уян хатан хандах, ажлын дадлага туршлагыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс дэлхийн бусад орны жишгийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах суурь хугацаа нь 4 жил байхаар төсөлд тусгасан. Харин хариуцлага алдсан, ажилдаа тэнцэхгүй байгаа дипломат ажилтнуудад тухай бүрт нь хариуцлага тооцох, хугацаа харгалзахгүйгээр эгүүлэн татах боломж нээлттэй гэдгийг хэллээ.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар Дипломат төлөөлөгчийн газруудын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэ зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүйгээр царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх боломжтой. Иймд энэ онд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй. Харин 2018 оноос энэ зардлыг хүүхдийн дундаж тоог харгалзан Дипломат төлөөлөгчийн газар тус бүрээр тооцож төсөвт суулгаж өгөх юм. Хүүхдийн тоо, насны байдлын судалгаанаас үзэхэд 2018 оны улсын төсөвт 280 орчим мянган ам.доллар суулгахаар байгаа гэдгийг тодотголоо.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Л.Болд, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь буюу 85.7 хувь нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ