Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг бүтээн байгуулалтад оролцохгүй
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.01.18
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг бүтээн байгуулалтад оролцохгүй

Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо.

-Татан буулгачихсан дотоодын цэргийг сэргээх шаардлага бий юу. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Дотоодын цэргийг зайлш­гүй сэргээх шаард­лага тавигдаж бай­на. Дэлхийн бүс нут­­гуу­дын аюулгүй байдал­тай холбоотой асуу­дал, терроризм янз бү­рийн халдлага их гарч бай­на. Тодорхой жишээ хэлэ­­хэд хүн амын талд нь хамааралтай Улаанбаатарын гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг хамгаалж байх ёс­той.

Цагдаагийн албан хаагч 24 цагийн хугацаанд жижүүрлэнэ гэдэг учир дутагдалтай. Үүргээ сайн биелүүлж ирсэн 92 жилийн түүхтэй байгууллагаа татан буулгачихаж болохгүй. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын тулгуур хуулиуд батлагдсантай холбогдож дотоодын цэр­гийг байгуулах хуулийг оруулж ирж байгаа.

До­тоо­дын цэрэг 1922 оноос 2014 он хүртэл 92 жил үүрэг гүйцэтгэсэн. 1990 оноос өмнө хилийн ба до­тоодын цэрэг гэж бай­сан бол түүнээс хойш цаг­даагийн байгууллагын бүрэл­дэхүүнд багтаж үүрэг гүйцэтгэж ирсэн. Улс орны аюулгүй байд­лыг сахин хамгаалах, ард ир­гэдийн амар тайван бай­дал, мөн улсын онц чу­­хал обьектын ха­руул хамгаалалтыг гүйцэтгэдэг.

-Дотоодын цэргийг сэргээлээ гэхэд шинээр анги байгуулах уу?

Засгийн газар, Хуульзүй дотоод хэргийн яамнаас энэ жилийн батлагдсан төсөвтөө багтаагаад дотоодын цэргийг байгуулахаар төлөвлөж байна. Хуучин анги байгууллагууд татан буугдсантай холбоотойгоор шинэ анги байгуулахад 2.5-3 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгө шаардлагатай асуудал яригдаж байна. Бусад нь батлагдсан төсөвтөө багтаад байгуулагдчих байх.

Ер нь улс орны эдийн засаг хүндэрч байгаатай холбоотойгоор харьцангуй 2012-2013 онд хөрөнгө мөнгөний бололцоотой байгаа дээр нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудынхаа төсөв зардлыг хасчихсан юм билээ.

Тухайлбал, зэвсэгт хүчний хувцасны зардлыг төсвөөс гаргахаа больчихсон. Өөрийнхөө улс орны аюулгүй байдлыг бусад улс орноор хамгаалуулж байгаа улс өөр байдаг байх. Бидэн шиг тусгаар тогтносон, аюулгүй байдлаа хамгаалах зэвсэгт хүчин, батлан хамгаалахтай улс орнууд энэ салбарын цэргийн албан хаагчдын хоол хувцас, бусад зардлыг төр хариуцах ёстой.

Гэтэл 2014 оноос хойш хариуцаж чадахаа больчихсон. Бид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон томилолтын зардлаас зэвсэгт хүчний хэмжээний цэргийн албан хаагчдын хувцсанд зарцуулж байх жишээтэй. Уг нь томилолтын зардал зөвхөн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч, ашиглаж байгаа техник хэрэгслийг сэргээх, сайжруулахад зориулсан байдаг.

Ийм ядарсан байна. Зөвхөн зэвсэгт хүчний салбар ч биш Хуульзүй, дотоод хэргийн яамны харъяа агентлагууд хувцасны зардлаа өөрсдөө хариуцдаг юм билээ. Олон тэрбум төгрөгийн хуримтлагдсан хүндрэлүүд байгаа. Цаашид ийм маягаар явах юм уу гэдгийг байнгын хороон дээр хэллээ. Ийм байдлаар явах юм бол дараагийн ээлжинд хоолыг нь дааж чадахгүй нь. Өөрсдөө гэрээсээ хоолоо олж ир гэж хэлэх байдал руу орох юм байна.

-Цэргүүдийг зөвшөө­рөл­гүй­гээр барилга дээр ажиллуулах тохиолдол их гардаг. Энэ асуудлыг хуулиар зохицуулсан уу?

Дотоодын цэргийн албан хаагчид тусгай чиг үүрэгтэй учраас барилга бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй. Зэвсэгт хүчний анги байгууллагууд ч мөн адил бүтээн байгуулалтад оролцохгүй. Зургаан сар, нэг жил алба хааж байгаа цэргүүдэд улс орны аюулгүй байдалтай холбоотой сургалт, бэлэн байдал хамгийн чухал. Алба хаах хугацаанд системтэйгээр олгох мэдлэг, боловсрол гэж бий. Тиймээс өөр зүйлд оролцох ямар ч боломжгүй.

2008-2012 онд УИХ-аар баталсан Зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүн Батлан хамгаалах яамны харъяанд хуучин барилгын цэргийн анги гэж байсан хэд хэдэн ангийг байгуулсан. Тэдгээр анги байгууллагууд бүтээн байгуулалтын ажилд оролцоно. Ялангуяа, улсын тусгай нууцын зэрэглэлд хамаарах барилга обьектын ажилд оролцоно.

Дотоодын аж ахуйн нэгж хүч хүрэлцэхээргүй, мөн чухал хэрэгцээ шаардлага байна гэвэл улс орны хэмжээний бүтээн байгуулалтад хүн хүч татаж болно. Тухайлбал, АСЕМ-ийн хотхоны гадаад, дотоод тохижилж, зам, гүүр гээд хамгийн хүнд ачааг манай анги байгууллагууд үүрсэн.

-Монгол цэрэг бүтээн байгуулалт үргэлжлэх үү?

Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарт 24 тэрбум төгрөг аваад Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийг дэвшүүлсэн. Улс орны эдийн засаг хумигдсантай холбоотойгоор энэ жил буцааж, улсын төсөв дээр хассан. Ирэх жил бүтээн байгуулалт, хүн хүч татах асуудал байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ