МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

З.Болдсайхан: УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц” ашиглалтад орно
2017.01.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

З.Болдсайхан: УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц” ашиглалтад орно

Хараагүй иргэдэд зориулсан анхны орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өнөөдөр уг барилгын гүйцэтгэлийн ажилтай очиж танилцаж байна. Гүйцэтгэлийн ажил өдгөө 90 хувьтай явж байгаа бөгөөд цагаан сарын өмнө ашиглалтад орох юм байна. Хараагүй иргэдэд зориулсан орон сууцыг барих санаачлагыг анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж байжээ. Улмаар 2015 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаж байхдаа цалин төсвийн багцад дөрвөн тэрбум төгрөг суулгаж, барилгын ажлыг эхлүүлж байсан аж.

Харин барилгын ажил явагдсаар ирэх хоёрдугаар сарын сүүлээр ашиглалтад орж 90 айлын дулаан байрандаа орохоор болжээ. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа холбогдох албаны хүмүүстэйгээ хамт барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж байх үеэр зарим зүйлийг тодрууллаа.

БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа “Өнөөдөр манай Баянгол дүүргээс “Нэг дүүрэг, нэг байгууллага” гэсэн арга хэмжээний хүрээнд БГД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүй иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төв дээр ирж ажиллаж байна. Улмаар хараагүй иргэдийн орон сууцны барилгын явцтай танилцах, чанар нь хэр байна, ажиллаж байгаа иргэд нь хэрхэн яаж хамрагдах вэ зэргийг анхаарч, ярилцах явдал юм.

Үйлдвэр маань төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Тиймээс бүтээгдэхүүнийг нь борлуулах тал дээр туслах зорилт тавин ажиллаж байна. Бид татвар төлөгчдөө тодорхой тайланг өгч байх ёстой. Манай татвар төлөгчдийн мөнгөөр Нийслэлд сүүлийн 30 жилд баригдаагүй 90 айлын орон сууц барьж байгуулсанд бид баяртай байна. Хамгийн гол нь хараагүй иргэдийг туслаад дэмжээд байх хүмүүс байдаггүй учраас орон сууцны асуудлыг шийдэхэд, эдгээр хүмүүс үйлдвэртээ ажиллаж тав тухтай амьдрах ийм нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.

Хараагүйчүүдийн төвийн захирал З.Болдсайхан “ Манай хараагүй иргэд бусад орон сууцны хөтөлбөр, мөн найман хувийн ипотект хамрагдаж чаддаггүй. Тийм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгайлан халамжийн орон сууц барьж орон, сууцаар хангах нь туйлын чухал. Үүнийн нэг том эхлэл, анхдагч нь манай барилга болж байгаад баяртай байна.

Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид бол шууд орно. Үлдсэн байранд нь Хараагүйчүүдийн үндсэн холбоогоор дамжуулаад гишүүдээсээ өргөдөл аваад, тодорхой материал бүрдүүлээд Хараагүйчүүдийн зөвлөл дээр хэлэлцэж байгаад тодорхой шалгуур хангасан иргэдийг байранд оруулна. Өөрөөр хэлбэл, ам бүл, амьжиргааны түвшин, өөрийн гэсэн орон сууцгүй зэргийг харгалзан үзнэ.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ орон сууц маань улсын өмчит учир өмчлөгдөж, хувьчлагдахгүй. Зөвхөн амьдарч, ашиглалтын зардлаа хувь хүн өөрөө төлнө. Ашиглалтын зардалд дулаан цахилгаан багтана. Талбай ашиглалтын буюу СӨХ-ийн бага хэмжээний мөнгөө төлнө. Түрээсийн мөнгө гэж байхгүй” гэсэн юм.

Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвийн ажилтан Ц.Уранчимэг “Ажилчдын 90 айлын орон сууц баригдаж байгаад маш их баяртай байна. Бид нарыг орон гэртэй болгож байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Нөхөр, хүүхэд маань хараа муутай. Урьд өмнө нь байр хөөцөлдөх гэхээр цалин бага болохоор болохгүй байсан. Тэгээд ч банкуудын хувьд ч хараагүй хүнд зээл барагтай бол өгдөггүй. Өөрсдийн эрсдлээ тооцоолдог байх. Харин одоо бол ийм сайхан байранд орох болсондоо туйлын баяртай байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ