УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.01.20
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Дотоодын цэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дотоод цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:

"Байнгын хорооны санал, дүгнэлтээс харахад, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл, арга хэмжээнд 24 тэрбум төгрөг суулгасан ч эдийн засаг хүндэрсэн учраас төсвөөс буцаан татсан.

Дотоодын цэргийг сэргээж бүтээн байгуулалтад оролцуулаад байх юм биш биз, дотоодын бизнес эрхлэгчдийн ажлыг булаах нөхцөл байдал үүсэх вий гэсэн ойлголт нийгэмд байх шиг. Тиймээс үүнийг залруулах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт та дотоодын цэргийн үндсэн чиг үүргийг тодорхой хэлж, тайлбарлаж өгөх нь зүйтэй болов уу."

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"Дотоодын цэргийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол гэж хуулийн төслийн 37 дугаар зүйлд заасан. Дотоодын цэргийн албан хаагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэлийг хэрэглэнэ гээд цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хурааж авах журам, харилцааг Цэргийн албаны тухай 6 дугаар бүлэгт заасны дагуу зохицуулна гэж хуулийн төсөлд тодорхой заалтууд бий.

Дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагаанд энхийг сахиулахаас гадна дотоодын бүтээн байгуулалтын ажилд оролцоно, оролцохгүй гэсэн асуудал урган гарсан.

Хуулийн төсөлд дотоодын цэрэг нь улс орны аж ахуйн үйл ажиллагаанд оролцоно гэсэн заалт байхгүй.

Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг:

- Улсын онц чухал обьектыг хамгаалах

- Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах

- Гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх

- Аюулт үзэгдэл, гамшгаас аврах ажиллагаа болон хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд оролцох

- Шаардлагатай үед зарим обьектийг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээврийн замд харгалзан хүргэх

- Террорист үйлдлийн эсрэг сөрөг үйл ажиллагаанд оролцох

- хуулиар тогтоосон бусад чиг үүрэг

ШИНЭ МЭДЭЭ