Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.01.23
Гадаад харилцаа

Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Элчин сайд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол улс Ази дахь гол түнш орон Япон улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд манай хоёр орны харилцаа урт удаан түүхэн замналтай. 2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын "Харилцан ойлголцох санамж бичиг"т гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч эрчимтэй хөгжиж байна.

Бид бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, цэргийн боловсон хүчин сургах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Хоёр талын хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдийг цаашид хадгалахын зэрэгцээ шинэ хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхэд та өөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байгаа. Эрхэм элчин сайд тантай уулзаж, ярилцсандаа таатай байна. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье" гэлээ.

Элчин сайд Масато Такаока "Энэ онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд улс төр, нийгэм, эдийн засаг, соёл гэх мэт олон салбарт хамтран ажиллаж ирлээ. Тэр дунд Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлж байна. 2017 оны 3 сард Японы батлан хамгаалахын атташе шинээр томилогдон ажиллана.Та бүхний зүгээс үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна" гээд цаашид ч хамтын ажиллагаагаа салбар бүрт хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагад Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний цэргийн алба хаагчид үргэлжлүүлэн оролцоно гэдгийг элчин сайд илэрхийллээ. Уулзалтын үеэр хоёр тал "Зам" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэх нь хоёр орны батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцааг хөгжүүлэх чухал арга хэмжээний нэг гэдгийг онцолж байсан юм. Талууд харилцан талархал илэрхийлснээр албан уулзалт өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ