МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Үндэсний шигшээ багийн тамирчин биш тамирчдын нийгмийн баталгааг яаж хангах вэ?

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэд хэдэн тодорхой асуудлыг хуулийн төслийн ажлын хэсгээс тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хуулийн төсөлд танилцсан. Хуулийн төслийн үзэл баримтлалаас хэдэн зүйлийг тодруулья.

Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спорт нь хүн ам, нийгмийн эрүүл мэнд гээд Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэг хэсэг харьяалагдаж, нөгөө үе боловсрол, сургалт гэдэг агуулгаар нь Боловсролын яаманд харьяалуулж байсан нь бий. Энэ мэтчилэн Биеийн тамир, спортын чиглэлээр Монголын төрөөс баримтлах бодлого, байр суурь тогтвортой биш явж ирсэн.

Хуулийн төсөл нь үзэл баримтлалын хувьд өмнөх хуулиас юугаараа ялгаатай вэ?

Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ нь одоо мөрдөж буй хуулийн үндсэн санаатай давхцаж байна. Биеийн тамир, спортыг түншлэлийн зарчмаар хөгжүүлэх, төрийн бус байгууллагаар зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх, орчин нөхцлийг сайжруулах, спортыг ШУ-ны үндэслэлтэй хөгжүүлэх гэх зэргээр агуулга давхацсан гэж үзэж байна.

Үзэл баримтлалын шинэчлэл нь юундаа байна?

Тамирчдын нийгмийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ? Хуулийн төслийн “Тамирчдын эрх, нийгмийн баталгаа” хэсэгт тодорхой зүйл заасан байна л даа. Гэхдээ спортын өндөрлөгт хүрсэн буюу Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын насан туршийн нийгмийн баталгаа хангагддаг болсон шүү дээ. Гэтэл хуулийн төсөлд зөвхөн үндэсний шигшээ багт харьяалагдах тамирчдын нийгмийн баталгааг тусгасан байн.

Үндэсний шигшээ багт ороогүй, спортын хувийн клубуудад хичээллэж, тодорхой амжилт гаргасан тамирчдын нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ?

Нийгмийн эрүүл мэнд, нийтийн бие тамир гэж ярьдаг. Хуулийн төсөлд “Нийтийн бие тамир” гэсэн томьёолол байхгүй бөгөөд энэ томьёоллоор орсон заалтууд цөөн байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалд, “Спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой зохицуулалтыг бий болгоно” гэж дурджээ. Энэ нь яг ямар зохицуулалт вэ?

Мөн “Спорт дахь ялгаварлан гадуурхал” гэсэн нэр томьёо хуулийн төсөлд байна. Энэ нь манай улсад бодитоор бий юу?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр:

Хуулийн төслийн үзэл санаа өмнөх хуулиас төдийлөн өөрчлөгдөөгүй. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан зорилтуудыг үеийн үед тавьж байна. Харин хуулийн төсөлд эдгээр зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой тусгаснаараа өмнөх хуулиар ялгарна.

Хуулийн төсөлд үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн асуудал туссан нь шигшээ багийн тамирчид улсаас цалинждаг, хэрэв бусад тамирчдын нийгмийн асуудлыг уг хуулийн төсөлд тусгах юм бол улсын төсөвт ирэх санхүүгийн ачаалал нэмэгдэнэ гэж үзсэн.

“Нийтийн бие тамир” гэсэн томьёолол хуулийн төсөлд тусгаагүй ч гэсэн чийрэгжилт, идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирын боловсрол гэх мэтээр энэ нэр томьёоны агуулгыг тусгасан юм.

“Спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой зохицуулалтыг бий болгоно” гэдэг нь аливаа байгууллага нийт төсвийнхөө нэгээс багагүй хувийг ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллэхэд зарцуулна, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас спортын хөгжилд зориулсан хандив, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний зардал, дэд бүтцийг барихад оруулсан хөрөнгө оруулалтыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэсэн заалт оруулсан. Эдгээр нь мэргэжлийн спортын холбоод нэг хандивлагчаас хамааралтай байгааг өөрчлөх, цаашид мэргэжлийн холбоод бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд зориулсан заалтууд юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамирын бодлого хариуцсан дарга н.Чинбат:

“Спорт дахь ялгаварлан гадуурхал” гэдэг нь өндөр зэрэгтэй тамирчин бага зэрэгтэй тамирчдын хоорондоо үүсэх харилцааг зохицуулна. Тухайлбал, хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс дэлхийн спортын холбоод эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хүйсээр ялгаварлан гадуурхахгүй тэмцээн, уралдаанд оролцуулдаг болсон. Дасгалжуулагчдын тухайд ч хамааралтай асуудал юм.

ШИНЭ МЭДЭЭ