Б.Саранчимэг: Эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт хичээллэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.01.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Саранчимэг: Эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт хичээллэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.24/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой хувийг фитнесс клубт хичээллэх зардалд зарцуулах нь зүйтэй гэсэн санал хэлж байсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Хуулийн төслийг дэмжиж байна. Учир нь хуулийн төсөл батлагдсанаар биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэж ойлгож байна.

Уг хуулийн төслийн зорилтыг биеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ. Мэдээж эдгээр харилцааг зохицуулах нь зүйтэй боловч нөгөөтэйгүүр нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль гараасай гэж хүсч байна.

Хуулийн төсөлд нэг шинэ санаа орж ирсэн нь эрүүл мэндийн даатгалын мөнгөө гурван жил огт ашиглаагүй бол фитнессийн төлбөрт зарцуулж болно гэжээ. Гэхдээ гурван жил гэдэг урт хугацаа юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог юм чинь яагаад аливаа өвчлөлт өртөхөөс урьдчилан сэргийлж, фитнесс клубт явах боломжийг бүрдүүлж болохгүй гэж? Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой хувийг иргэд фитнессээр хичээллэхэд зориулах саналтай байна.

Хуулийн хэрэгжих хугацааг 2020 он гэж тавьж өгсөн нь хэтэрхий хол сонсогдлоо. Тиймээс хэрэгжих хугацааг наашлуулах хүсэлтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ