МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
2017.02.07
Эдийн засаг, Худалдаа

Д.Тогтохсүрэн: Польш улсын Засгийн газраас тавьж буй шаардлагыг зөөлрүүлж болохгүй юу?

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг УИХ-ын төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Сангийн яамнаас асуулт асуулаа. 

Д.Тогтохсүрэн: Төслийн гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж болохгүй юу?

Гурван төрлийн зээлийн хэлэлцээр яригдаж байна. Польш улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан гэсэн гурван өөр сувьекттэй байгуулах хэлэлцээрийн төслийг бид хэлэлцэх болно. Энэ мэт зээлийн хэлэлцээр байгуулж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай хэр уялдаж байгаа вэ? Өрийн зохистой хэмжээ алдагдаагүй юу?

Тухайлбал, Польш Улсын Засгийн газартай хийх зээлийн хэлэлцээрт, Энэхүү зээлийг Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100% (зуун хувь) санхүүжүүлэхэд ашиглах гэсэн байх юм. Энэ нь Польшийн Засгийн газраас тавьж буй шаардлага уу? Хэлэлцээрийн явцад зээлийн тодорхой хувийг Монгол Улсын аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээнд зориулах талаар гэрээнд тусгаж болох уу?

Б.Нямаа: Төслийн туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниудыг ажиллуулах талаар ярилцана

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2017 онд өрийн таазыг ДНБ-ий 85 хувьтай тэнцүү байна гэж заасан. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар өрийн тааз ДНБ-ий 78 хувийг эзэлж байна. Цаашид Олон улсын валютын сангийн хөтөлбөр, энэ он болон ирэх оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулагдах зээл зэргийг тооцож үзэхэд хөнгөлөлттэй зээлээс бусад төрлийн санхүүжүүжилтийн хэлбэрийг ашиглах боломжгүй болоод байна.

Польш улсын Засгийн газраас 50 сая еврогийн зээл авна гэж байгаа боловч өнөөгийн үнэ цэнийг тооцдог аргачлалаар авч үзэхэд харьцангуй бага дүнтэй болох юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацаа нь нэг жилийн дотор биш хэд хэдэн жилийг дамнаж хэрэгжих учраас зээлийн төлбөр төлөх ачаалал харьцангуй бага.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам эхний ээлжинд хөнгөлөлттэй зээлийг авч ашиглана гэсэн бодлого барьж байгаа учраас Польш улстай хийх хэлэлцээрийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа нь энэ. 

ШИНЭ МЭДЭЭ