МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай битгий хэл нэг ч Монгол хүн харвони эмийг авах эрхгүй болох нь
2017.02.13
Эрүүл мэнд

Архангай битгий хэл нэг ч Монгол хүн харвони эмийг авах эрхгүй болох нь

ДЭМБ-аас 2030 он гэхэд элэгний В, С вирусыг бүрэн устгаж, нийгмийн эрүүл мэндийн аюул биш болгоно гэсэн зорилт тавьжээ. Харин манай улс “2020 он гэхэд элэгний С вирусыг устгана” гэсэн зорилт тавьж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд “Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Элэгний эмгэггүй Архангай” төслийг боловсруулж, 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хүргүүлсэн байна.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тэрбээр нутгийнхаа иргэдийн төлөө хүсэлтийг нь харгалзан үзэж, тэдний ирүүлсэн төслийг дэмжин ажилласан аж. Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-ын “Гилеад Сайнс” компанитай холбоо тогтоож, элэгний С виру­сын 3000 ширхэг эмийг буцалт­гүй тусламжаар авах боломж­той болсон байна.

Тиймээс 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүсэлтээ уламжилж, Засгийн газар дэмжиж “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ-ийн татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм. Гэтэл өөрийгөө монголчуудыг эрүүл элэгтэй болгохын тулд хамаг бүхнээ зориулан зүтгэж байгаа гэх “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар гэх нөхөр энэхүү элэгний эмний асуудлаар сүүлийн хэдэн хоног “поп”-дож эхлээд байгаа.

Тэрбээр “Ё.Баатарбилэг гишүүн, А.Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүст өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол А.Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна” хэмээн эгдүүцэж, асуудал үүсгэх болсон.

Тэгвэл энэхүү эмийг Архангай аймгийн иргэдэд буцалтгүй тусламжаар өгөхөөр болоод байгаа Америкийн компани гааль дээр байгаа Харвони эмийг буцаан татаж магадгүй болоод байна. Тодруулбал, АНУ-ын “Гилиад Сайнс” компаниас Монгол дахь дистрибьютер компани болох “Омбал” ХХК-ийн удирдлагуудад “Гааль дээр байгаа 1000 хүний Харвони эмийг татаж оруулахаа азнаж байгаарай, хэрэв Монгол Улсын Засгийн газраас манай компанийн хэрэгжүүлж байгаа төслийг ямар нэг байдлаар өөрчлөх гэвэл бид татан авах нөхцөл үүсч болзошгүй” гэж мэдэгдсэн талаар уг төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдэгдсэн.

Тиймээс Архангай аймгийн ахмад настнуудад элэгний С вирусын Харвони эмийг түгээх зорилготой эхлүүлсэн төслийн зорилгыг Д.Наранбаатар мэтийн хэсэг нөхдүүд улстөржүүлж, гуйвуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч, дэлхийгээр нэг тарааж шоудсаны үр дүнд Архангай битгий хэл нэг ч монгол хүн харвони эмийг авах эрхгүй болох эгзэгтэй байдал үүсч байгаа гэсэн үг. Үнэхээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хэлээд байгаа шиг энэхүү төслийн ажил зогсчихвол хэн хариуцлага хүлээх бол.

Мэдээж асуудал үүсгээд яваа Д.Наранбаатар гэх нөхөр лав хариуцлага хүлээхгүй гэдэг нь ойлгомжтой. Учир нь тэрбээр монголчуудыг элэгний өвчлөлөөс салгах гэсэндээ биш, харин ч элэгний өвчтэй хүмүүсийг бөөн мөнгө болгож хардаг нэгэн байж ч магадгүй болж байна. Өмнө нь 300 хайрцаг “Viekira Pak” (3D) эмийг 50 хүнд үнэ төлбөргүй олгохоор АНУ-аас оруулж ирж байсан байгаа юм. Ингэхдээ Д.Наранбаатар Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж, Сангийн яамнаас гаалийн НӨАТ-аас чөлөөлүүлсэн гэж байгаа. Хачирхалтай нь, НӨАТ-аас чөлөөлсөн 300 хайрцаг эм ямар шугамаар иргэдэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй.

Магадгүй “Оном” сангаар дамжуулан авсан эмээ иргэдэд үнэтэй зарчихсан ч байж магадгүй нэсэн хардлага явж эхлээд байгаа гэсэн. Учир нь, тус сангийн байранд байгуулсан лабораторид шинжилгээнд ороход 6000 төгрөгийн ханштай байдаг гэж байгаа. Уг нь бол энэ төрлийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийдэг гэсэн. Энэ мэтээс харж байхад Д.Наранбаатар гэх нөхөр тийм ч сайхан “энхийн цагаан тагтаа” биш бөгөөд энэ бүх шоудалтын цаана юу нуугдаж байгаа нь ойлгомжтой болж байгаа юм.

Тэгээд ч Архангай аймгийн иргэд ч монгол хүн шүү дээ. Тиймээс энэ мэт буруу мэдээллийг нийгэмд түгээж, барин тавин мэдээлэл хийж, буцалтгүй тусламжаар орж ирэх гэж байгаа эмийн хувь заяаг харуулаад байгаа үйлдлээ яаралтай зогсоовол зүгээр байна. Нэг хүний бизнесийн ашиг сонирхлоос болж нэлээд олон хүний буюу 3000 монгол хүний эрүүл мэндийн асуудлаараа наадуулаад байж болох уу.

ШИНЭ МЭДЭЭ