МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Энэ төслийг улстөржүүлж "жалга, довны" гэх мэтээр гутааж байгаад харамсч байна
2017.02.14
Улстөр

Ё.Баатарбилэг: Энэ төслийг улстөржүүлж "жалга, довны" гэх мэтээр гутааж байгаад харамсч байна

УИX- ы н гишүүн Ё.Баатарбилэгээс тодрууллаа.

-АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар 3000 хайрцаг “Харвони” эмийг өгөхөөр болсон. Эдгээр эмийг Архангай аймгийн 45- 60 насны, С вирусийн халдвартай иргэдэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн нь маргаан дагуулж байна. Иргэдээ ялгаварлан үзлээ гэх мэтээр ярьж байна. Энэ ажлыг таныг хөөцөлдсөн гэж байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Манай нам сонгуульд орохдоо “Элэг бүтэн Монгол” төсөл хэрэгжүүлж “С” вирусийн өвчлөлийг бууруулна гэж зорилт дэвшүүлсэн. Засгийн газар ч мөрийн хөтөлбөртөө тусгасан. Маргаад байх, олон түмэнд эргэлзээ төрүүлэхээр зүйл байхгүй, бүх зүйл ил тод, урт хугацаанд явагдаж байгаа төсөл.

Миний хувьд “Харвони” эмийг үйлдвэрлэгч АНУ-ын Гилиад Сайнс компанийн холбогдох хүмүүстэй сонгуулийн дараа уулзаж, аймагтаа “элэгний эмгэггүй” болох төсөл хэрэгжүүлэх саналаа хэлж, тодорхой тооны эмийг үнэгүй “хандивлаач” гэдэг хүсэлт тавьсан. Монгол дахь албан ёсны дистрибютер болох “Омбол” ХХК-ийнхан тэр уулзалтад хамт байсан.

Энэ хүсэлтийг харин “Гилиад Сайнс”-ыхан хүлээн авч тодорхой тооны эмийг хандивлая, гэхдээ эм уух хүмүүсийнхээ вирус илрүүлэх шинжилгээг, мөн “С” вирустэй хүмүүсийнхээ вирусийг тоолох шинжилгээний зардлыг аймаг өөрсдөө хариуцаарай гэдэг болзол тавьсан. Ингэж л төслийг эхлүүлэхээр болсон. Өнгөрөгч оны есдүгээр сараас эхлээд Архангай аймагт аймгийн удирдлагуудаар ахлуулсан төслийн баг ажилдаа орж, долоон сар ажиллаж байж эхний ээлжийн 1000 ширхэг эм орж ирж байгаа юм.

-“Оном” сангийн ТУЗ-ын дарга болохоор элэгний өвчлөл багатай Архангайд уг эмийг олгосон нь жалга довоор нь тапцууллаа гээд байгаа. Тойргийнхоо иргэдийн төлөө явсан нь таны буруу биш байх л даа?

-Эмийг шилжүүлэх зөвшөөрөл өгөхдөө ч “Зөвхөн Архангай аймагт” гэж тодорхой заасан. Албан бичиг нь бий. Энэ төслийг улстөржүүлэн “жалга, довны” гэх мэтээр гутааж байгаад харамсч байна.

-Гэхдээ Их хурлын нэг гишүүн шийдчихдэг асуудал юм бол бүх гишүүн тэгэх хэрэгтэй гэж ч ярьж байна...

-УИХ-ын гишүүн тойрогтоо яагаад эрүүл мэндийн төсөл санаачилж гаднаас юм олж ирж болдоггүй юм бэ. Бүх зүйл хуулийн дагуу байгаа. Нуусан хаасан зүйл байхгүй. Хариуцлагатай хэлье. Бидний эхлүүлсэн Архангайн ард иргэдийн эрүүл мэндийн төслийг улстөржүүлснээс болж төслийн дараагийн шатны эм хандивлахыг зогсоох эрх хэн нэгэид байхгүй шүү. Нөгөө талаар Монголд ганцхан элэгний өвчлөл байдаг юм биш. Бөөр, зүрх судас, тархи мэдрэл гээд хүний бүх төрлийн өвчин эмгэг байна. Энэ болгон дээр энэ мэтчилэн төсөл хэрэгжүүлээд явах боломж бий.

Удахгүй миний бие БНСУ-аас бас 100 ширхэг компьютер ТББ-ын шугамаар хандиваар авах яриа хийлээ. Үүнийг бас хуваана гэх үү. Хандив, тусламжаар орж ирж байгаа тусламжийн зүйлийг татвараас чөлөөлдөг, татварыг Засгийн газрын нөөцөөс гаргадаг чинь угаасаа хуулиараа ийм шүү дээ. Тэгэхгүй бид өөрсдөө татварыг хаанаас гаргах юм бэ.

-Нэг гишүүний хандиваар авч ирж байгаа эмийг Засгийн газраас хөнгөлөлт эдлүүллээ гээд байна лээ?

-Энэ төслөөрөө хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд хийгдэж байгаа гэдэг агуулгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцэж байгаа болохоор, Засгийн газар, Эрүүл мэндийн яам дэмжих ёстой. Тэдний хийх ёстой ажил. Харин төслийг маань дэмжиж татварыг шийдвэрлэж өгсөнд Засгийн газарт талархаж байна. Мөн энэ төслийг хэрэгжүүлж эхлэхэд анхнаас нь хамтарч, гүүр болж, сургалт, арга зүйгээр хангаж зжиллаж ирсэн 'Омбол'’ ХХК-ийнханд Архангайнхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс тодруулга авсан “Өдрийн сонин”-ы хамт олонд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ