МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Арчаа сайтай нь Архангайнхан болж таарсан уу?
2017.02.15
Эрүүл мэнд

Арчаа сайтай нь Архангайнхан болж таарсан уу?

"Оном" сан, "Өвчтөн нийгмийн      төлөөллийн зөвлөл, ТББ-аас Америкийн "Гилеад сайнс" компанийн буцалтгүй тусламжаар олгосон элэгний С вирусын эсрэг "Харвони" эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилахаар шийдвэрлэснийг эсэргүүцэн өчигдөр мэдээлэл    хийлээ.

"Оном" сангийн ТУЗ- ийн дарга Д.Наранбаатар "АНУ-аас хандиваар 6000 ширхэг буюу 2000 хүний Харвони эм орж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өөрийн нутаг болох Архангай аймгийн 45-аас дээш насны иргэдэд тараах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. ЭМЯ-наас гаргасан 2015 оны албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь аймагт хамгийн өндөр байгаа бол элэгний хавдрын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлттэй байдаг. Мөн ЭМЯ- ны энэ оны төсвийн гуравны нэгийг нь Архангай аймагт зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эрүүл мэндийн салбарыг удирдсан сайд хүн зөвхөн өөрийнхөө эрх ашиг болон улс төрийн үүднээс асуудалд хандаж байгаад харамсаж байна. Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буй ч амьжиргааны түвшин доогуур иргэдэд элгээ эмчлүүлэх эдийн засгийн боломж тааруухан байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид өвчтөний ил шарх, цустай харьцах явцдаа элэгний С вирусын халдвараар өвчилж, халдвар тараагч болох нь элбэг байдаг. Эмнэлэгт хүүхдээ төрүүлэхдээ, шүдээ эмчлүүлэхдээ халдвар авсан хүн ч олон бий. Тиймээс хандиваар ирсэн Харвони эмийг олон нийтэд ил тод байдлаар С вирусээр өвчилсөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн иргэдэд хуваарилахыг шаардаж байна" гэсэн юм.

Монгол Улсад гепатит С вирусийн идэвхтэй халдвартай 130 мянга орчим иргэн байдаг аж. Үүнээс нэн тэргүүнд эмчилгээнд       хамруулах

шаардлагатай 52.5 мянган иргэн бий гэсэн судалгаа байна. Түүнчлэн элэгний С вирусийн архаг халдвартай 400 гаруй хүн байгаа. Эдгээр тооцоо судалгаанаас харсан ч тэр энэ өвчлөл яах аргагүй монголчуудыг тахал мэт нөмрөөд эхэлж. Тиймээс Архангайчууд ч гэсэн энэхүү тахалтай тэмцэхээр "Элэгний эмгэггүй Архангай" төслийг санаачилж, аймгийн Эрүүл мэндийн газар санаачлан боловсруулж, энэ тухайгаа өнгөрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр УИХ- ын гишүүн Ё.Баатарбилэгт хүргүүлжээ. Тэрээр, АНУ-ын "Гилеад Сайнс" компанитай холбоо тогтоож элэгний С вирусийн 3000 ширхэг эмийг буцалтгүй тусламжаар авах боломжтой болсон тул 2016 оны аравдугаар сарын 17- ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хүсэлтээ уламжилсан аж. Энэ хүрээнд "Харвони" эмийн гаалийн болон НӨАТ-ыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймгийн иргэдэд үнэгүй өгөх болоод байгаа юм байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яамнаас зөвхөн тус аймгийн иргэдэд “Харвони" эмийг өгөх гээд байгаа юм биш аж.

Энэ талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга "УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгыг үндэслэн "Элэгний эмгэггүй Архангай"-чууд төслийн хүрээнд аймгийн иргэдэд эмийг өгөхөөр болсон. Тухайн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр эхний удаад 1000 хүнд 3000 ширхэг "Харвони" эмийг үнэгүй өгөхөөр шийдвэрлэсэн. Уг асуудал дээр үндэслэн Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, төспийн мэргэжилтнээс ирсэн хүсэлтийн дагуу Сангийн яам, Засгийн газарт уг бодлогыг оруулж, гаалийн татвараас чөлөөлөх тухай хэлэлцсэн. Үүнийг иргэд ямар нэгэн байдлаар улс төржүүлж болохгүй. Манай улсад элэгний С вирустэй тэмцэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа хэд, хэдэн байгууллага бий. Энэ байгууллагууд урьд өмнөх жилүүдэд элэгний С вирусийн эмийг гадаадаас оруулж ирж хүмүүст тарааж байсан. Тус үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны зүгээс мөн адил дэмжиж ажилласан" хэмээн ярилаа.

Одоогоор   Архангай аймгийн хэмжээнд элэгний С вирустэй болон эмчилгээнд орох шаардлагатай 3000 иргэн байгаа аж. Тэдний гуравны нэг хувьд нь л уг тусламжаар ирж буй эм ногдох нь. Мөн "Элэгний эмгэггүй Архангайчууд"         төслийн хүрээнд эм тараахаас гадна нутгийн иргэдээс С вирусийг илрүүлэх шинжилгээг авчээ. Удахгүй тус аймгийн элэгний С вирустэй 3000 гаруй иргэний вирусийн идэвхжил нь ямар түвшинд байгааг илрүүлэхээр сорьцыг нь Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргүүлэх юм байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг   "Өнгөрсөн хугацаанд өөр аймгаас ийм төсөл ирээгүй. Хэрэв бусад аймгууд ч гэсэн төслөө боловсруулаад олон улсын донор  байгууллагуудад хандаад, сайхан мэдээ дуулах юм бол Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас туслаж, дэмжихэд бэлэн" хэмээн хэлсэн юм. Үүнээс харахад арчаа сайтай нь Архангайчууд болж таарлаа.

Мөн ЭМЯ-аас "Оном сан" ТББ-д "Ю15" олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар 50 иргэнд үнэ төлбөргүй олгох хепатитын С вирусийг эмчлэх "Викира Пак" 300 хайрцаг эмийг импортлох лиценз олгож, гаалийн болон НӨАТ-өөс чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлж өгөх тухай Сангийн яаманд албан тоот хүргүүлээд байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ