АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Д.Цэвээнжав: Жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж ирсэн бүтэц, зохион байгуулалт маш зөв гэж талууд үзэж байна
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2017.02.15
Зам, Тээвэр

Д.Цэвээнжав: Жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж ирсэн бүтэц, зохион байгуулалт маш зөв гэж талууд үзэж байна

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран даатгалын мэргэжлийн оролцогчдыг хамруулсан “Даатгалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, СЗХ-ны төлөөллөөс гадна Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо болон Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн төлөөлөл оролцсон юм.

Ингээд уг хэлэлцүүлгийн үеэр талуудын илэрхийлсэн байр суурь болоод Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас асууж тодрууллаа. 

ӨНӨӨДРИЙН ЯРИГДАЖ БАЙГАА ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ОЛОН САНАЛ БАЙНА

Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргасан гэж байна шүү дээ. Уг зөвлөмжид Албан журмын даатгагчдын холбооноос гаргасан ямар саналууд багтсан бол?

Манай холбоо Жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн концепцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Хууль батлагдаж байх үе буюу 5 жилийн өмнө жолоочийн хариуцлагын даатгал манайд шинэ ойлголт байлаа. Харин ч бусад улс орны туршлагыг сайн судалж хуулийг боловсруулсан учраас сайн хууль болсон гэж үздэг. Гэхдээ хуульд тодорхой бус, дутуу дулимаг туссан зохицуулалт цөөнгүй байна.

Жолоочийн даатгалын хүрээнд нэр томьёоны тодорхойлолтыг цэгцлэх шаардлага бий. Жишээлбэл, “даатгалгүй этгээд” гэж хэн болохыг нэр томьёоны тодорхойлолт дээр дурдаагүй атлаа “Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгоно” гэсэн заалт байдаг.

Олон улсад жолоочийн хариуцлагын даатгал нь тээврийн хэрэгсэлдээ түшиглэсэн, жолоочдоо түшиглэсэн гэсэн хоёр зарчмын аль нэг нь үйлчилдэг. Манай улсад тээврийн хэрэгслээ түшиглэсэн заавал даатгалыг хэрэгжүүлж байна.

Гэтэл Жолоочийн даатгалын тухай хуульд энэ хоёр зарчмыг хооронд нь хольж хутгасан заалтууд орсон байдаг. Эдгээр заалтыг нэг мөр цэгцэлж, тээврийн хэрэгсэлдээ түшиглэсэн зарчмаа баримтлах нь зөв гэж хэлэлцүүлэгт оролцогсод үзсэн гэж ойлгогдож байгаа.

Жолоочийн хариуцлагын даатгалын суурь хураамжийн талаар талууд ямар байр суурьтай байв?

Даатгалын суурь хураамжийн хэмжээг өсгөх, бууруулах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Гэтэл Хороо итгэлцүүрийн журмыг гаргахдаа хууль зөрчсөн байдаг.

Даатгалын компаниуд даатгалын суурь хураамжийг хуулиар тогтоох нь буруу гэж үздэг.

Манай холбооны үзэж байгаагаар суурь хураамжийг хуулиар тогтоож байгаа нь зөв. Даатгалын тухай гол хуульдаа албан журмын даатгалын хураамжийн хэмжээг Монгол улсын хуулиар тогтооно гээд заачихсан юм.

Гагцхүү суурь хураамжийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцийн өсөлт, бууралттай уяж, хөдөлгөөнд оруулах хэрэгтэй гэдэг дээр талууд санал нэгдээд байна.

Шуурхай албаны талаар ярилцав уу?

Жолоочийн даатгалын тухай хуульд жолоочийн даатгалын сангийн шуурхай алба гэсэн томьёолол бий.

Шуурхай алба нь жолоочоос шалтгаалан гарсан зам, тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч, иргэнээс хүлээн авч, даатгалын тохиолдлын уламаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогчид бүрдүүлэн ажиллах чиг үүрэгтэй.

Гэвч хуулиар шуурхай албаны хүлээсэн чиг үүрэг тэр бүр хэрэгждэггүй. Хуульд шуурхай албаны ажиллах журам, бүтэц, бүрэлдэхүүнийг Албан журмын даатгагчдын холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо батална гэж заасан байдаг.

Жолоочийн даатгалын тухай хуульд шуурхай албаны талаар гурван заалт байдаг бөгөөд үүнд даатгалын компани дэргэдээ шуурхай албатай байж болох, болохгүй талаар тусгаагүй. Гэтэл даатгалын компаниуд бие даан болон хамтран ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тиймээс шуурхай албаны тухай асуудлыг нэгдсэн журмын дагуу зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн баазтай болох зэрэг ажлыг журамлах хэрэгтэй болж байна.

Даатгалгүй жолооч асуудал хэвээрээ байна?

Цаашлаад даатгалын сангийн зарцуулалтыг хяналттай болгож, улмаар даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тохиолдолд хохирлыг аль болох буруутай этгээдээс шууд гаргуулдаг байх шаардлага бий.

Даатгалгүй жолооч замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон хууль зөрчсөн этгээд  осол, зөрчил гаргасан бол түүнд хатуу хариуцлага хүлээлгэдэг байхыг нийт даатгалын компани шаардаж байгаатай манай Холбоо санал нэг байна. Ийм хариуцлагагүй, хууль биелүүлдэггүй этгээдийн учруулсан хохирлыг даатгалын сан хариуцаж байгааг болих хэрэгтэй. 

Замын хөдөлгөөний дүрмийг жолоочоос гадна зорчигч биелүүлэх ёстой. Гэтэл явган зорчигчийн буруугаас болж, зам тээврийн осол, зөрчил гарах тохиолдол цөөнгүй. Тиймээс зорчигчдыг хариуцлагажуулах үүднээс хэрэв явган зорчигчийн буруугаас болж, даатгалын тохиолдол гарсан бол хохирлыг даатгалын компани болон даатгалын сан нөхөн төлдөггүй байх нь зүйтэй гэсэн санал хэлэлцүүлгийн явцад гарч байсныг ч анхаарч үзвэл зохино.

Нөхөн төлбөрийг даатгалын компаниуд олгохдоо хойрог ханддаг гэсэн яриа одоо ч байна? Цаашид яах вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох ажил жил ирэх тусам төвөг чирэгдэл багатай болж, жигдэрч байна. Гэтэл хуульд хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор, хохирогчийн амь нас эрүүл мэндэд хохирол учирсан бол мөн хугацаанаас хойш 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж заасан байдаг.

Нэгэнт нөхөн төлбөр олгох хугацаа богино, төвөг чирэгдэлгүй болсон учраас ийм алсалсан хугацааг хуулиас хасах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн.

Нөхөн төлбөр олгох дээр нэг зүйл хуульд дутуу дулимаг туссан байдаг. Энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын тухай асуудал юм.

Хуульд нэг талаас, хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно гэж заасан байдаг.

Нөгөө талаас, А, В, “Механизм” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл, С, D ангиллын тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг хүртэл нөхөн төлбөр олгодог. Амьдрал дээр нийт олгосон нөхөн төлбөрийн нэг хүрэхгүй хувийг амь нас хохироход, 2,5 хувийг эрүүл мэнд нь хохирсон хүнд олгожээ.

Хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хэт багаар үнэлж байгааг анхаарч, энэ төрлийн нөхөн төлбөрийн хэмжээг нэмэх ёстой гэж талууд үзэж байна.

Хэрэв хүний амь нас, эрүүл мэндэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэх юм бол үүнтэй уялдаж, даатгалын суурь хураамжид өөрчлөлт орох юм. 5-10 сая төгрөгт эрүүл мэндийн хохирлыг багтаана гэдэг үнэхээр боломжгүй. Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо одоогийн суурь хураамжид үндэслэсэн байдаг. Тиймээс даатгалын суурь хураамжид зайлшгүй өөрчлөлт орох болж байна.

Мэдээллийн сан бас л чухал?

Даатгалын мэдээллийн санг нухацтай авч үзэх шаардлага тулгарч байна.

Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна гэж заасан.

Гэтэл өнөөдөр даатгалын компаниуд мэдээллээ бүрэн дүүрэн өгөхгүй байна. Тиймээс энэ тал дээр даатгалын компаниудыг хариуцлагажуулж, хэрэв мэдээллийн санд жолоочийн даатгалтай холбоотой мэдээллээ бүрэн дүүрэн ирүүлэхгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаас өөр аргагүй болно.

Жолоочийн даатгалын тухай хуулийг дагалдан 18 журам гарсан байдаг. Эдгээр журмыг эргэн харж, хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. 

ЗААВАЛ ДААТГАЛЫН ТУХАЙ МАЛГАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО

Заавал даатгалын тухай малгай хуультай болно гэдгийг бага зэрэг тодруулахгүй юу?

Хэлэлцүүлэгт оролцогч талуудын гаргасан нэг чухал санаа бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлж буй зохион байгуулалт маш зөв болсон гэж байгаа юм. Энэ туршлага суурь баазыг түшиглээд заавал даатгал хийхээр хуульчилсан  бүтээгдэхүүн үйлчилгээг энд хамааруулж хэрэгжүүлэх нь олон талын ач холбогдолтой юм.

Жолооч нарыг заавал даатгалд хамруулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хийсэн сургалт, сурталчилгааны ажлууд байгаа оносон, зөв зүйтэй бөгөөд Жолоочийн даатгалын тухай хуулийн ач холбогдлыг нийгэмд таниулж чадсанаараа даатгалын салбарыг хөгжүүлэх үндсэн хөтөч болж чадлаа гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлж байсан.

Ер нь заавал даатгалыг сайн зохион байгуулснаар даатгалын салбар хөгждөг олон улсын чиг хандлага байгаа юм.

Тиймээс энэ загвар, туршлагад үндэслэн заавал даатгалын 24 төрлийг хэрэгжүүлэх үүднээс энэ талын зохицуулалтыг багтаасан малгай хуультай болно гэсэн үг л дээ.

Заавал даатгалын тухай малгай хуулийг боловсруулах ажлын хэсэгт миний бие орж ажиллахаар болсон. Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай, Заавал даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах, шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг даатгалын салбарын бодлого тодорхойлдог үүрэгтэй Сангийн яам гардан хариуцах юм.

Өнгөрсөн парламентаар Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байсан ч батлагдаагүй. Ер нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас гадна заавал даатгалын ямар төрөл хөгжих боломжтой гэж харж байна?

Одоогоор нотариатч болон өмгөөлөгчийн заавал даатгалын тухай хуулийн төсөл бэлэн болоод байна. Эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын тухай хуулийн төслийг Эрүүл мэндийн яам боловсруулж, хуулийн төсөлд санал авах процесс явж байна. Уг хуулийн төсөл нь өмнөх парламентын үед өргөн барьж байсан төслөөс агуулгын хувьд өөр.

Цаашид барилгын салбарын бүтээгдэхүүний чанарын даатгал, хөдөө аж ахуйн үрийн даатгал буюу хүнсний ногооны үрийн даатгал, тэсрэх, дэлбэрэх аюултай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн даатгал гээд заавал даатгалын хуулийн төслүүд ар араасаа дугаарлаж байна.

Үүний хажуугаар Үндэсний даатгалын корпораци байгуулах ажил яригдаж байна. Малын индексжүүлсэн даатгалд суурилсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний болон экспортын даатгалыг хэрэгжүүлэх ажил яаралтай зохион байгуулагдах шаардлага байна.

Ер нь Монголын даатгалын салбар санхүүгийн салбар дотор хөгжлөөрөө хамгийн их хоцорч байна. 80 гаруй жилийн түүхтэй атлаа ДНБ-ий 0,5 хувийг л эзэлж байна шүү дээ.

Жолоочийн хариуцлагын даатгал бий болсноосоо хойш даатгалын салбарын жилийн нийт хураамжийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс цаашид заавал даатгалын 24 төрлийг бий болгосноор даатгалын салбарын хөгжилд маш том түлхэц болно.

Олон улсын жишгээс харахад хүний амьдралын бүхий л процесс даатгалтай байна. Гэтэл Монголд даатгалын ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй байсан. Энэ нь иргэд даатгуулсныхаа үр шимийг хүртэж чаддаггүй байсантай холбоотой.

Харин жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжиж эхэлснээр даатгалын жилийн суурь хураамжийн орлогын 50 хувийг нөхөн төлбөрт олгож байна. Ийм даатгалын бүтээгдэхүүн одоогоор өөр байхгүй. Тэгэхээр жолоочийн заавал даатгалаар дамжуулж, иргэд даатгалын ач холбогдлыг мэдэрч байна гэсэн үг.

Холбоо өөрөө дэргэдээ шуурхай албатай. Мөн даатгалын компаниуд ч дэргэдээ шуурхай алба ажиллуудаг. Гэтэл даатгалын компаниуд дундын шуурхай алба ажиллуулж байгаа тухай яригдаад байдаг. Тэгвэл уг асуудлыг хэн нэгтгэн удирдаж, яаж зохицуулах нь зүйтэй вэ?

Даатгалын компаниуд шуурхай албатай байж болно гэдгийг хуульчлаагүйдээ асуудлын гол нь биш юм. Хуульд Албан журмын даатгагчдын холбоонд шуурхай алба ажиллуулах тухай заасан байдаг. Гэтэл даатгалын компаниудын хувьд холбооны дэргэд шуурхай алба ажиллахаас илүү компаниуд дундаа шуурхай албатай байх сонирхол их байна.

Тэр байтугай дундын “Авто Сос” гэж /Монголын даатгагчдын холбооны дэргэдэх даатгалын нэгдсэн шуурхай албаны үйлчилгээ үзүүлэгч/ шуурхай албаны үйлчилгээ үзүүлдэг компани байгуулан ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо шуурхай албаны журам гаргахдаа Жолоочийн даатгалын тухай хуулиа баримтлан зөвхөн холбооны дэргэдэх шуурхай албаны журмыг гаргасан байдаг. Гэтэл хувийн компаниудын болон нэгдсэн, бие даан байгуулсан шуурхай алба яаж ажиллах талаар зохицуулалт алга.

Энэ нь хуульд анхнаасаа зохицуулалт дутуу орсноос болж, Санхүүгийн зохицуулах хороо энэ талын журам гаргаагүй гэсэн үг. Энэ алдаанаас болоод даатгуулагчийн дуудлага хүлээн авах, газар дээр очиж үзлэг хийх, нөхөн төлбөр бүрэн олгогдсон эсэхийг харах статистик мэдээ шуурхай гарч чадахгүй байна.

Гэхдээ одоо үг, үсгийн хойноос хөөцөлдөх биш, даатгалын компаниудын нэгдсэн болон бие даасан шуурхай албаны үйл ажиллагааг журамлах нь зөв юм. Уг журмыг манай Холбоо боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн, баталж мөрдүүлэх байх гэж найдаж байна.

Жолоочийн даатгалын жилийн суурь хураамжийн хэмжээг инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялаа гэхэд хэр нэмэгдэх бол?

Манай Холбоо жолоочийн даатгалын суурь хураамжийн хэмжээг бага гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Бага биш.

Энэ даатгалын гол агуулга нь ашгийн төлөө биш нийгмийг хариуцлагажуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хууль. Энэ даатгал бол арилжааны даатгал биш гэдгийг хаана, хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.

Арилжааны даатгал биш учраас даатгалын компаниудын ашгийн төлөө гаргасан саналыг дэмжих боломжгүй юм. Хэрэв алдагдалтай гэж үзэж байгаа бол энэ төрлийн даатгалын үйлчилгээ эрхлэхгүй байж болно шүү дээ. Цаашдаа ч ийм зарчим баримталж заавал даатгалыг хэрэгжүүлэх нь зөв байх.

Даатгалын компаниуд "Энэ даатгал цэвэр бизнесийн өнцгөөс авч үзвэл ашиггүй даатгал боловч нийгмийн хариуцлагатай компани болохын хувьд хэрэгжүүлдэг. Гэхдээ суурь хураамжийг нэмэхгүй бол компани хүнд байдалд орно" гэж байна. Гэтэл Холбоо даатгалын суурь хураамжийг бага биш гэж үзэж байна. Энэ хоёр байр суурийн зүй зохистой харьцаа юу байх бол?

Хоёр талын байр суурь зөрөлдөөд байгаагийн гол шалтгаан нь жолоочийн даатгал эрхлэгчдэд ашигтай юу, алдагдалтай байна уу гэдгийг гаргах актуар тооцоолол хэрэгтэй байгаа юм. Актуар тооцооллыг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хийж үздэг байх.

Актуар тооцоолол хийхэд шаардлагатай даатгалын орлого буюу даатгалын гэрээ, гол зардал болох нөхөн төлбөрийн хэмжээ бидэнд аль аль нь байна. Гэтэл даатгалын компаниудын захиргаа, үйл ажиллагааны зардал хэд байгаа нь тодорхой бус байна.

Тийм учраас актуар тооцоолол хийхэд шаардлагатай өртгийн үзүүлэлтийг даатгалын компаниудаас авдаг болох, мэдээллийн санд эдгээр мэдээллийг даатгалын компаниуд тогтмол өгдөг, түүнийг хянах боломжийг бий болгох хэрэгтэй. Ер нь өртгийг тооцоход түвэгтэй зүйл гарахыг үгүйсгэхгүй, тийм учраас зардлын лимит тогтоож болох шүү дээ.

Одоо байгаа мэдээлэлд үндэслэн тооцвол, жолоочийн даатгал нь 20 орчим хувийн ашигтай. Тиймээс энэ бол нэгд, алдагдалтай бүтээгдэхүүн биш хоёрт, өндөр ашиг олохыг дэмжсэн бүтээгдэхүүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Даатгалын суурь хураамжийг шинэчлэхтэй холбоотойгоор мэдээллийн сангийн асуудал хөндөгдөж байна л даа. Даатгалын компаниуд мэдээллийн санд мэдээллээ бүрэн ирүүлэхгүй байгаагийн хор уршгийг илүү тодруулаач?

Аливаа ажлыг сайн хийх, үнэн зөв, шударга бодлого явуулахад зөв зохион байгуулагдсан мэдээллийн систем чухал шүү дээ.Ийм мэдээлэлгүй яаж ажил хийх вэ дээ.

Мэдээллийн санд шуурхай албанд зам тээврийн ослын дуудлага өгснөөс эхлээд дуудлагыг хэрэгжүүлсэн байдал, газар дээр очоод үзлэг хийсэн дүгнэлт, дүгнэлтийн дагуу нөхөн төлбөрийг бүрэн гүйцэд олгосон эсэх хүртэлх мэдээллийг бүрэн төвлөрүүлэхээс өөр аргагүй юм.

Одоо бол даатгалын компаниас 100-г нэхэмжлээд 90-ыг олгосон уу, 100-г нэхэмжлээд 100-г олгосон уу гэдэг нь тодорхой бус байна.

Даатгалын гэрээнээс олсон нийт орлогын хэдэн хувийг нөхөн төлбөрт олгосон, зуучлагч нарт хэдэн төгрөг олгов, компанийн захиргаа, урсгал зардал хэд болов гэх зэргээр мэдээллийн санд төвлөрүүлдэг мэдээллийн нэр төрлийг олшруулах юм бол даатгалын компаниуд ашигтай эсвэл алдагдалтай ажиллаж байгаагийн алин болохыг тооцох боломжтой болно.

Цаашдаа заавал даатгалын бүх бүтээгдэхүүн дээр ийм тооцоо байхаас өөр аргагүй болно.

Холбооны зүгээс жолооч нарт хуулийн ач холбогдлыг таниулахаас гадна иргэн, явган зорчигчийг хариуцлагажуулах үүднээс ямар ажил хийж байна? 

Иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Монголбанк, Сангийн яам хамтран иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд гарсан сурах бичиг боловсруулах ажлын хэсэгт миний бие орж ажилласан.

Ер нь ЕБС-иас авахуулаад их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүүхэд, сурагчид, залууст санхүүгийн мэдлэг олгох агуулга багтахаар болсон. Тэр дундаа даатгалын тухай тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох, яавал эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй амьдрах дадал хэвшилд сургах юм.

Замын цагдаагийн байгууллагаас гаргасан статистикийг харвал нийт ослын 3-4 хувь нь явган зорчигчийн буруугаас болж гарсан гэсэн тоо бий. Гэхдээ бодит байдалд нийт ослын 20 орчим хувийг эзэлдэг байх магадлалтай.

Одоогоор замын хөдөлгөөний осол, зөрчил яг хэний буруугаас болж гарсныг нарийвчлан тогтоох боломж хомс хэвээрээ байна. Тухайлбал, жолооч, явган зорчигч хооронд хэдэн метр зайтай байсан, тэр хооронд жолооч тоормослох боломж байсан эсэх гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй болдог.

Зарим тохиолдолд явган зорчигчийн буруу байсан ч жолоочийн буруу гэж үзэх нь бий. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт согтуугаар явган зорчиж байгаад эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй байна. Тэдний дунд амь насны хохирол их байдаг нь тун харамсалтай. Насны хувьд авч үзвэл, ихэвчлэн хөдөлмөрийн насныхан байдаг.

Тийм учраас Нийслэлийн эрүүл мэндийн газар, Албан журмын даатгагчдын холбоо хамтран гуравдугаар сараас эхлэн явган зорчигчдод чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил өрнүүлэхээр төлөвлөж байна.  

ШИНЭ МЭДЭЭ