МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.02.23
Гадаад харилцаа

Дипломатууд цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олгох тухай зарлиг гаргасан байна.

Тэрбээр өнөөдөр /2017.02.22/ дипломатуудад цол хүртээж, Алт, Мөнгөн гэрэгэ тэмдэг гардуулав. Дипломатуудад цол олгохдоо Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцсон,  АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан олгожээ.

“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Гадаад харилцааны яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Л.Оргил, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх О.Дамбийням, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Г.Жаргалсайхан, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Б.Сувд, ахмад дипломат Я.Дашням нарт олгосон юм.  

“Онц бөгөөд бүрэн эрхэт элчин” цолыг: Монгол Улсаас БНТУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд Х.Даваадорж, Монгол Улсаас Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд Л.Дүгэржав, ахмад дипломат Ч.Агваандамдин, ахмад дипломат  Т.Дүгэр нарт олгов.

Цол тэмдэг гардуулах үеэр дипломатуудаас сэтгэгдлийг нь тодрууллаа.

Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон “Анх дипломатын академи төгсөөд 30 жил дипломат албанд ажилласан. Өнөөдөр “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг авч байгаад баяртай байна. Цагаан сарын өмнө энэ цолыг хүртлээ. Монголчууддаа сайхан шинэлээрэй гэж хүсье. Би бол Батлах хамгаалах яам, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэх мэт олон газар ажилласан. Хаана ч ажилласан гадаад харилцааны салбарын хөгжлийн төлөө зүтгэсэн. Энэ салбарт тодорхой хугацаанд хүчин зүтгэсэндээ баяртай байдаг” гэлээ.

АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав “Дипломат албанд 40 гаруй жил зүтгэж байна. Гадаад харилцааны салбарт төрийн дипломат, Монгол Улсын консулын алба, Монгол Улсын хоёр талын харилцааны албанд ажиллаж байсан. Энэ хугацаанд өөрийнхөө хэмжээнд зохих хувь нэмэр оруулсан. Мэдээж нэг хүний үүрэг гэж юу байх вэ. Аливаа гадаад бодлогыг хөгжүүлэх нь хамтын бүтээл байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж байсан хамт олондоо баярлалаа” гэв.

ШИНЭ МЭДЭЭ