Эмнести интернэйшнл Монголыг гурван зүйлээр шүүмжилжээ
2017.02.23
Хүний эрх

Эмнести интернэйшнл Монголыг гурван зүйлээр шүүмжилжээ

Олон улсын хүний эрхийг хамгаалах Эмнести интернейшнл байгууллага өнгөрсөн оны тайлангаа танилцууллаа.Тус байгууллага нь хүний эрхийн аливаа зөрчлийг төгсгөл болгохын төлөө кампанит ажил өрнүүлж, олон        нийтийг татан оролцуулдаг, 150 гаруй орны долоон сая орчим гишүүн,  дэмжигч,    хүний эрхийг хамгаалагчдыг эг- нээндээ нэгтгэсэн дэлхийн томоохон хөдөлгөөн юм.

2016 оны хүний эрхийн тайланг Эмнести интернейшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти “Үй олноор нь харгислахыг зогсоохоор ажиллахгүй байгаа нь “хэзээ ч дахиулахгүй” гэдэг үгийг утгагүй болгож магадгүй байна" гэж дүгнэсэн байна. Өнгөрсөн жил нь ерөнхийдөө талцал, хуваагдал, айдаст турхирсан цаг үе байсан бөгөөд хонжоо харсан улстөрчдийн хашгирч буй “Бид тэдний эсрэг” гэх хорлонтой, хүнлэг бус үзэл нь дэлхий дахиныг талцуулж, аюул руу хөтөлж байна гэж Эмнести интернейшнлээс анхааруулжээ.

Тайланд 36 улс орон дүрвэгсдийг эрх нь зөрчигдөх эрсдэлтэй улсууд руу хүчээр буцааж, Сири, Ливи, Афганистан, Судан, Ирак зэрэг хямрал нүүрлэсэн 23 улс оронд дайны гэмт хэрэг гарсныг баримтжуулсан байна. Мөн Алеппогийн аймшиг, Филиппинд “хар тамхины эсрэг дайн” нэрийн дор үйлдсэн олон мянган хүний аллага, Дарфурт химийн зэвсэг хэрэглэж, олон тосгоныг галдсан зэрэг хүний эрхийг зөрчсөн зүй бус үйлдлийг баталгаажуулжээ. Йеменд энгийн иргэд рүү балмадаар довтолж, Өмнөд Суданд хүмүүсийг хоморголон хөнөөж, Турк, Бахрейнд өөрөөр сэтгэгчдийг       нухчин дарж байхад Европ, АНУ-д бусдыг үзэн ядах хандлага газар авч байгаа талаар Монгол Эмнести интернейшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа тайлангаас эшлэн танилцуулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон До- налд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хорсол заналаар дүүрэн үг хэллэг хэрэглэж, эмэгтэйчүүдийг үгүйсгэн, гадаадынхныг үзэн ядсан агуулгатай мэдэгдлийг удаа дараа хийж байсан нь хоорондоо талцсан улс төр дэлхий нийтэд дэлгэрч байгааг харууллаа. гэж тайланд дурдсан байна.

Энэ хооронд Сири, Йорданы дунд эзэнгүй цөлд 75 мянган дүрвэгч хаана очихоо мэдэхгүй гацаж, 2016 оныг Хүний эрхийн жил болгон зарласан  Африкийн холбооны гурван ч улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарч байгаагаа мэдэгдсэн нь хүний эрх, олон улсын эрх зүйгээр хариуцлага хүлээлгэх практикт ухралт болсон урагшгүй явдал болжээ. “Ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд хүрэх, эрх мэдлээс зуурч үлдэх гэсэн хүмүүсийн айлгаж, яллаж буруутгахаар зохиосон сурталчилгаа, сүртэй яриагаар хүний эрхэм чанар, тэгш эрх, хүн төрөлхтний гэр бүл хэмээх үзэл санаа руу хайр найргүй, хүчтэй дайрч довтолж байгааг 2016 онд бид харлаа” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти хэлжээ. Дэлхийн өнцөг булан бүр амар амгалан байсангүй. Хүний эрхийн манлайлагчид байхгүйг далимдуулж дээрх байдал энэ онд ч үргэлжилж магадгүйг Эмнести интернейшнл анхааруулжээ.

“Дэлхийн хүний эрхийн байдал” тайланд 159 орныг хамруулсны дотор манай улс ч шүүмжлэлд өртсөн байна. Тухайлбал, хүний нэн тэргүүний эрх буюу шаардлага хангасан орон байранд амьдрах явдлыг гүйцэлдүүлж

чадаагүй гэжээ. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бөгөөд Сүхбаатар дүүргийн X хорооны 32 дугаар байрны асуудал нэлээд хэл ам дагуулж, иргэдийг хохироосон байдаг. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд батлан гаргасан нь хугацаа хожимдсон явдал бөгөөд түүнд хөтөлбөр үр дүнд хүрэхгүй байх, зогсонги байдалд орсон тохиолдолд ямар зохицуулалт хийхийг тодорхой заагаагүй, урьдчилж төлөвлөөгүй байжээ.

Үүний уршгаар дээр дурдсан байрны цөөнгүй айл 2015 оны өвөл төвийн халаалтгүй байранд өвөлжсөн байна. Эмнести интернейшнлээс Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын талаар хууль эрх зүйн зохицуулалт, хамгаалалт байдаггүй, 1998 онд гаргасан тунхаглал төдий баримт бичгээс өөр зүйлгүйг шүүмжилжээ. Мөн гэмт хэргийг хурдан илрүүлэх, шуурхай шийд- вэрлэхийн тулд сэжигтэн этгээдийг өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь уулзуу- лахгүй байх, харьяаллын газраас нь хол газар хорих зэрэг эрүү шүүлтийн шинжтэй зүй бус харь- цаа гаргаж байгааг анхааруулсан байна.

“Дэлхийн   хүн амын байдал 2016/17” тайлантай холбогдуулан Монгол Эмнести интернейшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Удирдах зөвлөлийн дарга Д.Оюунсүрэн, Хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбал нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын хүний эрхийн тухайд гурван зүйлийг онцолсон байна. Байгаль орчны доройтол, агаарын бохирдол гээд маш олон асуудал байхад яагаад тэдгээрийг сонгосон юм бол?

-Лондонд байрладаг Эмнести интернейшнл бүс нутгийн төв болон Монгол Улсын салбар байгууллагын шинжээч судлаачдын баг ажиллаж энэхүү тайланд оруулах материалыг бэлтгэсэн. Бид иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, улстөрч, иргэдтэй уулзаж ярилцах явцад сонголт хийж баримтжуулсан нь дээрх асуудал манай улсад хамгийн тулгамдсан үйл явдал гэж үзсэнийх.

-Эрхийг нь ямар нэг байдлаар зөрчсөн хүн юм уу бүлэг танайд ханддаг уу. Ер нь ямар байдлаар та бүхэнтэй холбогддог юм бэ?

-Төр, аль нэг албан тушаалтан санаатайгаар тухайн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, олноор хоморголон үйлдсэн хууль бус явдал, гэмт хэрэг дээр бид ажилладаг. Цаазаар авах ялаар шийтгүүлсэн, хууль бусаар хил дээрээс буцаагдсан ч гэдэг юм уу тиймэрхүү үйл явцад өртсөн хүн, түүний ар гэр, найз нөхөд, өмгөөлөгч хэн боловч манайд хандах эрхтэй. Гэвч бид тэр бүхэнд хүрч ажиллах хүн хүчний боломж хомс байдаг. Тиймээс тухайн хүний хүсэлтийг хүлээж авбал цаана нь хэчнээн иргэний хувь заяатай холбоотой вэ гэдгийг эн тэргүүний шалгуур болгон авч үздэг юм.

-Сүхбаатар дүүргийн хэсэг иргэний амьдрал ахуйг яаж шийдсэн бэ. Нааштай мэдээлэл дуулдах шиг болсон?

-Манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн X хорооны 3 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, судалгаа хийсний дараа бодит байдлыг олон улсад зарлаж, яаралтай арга хэмжээ авахуулахаар Засгийн газарт хандсан. Олон улсын байгууллагаас иргэдээ орон байраар хангаж, эрхийг нь эдлүүлэхийг шаардсан арга хэмжээг хоёр удаа явуулсны үр дүнд одоогоор дээрх байрандаа өвөлжсөн 10 айлыг түр орон байраар хангасан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн уршгаар орох оронгүй болсон 400 айл өрхөөс 260-ыг нь түр орон сууцанд оруулаад байна.

Энэ онд эдгээр айлуудын чөлөөлсөн газар дээр нь орон сууц бариулах ажилд түлхүү анхаарна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд баталж, хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аравдугаар сард нь байгуулсан ч журам боловсруулснаас цааш хэтрээгүй. Тиймээс шинэ Засгийн газар дахин ажлын хэсэг байгуулж, дээрх хуулийг хэрэгжүүлэх журмыг боловсруулахаар манайхаас санал авах хүсэлтээ ирүүлсэн. Тэгэхээр иргэдийн нөхөн олговрын асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэж харж байна.

ШИНЭ МЭДЭЭ