Эх оронч түшээд тодорчээ
2011.12.27
Улстөр

Эх оронч түшээд тодорчээ

“Зууны мэдээ” сонин, “TV-9” телевиз хамтран уламжлал болгон явуулдаг Эх оронч түшээ шалгаруулах арга хэмжээ өнөөдөр  болов.  Монголын байгалийн баялгийн тэгш хувиарлалт, Оюу толгой , Таван толгойн орд газруудад Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах   , байгаль орчноо хамгаалж унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх Монгол эх орондоо монгол хүн эзэн байхыг Монголын төрийн хууль тогтоомжоор баталгаажуулахын төлөө ажиллаж байгаа хүмүүсийг голчлон нэрлэжээ. Түүнчлэн  нийгэмд баян хоосны хэт ялгааг хязгаарлаж , эдийн засгийн оновчтой бодлогоор улс эх орноо хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэх гол шалгуурыг баримталсан гэнэ.

Өнөө жилийн эх оронч төрийн түшээгээр УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Д.Балдан-Очир,  Г.Баярсайхан, Ч.Улаан, Ш.Сайхансамбуу, Ц.Батбаяр нарыг тодруулжээ.

 

Тэд ард түмний санал асуулгаар ийн шалгарсан байна. Эх оронч хэмээн хий цээжээ дэлдэн гүйх биш улс орон, газар шороо, ард түмнийхээ төлөө үнэн шударгаар зүтгэж, болохгүй бүхний эсрэг айж эмээлгүй тэмцсээр ирсэн тэднийг ард түмэн эх оронч түшээгээр нэрлэжээ.  Эх оронч түшээгээр шалгарсан УИХ-ын 12 гишүүн Оюу толгойн гэрээг засч сайжруулахыг Засгийн газраас шаардаж, Монгол Улсын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэсээр ирсэн юм. Үүний үр дүнд Оюу толгойн гэрээ анхныхаа хувилбарыг бодвол сайжирсан гэдэг билээ.

Д.Тэрбишдагва гишүүн “Эх оронч түшээгээр сонгосон ард түмэндээ баярлалаа. Парламентад суух хугацаандаа байгаль орчин, хүнс, ус гээд бүхий л чиглэлээ санаа зониж ажилладгийг минь ард түмэн анзаарсных юм болов уу. Бидний өвөг дээдэс Монгол хэмээх хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, асар их баялгийг хойч үедээ үлдээжээ. Ийм сайхан нутгаа хайрлан хамгаалж авч явах ёстой. 1975 онд Герман улс руу явахдаа эх нутгийнхаа хилийн чулуу өвөртлөөд явж билээ. Энэ үед агуу их зохиолч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэх шүлгийн мөрүүд санаанд бууж, нулимс унаган,  эх орондоо би өртэй хүн гэж өөрөө өөртөө хэлсэн юм. Одоо ч би эх орондоо өртэй хүн” хэмээн хэлж байлаа.

Харин З.Энхболд гишүүн шагналаа гардсаны дараа “Эх оронч гээд цээжээ дэлдэх хамгийн амархан. Хэдхэн хоногийн дараа Сонгуулийн хууль үйлчилж эхэлнэ. Хэдэн мянган хүн эх оронч болдог улирал эхлэх гэж байна. Харин энд байгаа гишүүдэд хэлсэнд нь биш хийснийг нь үнэлж, эх оронч хэмээн өргөмжилж байгаа гэж бодож байна” гэв.
Харин  зохиолч Тангадын Галсан шагнал гардуулах үеэр сүүлийн үед эх оронч биш бүх эх оронч хүмүүс олшроод байгаа. Ийм үед энэхүү арга  хэмжээг  зохион байгуулж, эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг хүмүүсийг тодруулсан нь онцгой юм хэмээж байв.
Зууны мэдээ сонин, ТВ-9  телевиз хамтран энэ арга хэмжээг   хоёр дахь жилээ зохион байгууллаа. Эх оронч түшээдэд олгох өргөмжлөл цомыг Монгол улсын хөдөлмөрийн баатар,  урлаг,  улс төр,  нийгэм спортын  салбар бүрийн алдартан , гавьяатан, зүтгэлтнүүд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж гардуулав.
Монгол улс байгалийн баялгаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа  даяаршлийн ертөнцөд Монгол үндэстнийг  эрүүл аюулгүй орчинд , эдийн засгийн эрх чөлөөтэйгээр авч үлдэхэд эх оронч түшээдийн үүрэг их байгааг онцолж байв.

ШИНЭ МЭДЭЭ