Б.Алтантуяа: Ухардаггүй байгаасай
Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2017.03.17
Хүний эрх

Б.Алтантуяа: Ухардаггүй байгаасай

Эмнести Интернэшнл бол 50 жил оршин тогтнож байгаа олон улсын байгууллага гэдэг утгаараа өөрийн гэсэн арга барил, өнгө төрхтэй, арвин туршлагатай. Дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, магадлан итгэмжлэгдсэн 70 гаруй бие даасан институци /бүтэц/-тэй байгууллага.

Тэгвэл уг олон улсын байгууллага Монголд байгуулагдаад 23 жил болж байна. Монголын Эмнести Интернэшнл байгууллага хүний эрхийн тодорхой чиглэл, хүрээнд ажилладаг. Хүний эрхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэх хүсэлтэй сайн дурынхан, гишүүд, дэмжигчдээр өдөр бүр хүрээгээ тэлж байдаг энэ байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

Тэрээр 20 жилийн өмнө Монголын Эмнести Интернэшнл байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтнаар орж, бүх шатанд ажилласан байна. 2006 оноос Захирлуудын хурлын гүйцэтгэх хороо, 2009 онд “Хүнийг хүндэл кампанит ажлын менежментийн баг, 2011 онд олон улсын менежментийн багт бүсээ төлөөлөн урилгаар ажилласан.

Одоогоор Эмнести Интернэшнл байгууллагын Хэлний бодлогын зөвлөлд, Цаазаар авах ялыг халах Ази номхон далайн бүсийн сүлжээний гүйцэтгэх хороонд Эмнести Интернэшнлийг төлөөлөн ажиллаж байна. 

Түүнтэй Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тус байгууллагын зорилго, байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хүрсэн үр дүнгийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

Ярилцлагын тухай товчхон: 
 

Та яагаад Эмнести Интернэшнл байгууллагад ажиллах болов? Салбарын гүйцэтгэх удирдлагыг ямар шалгуураар сонгодог юм бол?

Би оюутны ширээний араас шууд л Монголын Эмнести Интернэшнл байгууллагад орсон. Анх хэвлэл мэдээллийн ажилтнаар орж байлаа. Дараа нь кампанит ажлын зохицуулагч хийж, улмаар гүйцэтгэх захирал болсон. Миний үндсэн мэргэжил монгол судлаач. Гэхдээ олон улсын байгууллагад ажилд орсныхоо дараа энэ салбарт тууштай ажиллахаар шийдэж, эрх зүйч мэргэжлээр суралцсан.

Оюутан байхаасаа Дейл Карнеги клуб, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Залуу лидер эмэгтэйчүүд клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө дуугардаг оюутан байлаа.

Хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхахын эсрэг, хүнийг үндэс угсаа, нас хүйс, гадаад байдал, ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурь зэргээр алагчилдаггүй байгаасай гэж хүсдэг.

1997 оноос хойш Монголын Эмнести Интернэшнл байгууллагад ажиллаж байна.

Анхан шатнаас бүх л шатыг нь алгасалгүй дамжсан. Их л залуугаараа гүйцэтгэх удирдлагад томилогдсон. Азаар тэр үед Монголын Эмнести Интернэшнл байгууллагын даргаар академич С.Нарангэрэл гуай сонгогдож, надад их түшиг тулгуур болж, мэдлэг туршлага хуримтлуулахад тусалсан. Тэр хүний удирдаж байсан он жилүүдэд Монголын Эмнести Интернэшнл байгууллага хөгжлийнхөө замд тууштай орж, батжин бэхжсэн гэж хэлж болно.

Миний хувьд хүний эрхийн төлөөх Эмнести Интернэшнлийн дуу хоолой, байр суурийг олон нийтэд хүргэх юмсан, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр алхам алхмаар амжилт гаргаж, ухрахгүй байгаасай гэж хүсч, зорьж ажилласаар өнөөдрийг хүрсэн байна.

Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахдаа Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Хөгжлийн хорооноос бие төлөөлөгч ирж, ярилцлагад хийж, хувь хүний ур чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр сонгодог. Гүйцэтгэх удирдлагаар томилогдсон даруйд Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал юу мэдэж байх, ямар арга барилаар ажиллах ёстойг зааж сургадаг сургалтуудад хамруулсан.

Анх тус байгууллагад ороод ямар ажил гардаж хариуцсан бэ?

Эмнести Интернэшнл байгууллагад ороод анхны барьж авсан ажил маань байнгын ажиллагаатай Олон Улсын Эрүүгийн Шүүх байгуулагдахад дэмжлэг үзүүлэх байсан. Энэ шүүх тогтолцоо бий болсноор хүний эрхийн чиглэлээр гарах ахиц, дэвшлийг олон нийтэд таниулсны үндсэн дээр Олон улсын эрүүгийн шүүх байгуулахыг зөвшөөрсөн 60 дахь орон нь Монгол Улс болсон.

Нэг ёсондоо Олон улсын эрүүгийн шүүх байгуулах үйл явцад манай улс хувь нэмрээ оруулсан юм.

Монгол Улсынхаа төлөө ажилласангүй гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ...

Эмнести Интернэшнл байгууллагын гол уриа

1997 оныг 2017 онтой харьцуулбал Монголд хүний эрхийн нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн бол?

Би анх Эмнести Интернэшнл байгууллагад ороод сонин бичиг гаргаж, хүний эрхийн талаар мэдээлэл орчуулан түгээж, сургалт явуулдаг байсан. Ажилд ормогцоо “Бразил улсад цагдаа нар хүмүүсийг зодож, танхайрсан ч тэдэнд хариуцлага тооцохгүй байна” гэсэн мэдээллийг орчуулан Цагдаагийн байгууллагаар тарааж явахад “Ямар муухай, хар бараан мэдээлэл тараадаг юм бэ” гээд сониныг минь урдаас шидэж байсан.

Энэ мэдээллийг бусад улсад тохиолдож буй хүний эрхийн зөрчил манай улсад гарах вий, сэрэмжлэх хэрэгтэй гэдэг үүднээс тараасан л даа. Гэхдээ Цагдаагийн байгууллагын энэ хандлагыг өөрчлөх юмсан гэж боддог болсон. Цаашлаад эрүүдэн шүүхийн эсрэг, хүмүүстэй зүй бусаар харьцахын эсрэг, хууль хяналтын байгууллагын зохисгүй үйлдэл, хандлагыг өөрчлөхөөр тууштай ажиллаж эхэлсэн.

2000 онд Монголын Эмнести Интернэшнлээс эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажил өрнүүлж, Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж, хожим энэ конвенцийн нэмэлт протоколд нэгдэж орсон. Энэ конвенцид нэгдэж орсноор цагдаа нар цагдан хорих, саатуулах байранд байгаа хүмүүстэй зүй бусаар харьцдаг, тэднийг зодож, гэмтээх нь эрс багассан гэж болно. Мэдээж өнөөдрийг хүртэл Монгол Улсад эрүүдэн шүүх үйл ажиллагаа зогсоогүй ч түгээмэл байдал нь хумигдсан.

Харамсалтай нь 2014 онд хараат бусаар мөрдөн шалгадаг институцийг татан буулгаснаар гэмт этгээдүүдэд ял завших боломж, эрүүдэн шүүх замыг нээж, томоохон ухралт гарсан. Ингэж эрх баригчдын мэдлэггүй байдал, буруу хандлага, ашиг сонирхол нь хүний эрхийн төлөө тэмцэгчид, мянга мянган гишүүдийн маань олон жилийн хөдөлмөр, үр шимийг үгүй хийсээр байна.

Эмнести Интернэшнлийг хүний эрхийн бүх зөрчлийн эсрэг дуугарах ёстой гэж боддог хүмүүс бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

50 жилийн тэртээ эрх чөлөөнийхөө төлөө хундага тулгасан хоёр оюутныг долоо жил хорьсныг Английн нэгэн хуульч хорих ангиар явж байхдаа олж мэдээд хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдох ёсгүй гэдэг үзэл санаанаас улбаатайгаар Эмнести Интернэшнл байгуулагдсан.

Хөгжлийнхөө үе шатанд хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ хүнийг бие махбодь болоод сэтгэл санааны хувьд бүрэн бүтэн байлгах, хүн бүр Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрх, эрх чөлөөг бүрэн эдэлдэг ертөнцийг байгуулья гэсэн туйлын зорилготой болсон.

хязгаарлагдмал нөөц, боломжоос шалтгаалж, хүний эрхийн зөрчил болгон дээр ажиллах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Байгаа хөрөнгөө нэн тэргүүнд юунд зарцуулах, ямар чиглэлд анхаарах, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ бодлогын түвшинд маш олон шалгуураар авч хэлэлцсэний эцэст хүний эрхийн ямар зөрчлийг арилгахын төлөө ажиллахаа сонгодог. Уг сонгосон чиглэлдээ хөрөнгө оруулж, хүч нөөц боломжоо дайчлахаас биш хүний эрхийн зөрчил болгон дээр ажиллах гэж хүч, хөрөнгөө тарамддаггүй.

Монголд эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, байгаль орчны чиглэлээр ажилладаг олон байгууллага байна. Гэтэл Цаазаар авах ял, шударга шүүх, хорих, саатуулах төвийн нөхцөл, эрүү шүүлт, албадан нүүлгэх, цахим орчин дахь цагдан хяналт, хувийн нууцлалын аюулгүй байдал, хүний эрхийн боловсролын асуудлаар ажилладаг байгууллага Эмнести Интернэшнлээс өөр бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс бид эдгээр чиглэлд анхааран ажиллах хэрэгтэй гэж үздэг. 

Гэхдээ энэ нь гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн чиглэлээр ажиллахгүй гэсэн үг биш. Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд саналаа хүргүүлж, эв санаа нэгтэй явж ирсэн.

Монгол Улсынхаа төлөө ажилласангүй, бусад улс орны хэрэг дээр ажиллалаа гэж шүүмжлэх нь бий. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн дэвшил, өөрчлөлт нь дэлхийг хавтгай болгож, бид ганц монголын биш дэлхийн иргэн болж байна. Тиймээс зөвхөн Монголын асуудлыг ярь, бүх хэрэг дээр ажилла гэж тулгах хэрэггүй байх.

Өнгөрсөн хугацаанд Монголын Эмнести Интернэшнл байгууллага хүний эрхийн чиглэлээр ямар амжилтад хүрэв?

1994 онд Эмнести Интернэшнл байгууллага Монгол Улсад анх үйл ажиллагаагаа явуулж эхлээд “Хорих ангид хоригдлууд өлбөрч үхэж байгаа тухай” судалгааг дэлхий дахинд танилцуулж, 2000 он хүртэл хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулахыг байнга шаардаж байсан. Үүний үр дүнд хорих ангийн орчин нөхцөл, хоригдлуудтай харьцах харьцаа нилээд өөрчлөгдсөн.

Эмнести Интернэшнл байгууллага цаазаар авах ялын эсрэг хүчтэй дуугардаг. Монгол Улсад энэ чиглэлээр ажилладаг өөр байгууллага байхгүй гэж болно. Монгол Улс цаазаар авах ялыг халсан. Цаазаар авах ял бол гэмт хэргийг таслан зогсоож чаддаггүй, гэмт хэргийг таслан зогсооход ямар ч үр нөлөөгүй гэдгийг олон нийт ойлгодог болсон.  

Цаазаар авах ялыг хэлмэгдүүлэлтийн гол зэвсэг болгосон түүхэн сургамж бидэнд бий.

Цаашид ч олон хүнийг хэлмэгдүүлэхгүйн тулд цаазаар авах ялыг сэргээж болохгүй гэж боддог. Өнөөдөр Монголд хэрэг шударгаар шүүж чадаж байна уу? гэдэг асуудал хурцаар тавигдаж, хүн бүр шударга шүүхийг нэхэх боллоо. Ийм тохиолдолд цаазаар авах ялтай байх нь маш эрсдэлтэй. Хэрэв хэн нэгнийг буруугаар шүүж, цаазаар авсан тохиолдолд эргүүлж болдоггүй.

Монгол Улс цаазын ялгүй улс учраас манай улсын иргэн өөр оронд цаазлагдах эрсдэлтэй байлаа гэхэд тухайн иргэнийг цаазаар авдаггүй. Энэ нь эргээд Монгол Улс олон улсад өөрийн иргэнээ хамгаалж чаддаг гэдгийг харуулж байгаа юм.

Хүний эрх бол олон улсын харилцааны суурь асуудал. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хүний эрхийн гэрээ, конценциудад нэгдэн ороход Эмнести Интернэшнл байгууллагын дуу хоолой, үүрэг оролцоо чамгүй бий.

Эмнести Интернэшнл анх байгуулагдаж байх үед дэлхийн 16 оронд цаазаар авах ялыг халсан байсан бол өнөөдөр 143 оронд цаазаар авах ялыг халчихаад байна.  

Дэлхийн бүх орон эрүүдэн шүүх үзэгдлийг байдаг л зүйл гэж хүлээн зөвшөөрч байсан бол одоо дэлхий даяараа эрүүдэн шүүх нь гэмт хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийн 161 орон Эрүүдэн шүүхийн эсрэг Олон улсын конвенцид нэгдээд байна.

Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө дуугарсан хүний эрхийн хамгаалагчид, эрүү шүүлт, зүй бус харьцаанд өртөгсөд, хил дээрээс албадан буцаагдагсад гээд хувь хүний цөөнгүй хэрэг дээр ажилласан. Мөн манай байгууллагын үйл ажиллагааны 50 хувь нь хүмүүст хүний эрхийн боловсрол олгоход чиглэдэг. Хүмүүст хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна эрхээ хамгаалах ур чадвар олгох, нэгэнт тогтсон буруу хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.

Эрх баригчид хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэрүүд гаргадаг

Танай байгууллага “Хүний орон байртай байх эрх хангалтгүй хэрэгжиж байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нэг жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хориглолоо. Энэ нь эргээд хүний эрхийг зөрчиж байгаа асуудал мөн үү?

Өнгөрсөн онд Монголын Эмнести Интернэшнл орон байртай байх эрхийн чиглэлээр “Төр үүргээ мэд, төр үүргээ биелүүл” кампанит ажил өрнүүлсэн.  Орон байртай байх эрхийн талаар судалгаа хийх явцад эрх баригчид нэг эрхийг эдлүүлэхийн тулд нөгөө эрхийг зөрчдөг нийтлэг хандлага ажиглагдсан.

Эмнести Интернэшнл байгууллагаас гаргасан “Дэлхий дахины хүний эрхийн байдал 2016/17” тайланд бид таван чиглэлээр зовниж байгаагаа дурдсан. Үүний нэг нь төр, засаг хүний оролцооны эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг барьцаалан, нэг эрхийг эдлүүлэхийн тулд нөгөө эрхийг хааж, хориглож байна. Дэлхийн нийт шууд хориглодог байдлаас татгалзаад удаж байна.

Нэг эрхийг нөгөө эрхээс дээгүүрт тавьдаггүй байх нь хүний эрхийн суурь зарчим юм.

Хүний чөлөөтэй шилжин амьдрах эрх, эрүүл орчинд амьдрах эрх хоёрыг сөргүүлэн тавьж, хязгаарлаж болохгүй. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа гэхэд тэр нь хуулийн хүрээнд л байх ёстой. Иймэрхүү хүний эрхийн мэдрэмжгүй захирамжуудыг Хүний эрхийн үндэсний комисс  хянаж, шаардлага зөвлөмж хүргүүлдэг шүү дээ.

Улстөрчид улс төрийн томилгоогоор төрийн өндөр албан тушаалд томилогддог болоод ч тэр үү хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэрүүд гаргах нь бий. Шууд хориглохын оронд өөр хувилбарт алхмуудыг авах хэрэгтэй. Тэр тусмаа хоморголон хориглодоггүй байх ёстой.

Эрх баригчдын гаргасан саяхны шийдвэр бол эмнэлэг, эрүүлжүүлэх байрыг салгаж, хуучин байдалд нь орууллаа шүү дээ. Энэ нь таныхаар хүний эрхийн ахиц уу, ухралт уу?

Монгол төрийн бодлого залгамжтай байх ёстой. Алхам алхмаар урагшлах ёстой. Гэтэл төр, засаг солигдох бүрт төрийн бодлого ганхдаг эсвэл эргэж буцаж байна.

Монгол Улс хүний эрхийн асуудлаар ухрах ёсгүй. Энэ бол ухралт л даа.

Албадан эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн салбарын харьяа болгосон нь зөв бодлого байсан гэж боддог. Архины архаг, хурц хордлогын улмаас нас барсан хүний тоог тодорхой хувиар бууруулсан шүү дээ. Харин хэрэгжүүлэхдээ алдаа гаргасныг засахын оронд ухрааж байгаа нь үнэхээр буруу. 

"Би урьж байна" сэдэвт судалгааны тайлан

Дэлхий хавтгай гэдэг утгаараа бүс нутагт тулгамдаж буй асуудалд ч Монгол Улс чих тавьж, анхаарах ёстой. Энэ утгаараа бүс нутагт дүрвэгсдийн асуудал хурцаар тавигдаж байна?

Өнгөрсөн онд АНУ болон Европт дүрвэгсдийг үзэн ядах, тэдний эсрэг гэмт хэрэг асар их гарлаа. 2017 онд байдал ямар байхыг урьдаас таамаглах боломжгүй байна. Мэдээж хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд аль болох дайн байлдаан намжаасай, хүмүүс бие биенээ үзэн яддаггүй, талцдаггүй байгаасай, улстөрчид хий хоосон амладаггүй, бусдыг турхирдаггүй, эрх мэдлээсээ зууралдахгүйгээр хүний төлөө гэсэн шийдвэр гаргаасай гэсэн итгэл, үнэмшил тээн ажиллаж байна.

Дүрвэгсдийн асуудлаар Эмнести Интернэшнл хангалттай дуугарч байгаа.  Энэ хүрээнд дэлхийн маш олон оронд “Би урьж байна” сэдэвт судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, “Дүрвэгч танай гэрт байя гэвэл та зөвшөөрөх үү, дүрвэгчид та яаж хандаж, хэрхэн хүлээж авах вэ?” гэсэн агуулгатай судалгаа хийсэн. Эрх баригчид дүрвэгчдийг оруулахгүй, хана барь гэж байхад иргэд тэдэнд эсрэгээрээ сайн хандаж байна.  

Ард түмэн дүрвэгчдэд хаалгаа нээхэд бэлэн, үзэн ядахгүй байхад эрх баригчид тэднийг үзэн ядаж, нийтийн хөрөнгийг яагаад хана барихад зарцуулж байгаа юм бэ?

Хана барихад зориулж буй мөнгөө дүрвэгчдэд ялангуяа дайны хөлөөс зугтасны улмаас цэцэрлэг, сургуульгүй хоцорсон хүүхдүүдийг хүлээн авч, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулж болохгүй гэж үү гэсэн асуудлыг олон улсын түвшинд тавьж байна.

Хүний эрх, хүний эрх гэж олон жил ярьсан Эмнести Интернэшлийг хүлээн авах эрх баригчид, олон нийтийн хандлага хэр өөрчлөгдөж байна?

Эрх ашиг нь хөндөгдөж буй дэлхийн удирдагчид Эмнести Интернэшнлд дургүйцлээ илэрхийлдэг. Эмнести Интернэшнлийг харааж зүхсэн эрх баригчид олон бий.

“ОХУ Сирид энгийн иргэдийн сууринг бөмбөгдсөн” гэж манай байгууллагаас мэдэгдсэний дараа Эмнести Интернэшнлийг худал мэдээлэл тараалаа гэж байсан. Гэсэн ч бидэнд мэдээллээ баталгаажуулах хангалттай эх сурвалж бий.

Өөрсдийнх нь алдаатай бодлогыг шүүмжилсний төлөө бидэнд таагүй хандах Монголын улс төрчид ч багагүй байдаг.  Улс төрчид гэлтгүй төрийн алба хаагчид ч бий.

Эмнести Интернэшнл байгууллагаас Хүч ба галт зэвсэг хэрэглэхэд зориулсан гарын авлага-ыг 2006 оны үед гаргаж байсан. Цагдаа нар хүчээ зөв ашигладаггүй, алдаа их гаргадаг байсан учраас уг гарын авлагыг гаргасан.

Гэтэл “Эмнести Интернэшнл цагдаагийн ажлыг яаж мэддэг юм” гэж Цагдаагийн байгууллагын удирдлагууд шүүмжилж байсан. Харин цагдаагийн албан хаагчид гарын авлагын ач холбогдлыг маш сайн ойлгож, тэдний дунд эрэлт хэрэгцээтэй байсан. Эмнести Интернэшнлийг сонсдог, санал зөвлөмжийг нь тусгах гэсэн хандлага Монголд сүүлийн 10 гаруй жилд улам бүр нэмэгдсээр байна. 

Хүний эрхийн төлөө тэмцэлд олон нийтийг уриалбал?

Улстөрчдийн увайгүй үйлдэл хэдэн жилийн өмнө үзэгдэл төдий байсан бол өнөөдөр систем болтлоо хөгжиж, дуу дуугаа авалцан, шил шилээ дарж, алдаатай бодлого, шийдвэрийн улмаас иргэд хохирч байна. Бид “Дэлхий дахины хүний эрхийн байдал” тайлангаа ирээдүйдээ санаа зовниж буй хүн бүрт зориулан гаргадаг.

Хүний эрхийг хамгаалах үйлсэд Монгол Улс олон улстай харьцуулахад харьцангуй идэвх сул байдаг.

Бие даан, ганцаараа ажиллаад сурчихсан болохоос биш эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Туяа, Чимгээ, Нараа, Дорж, Дондогийн эрх зөрчигдөж, тартагтаа тулж, сөхрөн унаж, яг түүнд тохиолдсон явдал өөрт нь тулаад ирэхээр миний эрхийг хамгаалаач гэдэг. Тиймээс хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд хамтран дуугарах хэрэгтэй байна. Эрхийнхээ төлөө тэмцдэг байх ёстой. 

Хүний эрхийн төлөө дуу хоолой болдог байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин оролцдог, мөнгө, цаг заваа гаргадаг байх ёстой. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг шүү дээ. Тэмцэл гэдэг бол заавал гудамжинд уриа, лоозон бариад жагсах биш юм. Хүний эрхийн төлөөх тэмцэлд хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг Эмнести Интернэшнл олгодог. 

ШИНЭ МЭДЭЭ