Б.Жавхлан дэд бүтэц, боловсролын чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.03.29
Орон нутгийн хөгжил

Б.Жавхлан дэд бүтэц, боловсролын чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр /2017.03.24/ Дархан сумын 15 дугаар багийн иргэдтэй Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн хурлын танхимд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тус баг нь өнөөдрийн байдлаар 8300 орчим хүн амтай юм. Уулзалтын үеэр иргэд Дархан-Уул аймгийг хотын статустай болгох талаар өөрсдийн санал бодлоо хэлж байлаа. Мөн зам талбайн арчлалт, гудамжны гэрэлтүүлгийг эн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг хүсчээ. 

Дархан сумын 15 дугаар багийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ юм. Учир нь тус багт нэг л өрхийн эрүүл мэндийн төв ажилладаг бөгөөд гурван багийн нийт 14 мянган иргэнд үйлчилж байна. 

Тиймээс 15 дугаар багийн нутагт орших дээрх ӨЭМТ-ийн салбар эмнэлгийг бие даасан төв болгож өгөх хүсэлтийг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд холбогдох албаны хүмүүст уламжиллаа. 

Мөн инженерийн шугам сүлжээнд айл өрхүүд хэзээнээс холбогдох, шөнийн цахилгааны тарифыг хямдруулах зэрэг тулгамдсан асуудлаа УИХ-ын гишүүн Б.Жавхланд танилцуулсан байна.  

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: “Ирэх жилүүдэд сонгогдсон тойрогтоо төдийгүй аймгийн хэмжээнд дэд бүтэц, боловсролын чиглэлд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Мөн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох албадад хандана” гэж уулзалтын үеэр хэлсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ