УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.04.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэмэхийг тэд эсэргүүцэж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэтгэврийн насыг нэмэх тал дээр иргэддээ сайн ойлголт өгөх хэрэгтэй талаар учирлалаа. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Өнөөдөр улс орны төсөв санхүү, эдийн засгийн байдал үнэхээр хүнд байгаа. Энэ хүнд байдлаас гарах гарц нь яах аргагүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах явдал юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар нэг жилийн дараа, хоёр, гурван жилийн дараа ямар өөрчлөлт орох талаар төсвийн тодотголын төсөлд маш тодорхой дурдаж өгсөн байна.

Дэлхийн хэд хэдэн улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, улмаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгаа сэргээсэн түүхүүд бий.

Тухайн үедээ өнөөдөр манайх шиг иргэдийнхээ ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгаа сэргээж, улмаар уг хөтөлбөрөөс гарч, бусдаас хараат бус төрийн бодлогоо явуулж байна.

Тойргийн иргэдтэй уулзах үеэр хамгийн шүүмжлэл, маргаан дагуулж байсан асуудал бол тэтгэврийн насыг нэмэх байсан. Ялангуяа эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгож байгаад дургүйцлээ илэрхийлсэн. Тиймээс яагаад, ямар учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон бэ гэдгийг ард иргэддээ маш сайн ойлгуулах хэрэгтэй байна.

Тэтгэврийн насны дээд хязгаарыг 65 гэж тогтоогоод 55 насандаа өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах боломж бий юу?

Ер нь тэтгэврийн насыг аажмаар нэмсээр эрэгтэй хүн 2027, эмэгтэй хүн 2037 он гэхэд 65 насандаа тэтгэвэрт гардаг болно гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дахин тодруулж өгөөч. Мөн нөгөөтэйгүүр хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахдаа 100 сая төгрөг гэж босго тавих боломж бий юу?" 

ШИНЭ МЭДЭЭ