АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Мэдээллийн сан, шуурхай албаны үйл ажиллагааг шинэчилнэ
Өнөөдөр “Албан журмын даатгагчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан” сэдэвт хэлэлцүүлэг
2017.04.07
Зам, Тээвэр

Мэдээллийн сан, шуурхай албаны үйл ажиллагааг шинэчилнэ

Өнөөдөр “Албан журмын даатгагчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.  

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц, АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Т.Батжаргал болон Монгол даатгал, Бодь даатгал, Миг даатгал, Монре даатгал, Хаан даатгал зэрэг компаниудын захирал, холбогдох албаны хүмүүс оролцсон. Мөн АЖДХ-ны 7 аймгийн салбар холбооноос төлөөлөгчид ирж оролцсоныг дурдах хэрэгтэй.

Хэлэлцүүлгийн эхэнд АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав холбооныхоо бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, даатгалын болон мэдээллийн сангийн тухай, шуурхай албаны үйл ажиллагаа болон өнгөрсөн оны санхүүгийн тайлан, 21 аймаг дахь салбарын ажил, дотоод хяналт, хөндлөнгийн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Тодруулбал,

2016 оны 4 дүгээр сард батлагдсан зохион байгуулалтын бүтцээр бол холбооны удирдах зөвлөлийн удирдлага дор гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлын удирдлага дор дэд захирал, хүний нөөц, санхүүгийн алба гэсэн бүтэцтэй байв.

Хуулиараа холбооны гүйцэтгэх захирал жолоочийн албан журмын даатгалын бодлого, зохицуулалт, үндсэн үйл ажиллагааг удирдах ёстой байтал дэд захирал гэдэг албан тушаал шинээр бий болгож, хүний нөөц, санхүүгийн алба гэж бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөсөн нь хууль зөрчиж байна гэж үзээд өнгөрөгч оны 11 дүгээр сард бүтцээ цомхотгожээ.

Холбоо нь даатгалын сан, холбооны өөрийн хөрөнгө гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулдаг байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар АЖДХ-ны эргэлтийн хөрөнгө 6,7 тэрбум төгрөг байсан бол 2016 оны эцэст 9,2 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

АЖДХ-ны даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг бол эх үүсвэр нь автотээврийн болон өөрөө явагч хэрэглийн албан татварын орлогын 10 хувь юм. Тэгвэл сүүлийн хоёр жилд Нийслэл 1,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой байсан ч төвлөрүүлээгүйгээс холбооны нийт авлагын 86 хувийг үүсгэжээ.  

Даатгалын сангийн хөрөнгө 2016 оны жилийн эцсийн байдлаар 3 тэрбум төгрөг буюу 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав мэдээлэлдээ дурдлаа. Өнгөрсөн онд даатгалын санд төвлөрсөн хөрөнгөөс 64 хохирогчид 157 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. АЖДХ нь даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргавал хохирогчийн хохиролгүй болгох үүднээс ийнхүү нөхөн төлбөр олгодог бөгөөд олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс гаргуулдаг.

АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав

Өнөөдөр бид ажлынхаа тайланг танилцуулах төдий биш цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар санал солилцож байгаа нь их чухал. Бид тулгамдсан асуудлаа ингэж ил тод, нээлттэй ярилцаж байгаа нь ажлаа урагшлуулах, доголдлоо засах чиглэлд төвлөрч байгаагаараа ач холбогдолтой.

Бид ийнхүү ажлаа тайлагнаж байгаа нь энэ холбооны үйл ажиллагаа гишүүд төдийгүй төр, хувийн хэвшил, олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой гэсэн зарчмын илэрхийлэл юм.

Тиймээс ч учраас та бүхэнд тараасан тайланд сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтийг багтаасан. Энэ тоон үзүүлэлтийг бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашиглаасай гэж хүсч байна.

2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 766 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тэдгээрээс 150 мянга гаруй тээврийн хэрэгсэл актлагдсан гэж болно. Одоогоор нийт тээврийн хэрэгслээс 553 мянга гаруй нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаад байгаа боловч 60-70 мянган тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдаагүй явж байна. Эндээс үзэхэд жолоочийн даатгалд хамрагдалтад 95 орчим хувьтай байгаа боловч үлдсэн 5-6 хувийг зайлшгүй хамруулах шаардлага бий гэж холбооны удирдлага үзэж байна.

Ер нь жил бүрийн 4 дүгээр сар нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагддаг, гэрээ шинэчилдэг оргил үе юм. Тиймээс даатгалын компаниуд нийслэл төдийгүй аль аймаг, орон нутагт орон зай, зах зээл байгааг судалж, үйл ажиллагаагаа чиглүүлэхийг АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав  хүслээ.

Хэлэлцүүлгийн явцад зөвхөн АЖДХ-ны өнгөрсөн оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулаад зогсохгүй Итгэлцүүрийн журам, Жолоочийн хариуцлагын даатгалын шуурхай албаны журам, МИИС систем ашиглах журмын төсөлд даатгалын компаниуд саналаа авч, харилцан байр сууриа солилцсон юм.

Өнгөрсөн хугацаанд тус холбооны дэргэхэд шуурхай алба нь нийслэлд даатгалын тохиолдлын дуудлагад очиж ажиллахаас гадна орон нутагт гурван даатгалын компанийн хүсэлтээр шуурхай алба ажиллуулсан байна. Мөн даатгалын сантай холбоотой дуудлагуудад хүрч ажиллажээ. Холбоо орон нутагт шуурхай алба ажиллуулсан нь уг даатгалын үйлчилгээг зүгшрүүлэх зорилготой байсан бөгөөд энэ оноос эхлэн орон нутагт шуурхай албаа ажиллуулахаа зогсоожээ. Үүнийг дахин сэргээхийг хэлэлцүүлэгт оролцсон даатгалын компаниуд холбооноос хүсч байлаа.

Мэдээллийн сангийн үйл ажиллагааны хүрээнд МИИС системийг ашиглаад 4 жил болж байгаа боловч шинэчлэх шаардлага тулгарчээ. Уг систем нь даатгалын компаниудаас ирсэн даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, нөхөн төлбөр болон бусад шаардлагатай мэдээллийг нэг дор төвлөрүүлэх зорилготой.

Ингэснээр холбоо, даатгалын компаниуд хоорондоо мэдээллээ түргэн шуурхай солилцож, эцсийн дүнд хэрэглэгчид учрах төвөг чирэгдлийг багасгах учиртай юм. Тиймээс ч орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, даатгалын компаниудын үйл ажиллагааг хялбарчилсан систем бий болгохыг даатгалын компанийн удирдлагууд хэлж, энэ сардаа багтаан мэдээллийн сан, МИИС системийн шинэчлэлийн талаар ул суурьтай хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэхээр талууд тохиролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцсон Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц АЖДХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонссоныхоо дараа хороогоо төлөөлөн байр сууриа илэрхийлсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамцг голд сууж байгаа нь

Тус холбоо маш онцлогтой байгууллага гэж болно. Хуулиар олгогдсон төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага юм. Өнөөдөр уг холбооны бүх гишүүдийн хурал болж байна. Уг хурлаар та бүхэн өнгөрсөн онд холбооны хийсэн ажлыг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар ярилцах байх.

Даатгалын компаниуд холбооныхоо үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог нь харагдаж байна. Хорооны үйл ажиллагаатай холбоотой, даатгалын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэд хэдэн санал та бүхэнд байгаа бололтой.

Эдгээр саналаа бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцэж, саналаа нэгтгээд СЗХ-нд уламжилсан тохиолдолд асуудлыг шийдэх бололцоотой гэж бодож байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь АЖДХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажилладаг. Мөн даатгалын бүх компани тус хороонд бүртгэлтэй, үйл ажиллагааныхаа тайланг ирүүлдэг. Мөн даатгалын салбарт мөрдөх хууль тогтоомжийн төслийг боловсруулах, тодорхой журам гаргах чиг үүрэгтэй төрийн байгууллага.

Тиймээс АЖДХ, даатгалын компаниудад тус хорооны бодлого, байр суурь маш чухал. Тиймээс хэлэлцүүлгийн дундуур бид СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбатаас Даатгалын тухай болон Жолоочийн хариуцлагын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулга авлаа.

СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбат

Даатгалын салбарын гурван том хууль өнгөрсөн цаг хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж хэлж болно. Гэхдээ цаг үеийн шаардлагаар өөрчлөх, шинэчлэх цаг болсон.

2016 оны 10 дугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банк, даатгалын салбарын төлөөлөлтэй уулзсаны үндсэн дээр уг салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх чиглэл өгсөн байдаг.

Чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, даатгалын хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдсэн. 

Хэлэлцүүлэгт даатгалын компаниудын захирал оролцсон гэж дээр хэлсэн. Компаниуд орчин үетэйгээ хөл нийлүүлэх үүднээс онлайн даатгалын үйлчилгээг санал болгохыг зорьж байна. Тиймээс хэлэлцүүлгийн завсарлагааны үеэр Хаан даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхагва-Очиртой уулзаж, холбооны тайлангийн хэлэлцүүлэг болоод мэдээллийн сантай холбоотой асуудлаар байр суурийг нь сонслоо.

Хаан даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхагва-Очир

Тайланг сонсоход 100 мянга орчим тээврийн хэрэгсэл одоог хүртэл даатгалд хамрагдаагүй байна гэсэн тоо сонслоо. Тиймээс эдгээр тээврийн хэрэгсэл яагаад даатгалд хамрагдахгүй байгаа шалтгааныг тодруулж, даатгалд хамруулах хэрэгтэй байх.

Хаан даатгал компани байгуулагдаад 5 жил болж байна. Бид 19 аймагт салбартай бөгөөд даатгалын үйлчилгээг жигд үзүүлж чаддаг. Нөхөн төлбөрийг ажлын 3-5 хоногт олгодог. Онлайн даатгалын үйлчилгээг санал болгох бэлтгэлээ компанийн зүгээс бүрэн хийсэн.

Одоо АЖДХ-ны МИИС системд холбогдох асуудал байна. Холбооны зүгээс МИИС системийг нэвтрүүлэхдээ уян хатан хандана гэж найдаж байна. МИИС системд амжилттай холбогдсон тохиолдолд гар утасны апплейкшн гаргах төлөвлөгөөтэй байна. 

Даатгалын компаниудын үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэсэн дүрэм журам гаргах, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээн ажилладаг.

Тиймээс ч гишүүн болох даатгалын компаниудад жил бүр өмнөх оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа танилцуулдаг бөгөөд цаашид ч энэ уламжлал хадгалагдана гэдгээ АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав онцлон тэмдэглэсэн юм.

АЖДХ-ны Шуурхай албаны дарга С.Пионер, АЖДХ-ны Мэдээллийн сангийн дарга Т.Шинэцэрэг

Хэлэлцүүлгийн үеэр “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын шуурхай албаны журам”-ын төслийг АЖДХ-ны Шуурхай албаны дарга С.Пионер , “МИИС системийг ашиглах журам”-ын төслийг АЖДХ-ны Мэдээллийн сангийн дарга Т.Шинэцэрэг нар танилцуулсан. Танилцуулгын дараа даатгалын компанийн захирал, холбогдох албаны хүмүүс журмуудын төсөлд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Талуудын байр суурийг сонсоод журмын төслүүдэд даатгалын компаниудаасаа бичгээр санал авч, саналуудыг нэгтгэн журмыг эцсийн байдлаар боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд уламжлан батлуулахаар боллоо. Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно. 

ШИНЭ МЭДЭЭ