2017.04.07
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: АН-ынханы явсан алдаатай замаар дахиж явмааргүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ОУВС-гийн хөтөлбөрт орохыг 100% дэмжиж байгаагаа хэлээд дараах саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

"Энэ удаагийн чуулган бол Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн шийдвэр хүлээсэн чуулган болж байна.

Нэгдүгээрт, ОУВС-гийн хөтөлбөрт орж эдийн засгийн хямралаа давах. Хоёрдугаарт, МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдэж засаглалын хямралаасаа гарах. Гуравдугаарт, хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа зөрчилийн хууль тогтоомжуудыг батлан гаргаж, гэмт хэрэг, эрхзүйн зөрчилтэй тэмцэх эрхзүйн орчноо чангатгах 3 том шийдвэр гаргах нь энэ хаврын чуулганы хамгийн гол үүрэг юм.

Харин концессийн асуудал дээр орж ирж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтийг татаж авбал яасан юм бэ? Өөрөөр хэлбэл бид АН-ынханы явсан алдаатай замаар дахиж явмааргүй байна.

Салбарын яам болгон бие даасан концессийн гэрээ хийгээд байвал эргээд АН-ын үед байгуулсан концессийн өрийн дарамтаас хэд дахин илүү дарамтад орохыг үгүйсгэхийн аргагүй.

Эргээд салбарын сайдуудын хийсэн гэрээний төлбөрийг шүүх, арбитраар   бид төлөх үүрэг хүлээх учиртай. Тиймээс одоогийн байгаа эрхзүйн орчинг хэвээр нь үлдээгээд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрынхны мэдэлд үлдээж, Ерөнхий сайдын хяналт дор байлгах нь зүйтэй гэж бодож байна."

ШИНЭ МЭДЭЭ