МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нэг асуудал хэлэлцэв
2017.04.11
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нэг асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 15 цаг 23 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

 Хуралдаанаар  Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байсангүй. Түүнчлэн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Төсвийн зарлагыг 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хасч, 2017 онд баталсан хуулийнхаа түвшинд хүргэмээр байна. Мөн 24 сайдын багцад нэмсэн 404 тэрбум төгрөгийг хасч, төсвийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ажлын хэсэг хуралдаж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр бид  хэд төсвийн тодотголын төсөлд тусгагдсан тоо бүрийг тулгаж, ярилцсан. Ганц жишээ дурдахад,  Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан. Ингэснээр Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэт харагдаж байгаа юм.  Үнэндээ  төсвийн зарлагыг бууруулах боломж хомс юм билээ.  Тэгэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлагийн урсгал зардлыг тодорхой хувиар хасаж байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төсвийн зарлагын нэг төгрөг бүрийг Монгол Улсын хөгжлийг дэмжиж байгаа гэдэг утгаар оновчтой зарцуулах шаардлагатай” гэж байв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх саналаа Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ