МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн байнгын хороо хуралдлаа
2017.04.12
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.12) хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцов.

Төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй, тул Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 20 гаруй санал тус бүрээр санал хураалт явууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат  нарын гаргасан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэснийг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн саналыг дэмжээгүй.

Уг саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцсэн ч, хуралдаанд оролцсон гишүүд энэхүү заалтыг хэвээр үлдээв.

Харин "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Гадны хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг тухайлбал, Оюу толгой, Тамсагийн хөрөнгө оруулалтын гэрээний  үр ашгийг дээшлүүлэх болон борлуулалтын мөнгийг заавал Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах”  гэсэн Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Тэтгэврийн нас нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр танилцуулж байх, шаардлагатай бол авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж УИХ-д оруулж байхыг тус Байнгын хороонд даалгах” заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь дэмжлээ.

Хуралдааны үеэр хүүхдийн мөнгийг 40 хувьд олгох гэснийг нийт хүүхдүүдийн гэж ойлгох уу, нийт өрхийн хүүхдүүд гэж ойлгох уу гэдэгт тайлбар өгөхийг гишүүд хүсэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Намайг баруун аймгуудаар албан томилолтой байх хугацаанд Засгийн газраас ОУВС-тай уулзаж, ярилцсан байсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 737,9 мянган өрх бүртгэлтэй байгаа. Энэ өрхийн 40 орчим хувь буюу амьжиргааны түвшин доогуур 300 мянган өрхийн 0-18 насны 520 мянган гаруй хүүхэд байгаа. Энэ нь монголын нийт хүүхдийн 51.3 хувь юм. Эдгээр хүүхдүүд тэрхүү хүүхдийн мөнгөний 40 хувьд хамрагдана” гэж тайлбарлав.

Түүнчлэн Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс “Төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 23.12 дахь хэсгийн “өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй” гэсний дараа “төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэнэ” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

“Концессын асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх нь зүйтэй” гэж үзээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хууль санаачлагчид буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ