Ж.Ганбаатар: Оффшорт байгаа бүх мөнгө Монголд орж ирсэнээр дотоод эдийн засаг нурах магадлалтай
УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар оффшорын тухай хууль гадаад харилцаанд нөлөөлөх талаар асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Хэрвээ олон нийтэд, засгийн газарт таалагдая гэвэл энэ хуулийг дэмжих байх. Харин Монгол Улсын эдийн засгийг бодвол энэ хууль хэрэггүй гэсэн байр суурьтай байна.
Нэгдүгээрт, Ц.Мөнх-Оргил сайдаас асуулт асууя. Энэ хуулийг баталсанаар эдгээр 42 улс манайхтай харьцах харилцаанд өөрлөлт орох уу? Эдийн засгийн болоод, улс төрийн байдалд сэв суух уу?
Хоёрдугаарт, энэ хуулийг баталсанаар МУ-ын эдийн засагт ямар нэгэн ач холбогдол байгаа юу?
Гуравдугаарт, авилгалын эсрэг ямар хэмжээгээр нөлөөлөх вэ? Авилгал хэдэн хувиар буурах вэ? Би бодохдоо энэ мөнгө гадагшлахгүй бол дотоод эдийн засгаа нураах магадлалтай гэж үзэж байна.
Энэ хуулинд 100, 200 мянган хүн орвол нэгнийгээ матаад байвал яах вэ?
Малайз, Швейцар зэрэг бидний маш их харьцдаг улс орон байна. Хамаарал бүхий хүмүүс дундаас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээ албаар унагаах оролдлого хийвэл яах вэ? Сүүлд нь цагаадсан ч улстөрийн нэр хүнд байхгүй болно. Тиймээс энэ хуулийг буцаасан нь дээр гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Энэ хууль Засгийн газраас өргөн барьсанаасаа хойш нилээд өөрчлөгдсөн.
42 улстай харьцаагаа тасалж байгаа хэрэг биш. Төрийн алба хашиж байгаа албан хаагчдаа энэ улс орнуудад хөрөнгө мөнгө, данс байлгахгүй гэсэн шаардлага л тавьж байгаа. Энэ улсаа өөрсдөө дур мэдэж аваагүй. Энэ асуудлуудаар дагнасан байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн гаргасан.
Энэ гадны хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Энэ 42 оффшор улсаас Монгол руу хөрөнгө оруулж ирж болохгүй гэж хэлээгүй.
Эдгээр улс банк санхүүгийн нууцлалын хуулиар мөнгө угаах, татвараас зугатаах үйл ажиллагааг урамшуулж байгаа учраас энэ улс орнуудад мөнгөө байршуулах ёсгүй гэсэн зүйл заалтыг л оруулж ирсэн. Бусад хүмүүст хориг байхгүй. Үнэхээр энэ улсуудад данстай байя гэвэл төрийн албанаасаа л гарах асуудал яригдана.
Хүрээ их тэлэх нь хүндрэл учруулж байгаа учраас хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргаж байгаа хүмүүст энэ хориглолтыг харъяалуулъя гэсэн санал тавьсан. Ингээд 6 сар хэлэлцэх хугацаанд Хууль зүйн байнгын хорооны ихэнхи гишүүд зөвхөн төрийн албан хаагчдад хориг тавих нь буруу гэж үзсэн.
Хэрэгжүүлэхэд хүндрэл гарч магадгүй. Гэхдээ хэрэгжүүлээд үзье.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Эдийн засагт асар их хохиролтой. Дотоодын бизнесийг яг бизнес утгаар нь явуулахад хохиролтой. Үнэхээр л 17 тэрбум доллар гадаадад байгаа нь үнэн юм бол Монгол Улсын дотоодын бизнес цэвэр өрсөлдөөний шугамаар явах боломжгүй. Үүнээс гадна бидэнд одоо байгаа хуульд эдгээр асуудалтай тэмцэх хангалттай зүйл заалт байгаа.