МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.04.27
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Хорих байгууллагууд өөрсдийгөө санхүүжүүлдэг байхаар зохицуулалт хийх боломжтой юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хорих ангийн зардлын талаар санал дэвшүүлж ажлын хэсгээс зарим зүйлсийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэл нь 50% гэж байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн 50% нь л биелэгдэж, үлдсэн нь хэрэгжихгүй байна гэсэн үг.

Гүйцэтгэх баримт бичгийн биелэлт хангалтгүй байгаа. Үүнийг нэмэгдүүлэх асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мөнхийн сэдэв. Энэ тоо хэмжээгээр энэ байгууллагын ажлыг дүгнэж болно. 

Эрүүгийн хуулинд гэмт хэрэг үйлдсэн бол зохих хариуцлагыг заавал хүлээнэ гэсэн байдаг. Энэ гүйцэтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар зарчмын заалтууд орсон бэ?

Банк дээрэмдсэнээс банк байгуулж дээрэм хий гэж үг байдаг. Монголын хүн дээрэмдэж, хулгай хийдэг хүмүүс бүгд нэг аж ахуйн нэгжийн тамга барьж, ард иргэдийг луйвардаж байгаа.

Энэ статистик байх ёстой. Хууль тогтоох байгууллагуудтай ард иргэдийг хамгаалах чиглэлд ямар зүйл заалт орсон бэ? 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад маш их статистик байдаг. Хууль тогтоох, цагдаагийн байгууллагатай, ХЗДХЯ-тай хамтарч иргэний хуулийн нэрийг барьж, аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг далимдуулж иргэдэд халддаг бүлэглэлийн эсрэг ажиллах ёстой. 

Боловсон хүчний сонголт маш чухал асуудал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын хувьд төлбөр хариуцагч болон төлөгч нар ашиг сонирхлоороо нэгдсэн талаарх гомдлууд их ирж байна. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

Монголын эдийн засагт  ойрын хэдэн жилдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилд зардал нэмэх боломжгүй. Тэгэхээр энэ шаардлагатай байгаа зардлаа ямар нэгэн аргаар гаргах хэрэгтэй.

Миний санал бол хорих байгууллагуудыг эдийн засагжуулж, өөрийгөө санхүүжүүлдэг болох арга хэмжээ авах хэрэгтэй.

Монгол Улсын төсвөөс ихээхэн зарлагадаж байгаа зам барих, барилга байгууламжийн ажлыг хийлгэж, үр шимээр нь хорих байгууллагын эдийн засгийн асуудлыг шийддэг зүйл заалт оруулах саналтай байна.

Хохирол заавал барагдуулах хэрэгтэй. Төлбөр төлөгчийн нуусан хөрөнгийг илрүүлэх чиглэлээр шүүхийн байгууллага хангалтгүй ажиллаж байна. Их хэмжээний хөрөнгө нуусан мөртлөө хийсэн хэргийнхээ хохирлыг төлдөггүй. Энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх хэрэгтэй.

Мөн хорих ял эдэлж буй хүмүүсийн ихэнхи нь давтан хэрэгтэй байдаг. Энэ хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр гадна, дотны туршлагыг судлах хэрэгтэй..

Ажлын хэсэг:

Эрүүгийн хэргийн хувьд хохирол төлөх төлбөрийн чадвар муутай хүмүүс хэрэг хийх нь түгээмэл байдаг. Тиймээс эрүүгийн хуулинд заасны дагуу хөдөлмөр эрхлүүлж, түүнээс нь хохирлыг төлүүлэх замаар ажилладаг. Мөн хохирлоо нөхөн төлсөн бол ялыг биечлэн эдлүүлэхгүй байх эсвэл ялын хэмжээг бууруулах гэдэг хөшүүргүүдийг оруулах гэж оролдож байна.

Иргэний хэргийн хувьд төлбөр төлөгчийн хувийн хариуцлагын асуудал чухал. Шүүхээс сайн дураар биелүүлэх гэж шийдвэр гардаг боловч тэр хугацаандаа төлөхгүй асуудлууд гардаг. Хохирогч талд чирэгдэл учруулаад ирэх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгүүлэхээр ханддаг. Энэ байдлыг хангахын тулд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг хуульчилж байгаа.

Хөрөнгө оруулалтын хувьд бид цоо шинээр хорих анги байгуулахгүй. Гэхдээ олон улсын жишигт нийцүүлж, хорих нөхцлийг бий болгох ёстой учир санхүү зайлшгүй хэрэгтэй байгаа. Алсдаа хорих ангийг үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлж, тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болгох тал дээр оролдлого хийж байгаа. Гэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр албадан хөдөлмөр эрхлүүлэх байдлыг тодорхой хэмжээгээр хориглодог. Харин сайн дураар хөдөлмөр эрхлэх бололцоог нь бүрдүүлээд, тохирсон цалин хөлсийг нь барагдуулахаар зохицуулж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ