2017.04.27
Хууль, эрх зүй

Л.Болд: Зөрчлийн хууль нэртэй боловч жижиг Эрүүгийн хууль болж байна

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л. Болд Зөрчлийн тухай хуулийг шоронжсон хууль болж байна хэмээн шүүмжиллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

Зөрчлийн хууль энэ хэлбрээрээ гарах ямар ч бололцоо байхгүй. Анх тавьсан хуулийн төслийг Засгийн газар ухралттай оруулж ирсэн. Түүнийг УИХ бүр том ухралт хийгээд ардчилсан хувьсгалаар бий болсон хамгийн том ололтыг дордуулж байна.

Энэ хуулийг баталвал Монгол улс хуулиараа шоронжсон улс болно. Шоронгоороо дамжуулж жинхэнэ гэмт хэрэгтнийг үйлдвэрлэдэг тогтолцоотойгоор маш олон жил явлаа. Үүнийг зогсоох зорилготойгоор гаргаж ирсэн хуулийг өөрчлөөд, Засгийн газар зарим нэг гэмт хэргийг зөрчлийн хууль руу оруулчихсан. Ажлын хэсэг тэрийг нь бүр өргөжүүлээд 10 гаруй хэргийг оруулсан.

Одоо энэ зөрчлийн хуулиар зохицуулах гэж байгаа бүх зөрчлийн 80 хувь нь баривчлах яланд хамрагдаж байна.

Энэ хууль зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийн эрүүгийн хууль болж байна. Үүнийг дагаад зөрчлийн хуулинд прокурор хяналт тавина. Энэ нь дуртай хүнийхээ эрхийг хязгаарлах, дарамтлах, авилгал нэхэх, барьцаанд оруулах хэргийн эх үүсвэр болно.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

Зөрчлийн тухай хууль дээр 80 хувь нь баривчлах зөрчил гэж байхгүй. Нийтдээ 600 гаруй төрлийн зөрчлийг зохицуулснаас 5 зүйл дээр баривчлах шийтгэл ногдуулсан. Үүнд, гэр бүлийн хүчирхийлэл хийсэн, танхайрсан, хулгайн гэмт хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг баривчлахаар болсон.

Зөрлчийн хуулийг ажлын хэсэг дээр эрхзүйн үүднээс дордуулж оруулсан байна гэж байна. Өмнөх батлагтсан эрүүгийн хууль дээр үйлдлээр нь эрүүжүүлдэг тогтолцоог оруулсан. Хэдэн төгрөгний, ямар хэрэг үйлдсэнээс эс шалтгаалж зөвхөн эрхзүйн эсрэг чиглэсэн үйлдлээр эрүүжүүлдэг байсныг нийгэмд аюултай хор хохирлын шинж чанараар эрүүжүүлэх ёстой гэж үзсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

5 зүйл дээр л баривчлах шийтгэлтэй гэж байна. Гэтэл нийт зөрчлийн 80 гаруй хувь нь энэ 5 зөрчил байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

Энэ хуулинд 7 хоногоос эхлээд хорих ял эдлүүлэх заалттай байсан нь хэт хатуу гэж үзэж байгаа. Нэг үзэг, бал хулгай хийсний төлөө эрүүгийн хуулиар шоронд хоригддог болох нь ээ гэж үзээд өөрчлөлт хийсэн.

ШИНЭ МЭДЭЭ