МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.04.28
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Хавтгайруулан эрх хасах нь зохимжгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн талаар ажлын хэсгийн ахлагчаас тодруулсан юм.

Ж.ГАНБААТАР: ШИЙТГЭЛ НОГДУУЛАХААС ӨМНӨ УРЬДЧИЛАН САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ

Торгох шийтгэл 100-200 сая хүртэлх дүн байна. Хэлэлцүүлгийн явцад энэ тоог багасгах боломжтой юу? 200 хүртэлх сая төгрөгийг тооцохдоо юуг үндэслэсэн бэ?

17 зүйл заалт дээр эрх хасах шийтгэл ногдуулсан байна. Тусгай зөвшөөрөл авахын тулд иргэд маш их хугацаа зарцуулдаг. 17 зүйл заалтаар хэтэрхий хавтгайруулан эрх хасах нь зохимжгүй гэж үзэж байна. Эрх хасахаас өмнө, торгохоос өмнө урьдчилан сануулах үйл ажиллагаа хуулиндаа тусгасан уу?

Зөрчлийн хуулинд баривчлах тухай ойлголт байх дэмий. Баривчилж байгаа хүмүүсийг хаана хорих вэ? Эрүүгийн хэрэгтэнтэй хамт хорих юм уу?

Энэ хууль 87 зүйл заалтаар давхардаж байна. 1 зөрчлөөр аж ахуйн нэгж болон ажилтныг торгож байна. Зүгээр компанийг торгоод өнгөрч болохгүй юу? Давхардлыг зайлшгүй арилгах хэрэгтэй. 1 зөрчлөөр 2 хариуцлага хүлээх нь жижиг дунд үйлдвэрлэгч нарын хувьд хүндэднэ.

Өнөөдрийн хуралдааныг үзээд сууж байгаа стартап эхлүүлэх гэж буй залуучуудын зориг нь моххоор байна. Уг нь татвар төлөгчдийн хүрээ нэмэгдэх нь улс орны эдийн засагт маш том үзүүлэлт шүү дээ.

Ш.РАДНААСЭД: ЗАРИМ ТӨРЛИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫГ УРЬДЧИЛАН САНУУЛАХ НЭРИЙН ДОР ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ

Аж ахуйн нэгжийг торгох торгуулийн хэмжээ байж болно гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ 200 саяар торгосон нэг ч заалт энэ хуулинд байхгүй. Хамгийн дээд тал нь 100 сая байгаа.

Одоогийн төрийн хяналт шалгалтын хуулиар зөвлөн туслах чиг үүрэг гэж байдаг. Салбарын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын тухайд төлөвлөгөөт, урьчилсан хяналтуудыг хийдэг. Түүнийхээ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сануулга өгдөг. Гэхдээ үүнийг яг ямар чиглэлийн үйлдэврлэл, аж ахуйн дээр байхыг анхаарах хэрэгтэй. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйд урьчилан сануулах нэрээр толгойг нь илээд өнгөрснөөр түүнээсээ ч илүү их хохирлыг амсах магадлалтай.

Давхар шийтгэлийн асуудал дээр би таны хэлсэн саналыг байнгын хороон дээр дэмжсэн. Хүний буруутай үйл ажиллагаанаас болсон уу эсвэл аж ахуйн нэгж ашиг олох зорилгоор зөрчил гаргасан уу гэдгийг ялгах хэрэгтэй.

Ж.ГАНБААТАР: ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ ЮУН ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ТОГТООСОН БЭ?

200 сая байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ энэ хуулийн 3.4.2 дээр 200 сая гэсэн заалт байгааг асуусан юм.

3.4.2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

Юун дээр үндэслэн 100 сая гэж тогтоож байгаа вэ? Сануулга арга хэмжээг аж ахуйн байгууллагын төрөл хэлбэрээс хамаарах шаардлагатайг ойлголоо. Тэгвэл сануулах боломжтой байгууллагыг шууд торгохгүйгээр сануулах арга хэмжээ авах эхэлж авах нь зүйтэй.

Баривчилвал хаана хорих вэ?

Х.БЯМБАЦОГТ: АРД ТҮМНИЙ АМЬЖИРГААТАЙ УЯЛДУУЛАН ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛСАН

Өнөөдрийн захиргааны хариуцлагын тухай хуулиар ногдуулж байгаа торгох шийтгэл энэ хувиар 60% багасаж орж ирсэн. Тодорхой жишээн дээр хэлвэл жолоочийн тээврийн хэрэгсэлд хамрагдаагүй бол одоогийн хуулиар 500 мянгаар торгодог байсан бол энэ хуулиар 25 мянга болсон. Гэх мэтээр ард түмний амьжиргааны нөхцөл байдлаас шалтгаалан торгуулийн хэмжээ буурсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилан сэргийлэх, зөвлөх арга хэмжээ авсны дараагаар хариуцлага тооцох бололцоо бүгд нээлттэй байгаа. Төрийн захиргааны байгууллагууд тодорхой хэмжээнд аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөх, туслах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авна. Үүний дараа зөрчсөн үйлдэл дээр нь зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явна. Энэ хууль торгох шийтгэхийг урьтал болгохдоо биш зөрчил үйлдэгдэхгүй байх бололцоог олгож байгаа.  

3-4 зүйл дээр 100 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй байгаа. Тухайлбал:

  • газрын тосны тухай хууль зөрчих,
  • ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих,
  • банкны тухай хууль зөрчих,
  • гаалийн тухай хууль зөрчих гэсэн тодорхой зүйл заалтаар л торгоно. 

ШИНЭ МЭДЭЭ