МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хог хаягдлын цогц менежментийг бий болгох талын зохицуулалт туссан гэв
2017.05.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хог хаягдлын цогц менежментийг бий болгох талын зохицуулалт туссан гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.05/ Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Оюундарь, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Энх-Амгалан нар хууль санаачлагч, ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар аж ахуйн нэгж, компаниуд цаасны хог хаягдлаа өөрийн хэмжээнд шийдэгддэг. Хэдэн жилийн өмнө цаасны хог хаягдлаа бага үнээр ч болов зарж, тэр нь Хятад руу гардаг гэж байсан. Гэтэл одоо цаасны хог хаягдал үнэгүйдсэн байна гэлээ. Мөн уг шинэчилсэн найруулгын хүрээнд ажлын байрыг яаж нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийг талаар зохицуулалт орсон эсэх талаар тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал аюултай хог хаягдлын дотор өдөр тутам хамгийн их гардаг ватерей хамгийн тулгамдсан асуудал болохыг хэллээ. Мөнгөн ус, цайр зэрэг химийн элемент агуулсан ватерейг нялх хүүхдүүд хаздаг, ватерейны зайг дуусаагүй байхад хаяснаар хөрсний бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл болж байна. Тииймээс ватерейг тэглэдэг хогийн савны технологийг нэвтрүүлж, хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тал дээр инноваци нэвтрүүлэхийг төр засгаас дэмжихийг хүслээ. Аюултай хог хаягдлын жагсаалтад ватерей, аккумлятор зэргийг жижиг гэлтгүй оруулж, байгаль орчинд ээлтэй шинэ технологи, инновацийн шийдлүүдийг Монголын төр тэргүүн эгнээнд худалдан авч, залуучуудыг дэмжих хэрэгтэй гэв.   

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тухайд уул уурхайгаас гарч буй хог хаягдлын асуудлыг хөндлөө. Тэрээр хуулийн төсөлд уул уурхайгаас гарсан хог хаягдлыг бохирдуулагч нь өөрөө хариуцах тухай тодорхой заалт оруулахыг хүслээ. Мөн жил бүр 200 сая лонх, шил, сав импортоор оруулж ирж байна гэсэн статистик тоо баримтыг дурдаад эдгээр хог хаягдлыг дахин ашиглах, үйлдвэрүүдэд нийлүүлэх талын зохицуулалт хуулийн төсөлд орсон эсэхийг тодрууллаа.

Тэрээр хогийн цэгүүдээс хог цуглуулж буй хогийн машинуудын дугуйг заавал ариутгах байх хэрэгтэй гэсэн юм. Ил задгай хаягдаж буй малын сэг зэмийг устгах талаар хуулийн төсөлд тусгасан талаар асуусан. Түүний хувьд биомасс болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа үйлдвэрлэгчид төрөөс татаас олгох талаар ч тодруулсан.

Хуулийн төслийн үндсэн концепци нь хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хог хаядлыг  боловсруулахгүйгээр байгальд хаяж байгааг таслан зогсоох, дахин боловсруулах үйлдвэрийг дэмжих дэмжих юм. Тиймээс Засгийн газар “Эко парк” байгуулах бөгөөд уг паркт хөрөнгө оруулах юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.

Улаан чулуут болон Цагаан давааны хог цэгт хөрөнгө оруулж, дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм бол төрөөс дэд бүтцийг шийдэж өгөх талаар хуулийн төсөлд тусгажээ. Улаанбаатар хотод “Сайн цаас” байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд энэ үйлдвэрт бүх төрлийн цаасны хаягдлыг боловсруулах юм.

Одоогоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр хэд хэд байгаа боловч үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргаж өгөхийг хүсдэг байна. Тиймээс эхний ээлжинд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж,  хог хаягдлыг дахин боловсруулах замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг боломжоор хангах болно гэж хуулийн төслийн ажлын хэсэг мэдээллээ.

Хуулийн төсөлд аюултай хог хаягдлыг зохицуулах талаар бүтэн нэг бүлэг орсон байна. Энэ бүлэгт “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг Засгийн газраас баталж, импортоор аюултай хог хаягдал оруулж ирэхийг таслан зогсоох, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн болон импортолсон бүтээгдэхүүнээс гарч буй хог хаягдлыг өөрсдөө хариуцдаг байхаар журам гаргана гэв. 

Нөгөө талаас хог хаягдлын цогц менежментийг боловсруулж, хог хаягдалд хандах иргэдийн хандлагыг өөрчлөх тал дээр тодорхой зохицуулалт тусгаж өгснөө хууль санаачлагч тайлбарласан юм.

Байгууллагаас гарч буй хог хаягдлынхаа хэмжээгээр хураамжаа төлдөг механизмыг бий болгож, аливаа хог хаягдлыг устгах, боловсруулах, экспортлох асуудлыг бохирдуулагч нь өөрөө хариуцдаг байх зохицуулалтыг ч тусгаж өгчээ. Бохирдуулагч гэдэгт зөвхөн уул уурхай гэлтгүй бүх салбарын аж ахуйн нэгжүүд хамарч байгааг онцоллоо.

Уул уурхайн хог хаягдлын дотор Оюу толгой үйлдвэрээс нэг нь 5 тн жинтэй дугуйн хог хаягдал гардаг бөгөөд одоогоор энэ хогийг үйлдвэр өөртөө хадгалдаг байна. Тиймээс уул уурхайн компаниуд өөрсдөө хог хаягдлаа байгальд ээлтэй технологиор устгах уу, дахин боловсруулах уу эсвэл экспортлох уу гэдгийг шийдэх юм. Энэ талын журам гаргахыг Уул уурхайн яаманд үүрэг өгч байгаа бөгөөд энэ асуудал тусгай журмаар зохицуулагдах юм.

Мөн хог хаягдлын төвлөрсөн цэгээс гарсан хогийн машиныг ариутгах, малын сэг зэмийг байгальд ээлтэй технологиор устгах, эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлыг импортлохыг хориглох, хог хаягдлыг хогийн цэг дээр биш эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг байх талын зохицуулалт ч тусгагджээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн төгсгөлд 36 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ