2017.05.11
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Жижиг хуулийн тал хувийг хасахаар хууль хүчин төгөлдөр хэрэгжиж чадах уу?

УИХ-ын өнөөдрийн /2017 оны 05 сарын 11/ чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Уг хуулийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийг хэтэрхий хурдан оруулж ирж байгааг шүүмжиллээ.

Ж.ГАНБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭТЭРХИЙ ХЯЛБАРШУУЛААД БАЙНА

“Хууль тогтоомжийн тухай хуулийг өмнөх 4 жилд гарсан хамгийн сайшаалтай хуулиудын нэг гэж боддог. Үүнээс хассан зүйлүүдээ танилцуулах гэж ингэж яараад байгаа юм уу? Байнгын хороогоор хэлэлцэнгүүтээ ногоон гэрлээр чуулганаар оруулж ирж болж байгаа юм уу?

Засгийн газрын үйл ажиллагааг хэтэрхий хялбаршуулаад байна. УИХ-ын гишүүд хууль тогтоомжийнхоо хуулийг яг бариад л явж байгаа. Миний санаачилсан 2 ч хууль байнгын хороогоор хэлэлцэгдээд 2, 3 сар болоод явж байна. Гэтэл зарим хууль 30-хан минутын дараа чуулганаар ороод ирдэг байж болох уу?  УИХ-ын гишүүдийн эрх мэдэлд хэтэрхий халдаж байгаа юм биш үү? Энэ бол том хууль огт биш. Үүнээс хасч байгаа юм бол бүгдийг нь хасчихсан нь шулуухан. ”

Х.НЯМБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ШУУД ӨРГӨН БАРИХ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙГАА

“Засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулаагүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хуулиар Засгийн газар шаардлагатай асуудлаар 12-р зүйлд тавигдсан хугацааны шаардлагыг хангахгүйгээр хууль шууд өргөн барих эрхзүйн зохицуулалт байгаа. Энэ нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын үйл ажиллагаа явуулах хязгаарыг хялбаршуулж байгаа зүйл огт байхгүй.”

Ж.ГАНБААТАР: ЯАРАЛТАЙ ОРУУЛЖ ИРЭХ ШАЛТГААН НЬ ЮУ ЮМ БЭ?

“Ингэж яаралтайгаар оруулж ирэх шалтгаан юу юм бэ? Талаас илүү хувь нь хасагдсан юм бол энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжих бололцоо байгаа юу?”

Х.НЯМБААТАР: БҮХ ЗҮЙЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА

“УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 18.2-т энэ хууийн 18.1-д заасны дагуу төсөл түүнд хавсаргасан барим бичгийг холбогдох байнгын хороонд шилжүүснээс хойш 3 хоногийн дотор нийт гишүүдэд хувилж хүргүүлнэ гэсэн дэг байна. Энэ дэгийн дагуу бүх зүйл явагдаж байгаа.”

ШИНЭ МЭДЭЭ