2017.05.11
Хууль, эрх зүй

Л.Болд: Хуулийнхаа бүх шат дамжлагаараа явж чадсан юм уу?

УИХ-ын өнөөдрийн /2017 оны 05 сарын 11/ чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хуулийг хэтэрхий яаралтайгаар оруулж ирсэнийг шүүмжиллээ.

Л.БОЛД: ЯАРВАЛ ДААРНА

“Өглөөхөн л байнгын хороон дээр хэлэлцсэн асуудал оочер дайраад өнөөдөр чуулган дээр шууд орж байна. Юунд ингэтлээ яараад, ямар зорилгоор шууд оруулж байгаа юм бэ? Хуулийнхаа бүх шат дамжлагаараа явж чадсан юм уу?

Х.Нямбаатар гишүүн их эрх мэдэлтэй байна. Яарвал даарна гэдэг. Хүний эрхийг дордуулсан хуулиудын гол санаачлагч нь Нямбаатар гишүүн болж байна. Их том хариуцлагыг л нуруундаа үүрч байна даа. Энэ хуулийг ингэтлээ яаруулж байгаагийн учир юу вэ?”

Х.НЯМБААТАР: ХУУЛИЙН БҮХ ПРОЦЕДУРЫГ ДАВСАН

Хууль тогтоомжийн тухай хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Одоогийн орох гэж байгаа өөрчлөлт энэ хуулийн 2 дахь өөрчлөлт. 4 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийхтэй зэрэгцэж хууль тогтоомжийн хуулийн үйлчлэлд хамаарч байсан 16 заалтын 6 аргачлалаас хассан. Тухайлбал дайн бүхий байдал зарлах тухай болон УИХ-н гаргадаг шийдвэрүүдтэй холбоотой 16 заалтууд хасагдсан. Үүнээс гадна ОУВС, төсвийн шийдвэр гаргахтай холбоотой 16 заалтууд хасагдсан.

Энэ өргөн барьж байгаа төслөөрөө 9 заалтыг дахин хөндөж байна. Тухайлбал УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, дипломат харилцаа тогтоох, дипломат төлөөлөгчийн газрын түвшин байршлыг тогтоох тухай, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүдүүвч, ерөнхий бүдүүвчийг батлах тухай гэх мэтчилэн 9, чуулганы дэг хөндөх, онцгой албан татвар хөнгөлөх, чөлөөлөх, ноогдуулах талаарх УИХ-ын шийдвэрийн төсөл, хуулийн давхардал хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд зэрэг өөрчлөлт оруулах тухай боловсруулсан хууль тогтоомжийн төсөл гэсэн 9 асуудлаар УИХ шийдвэр гаргахын тулд хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тавигдсан шаардлагыг хангалгүйгээр хууль санаачлах эрх бүхий субъектууд, тухайн салбарын сайд болон засгийн газраас саналаа аваад, өргөн мэдүүлэх эрхийг нээж байгаа гэсэн агуулгаар та бүхэн ойгож болно.

Энэ хуулийн төслийг өөрийн цахим хуудас болон УИХ-ын цахим хуудсанд 40 гаруй хоног байрлуулаад, 6 аргачлалын дагуу хуулийн танадан судлах аргачлалыг хийгээд, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцүүлгийг хуульзүйн үндэсний хүрээлэн дээр зохиогоод, Засгийн газраас санал аваад, хууль тогтоомжийн хуульд заасан бүх шаарлагын дагуу энэ хуулийн төлсийг өргөн барьж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ