Хүний эрхийн төлөө тэмцэгчид рүү халдах нь нэмэгдсээр байна
2017.05.16
Хүний эрх

Хүний эрхийн төлөө тэмцэгчид рүү халдах нь нэмэгдсээр байна

Хүний эрхийн төлөө тэмцэгчид рүү халдах тохиолдол ихэссэнтэй холбогдуулан Эмнести Интернэшнлээс “Зоригтон” кампанит ажлыг дэлхий даяар эхлүүлжээ.

Орон нутгийн идэвхтнүүд, хуульч, сэтгүүлч болон бусад хүний эрхийн хамгаалагчид мөрдлөг, хавчлага, айлган сүрдүүлэлт, хүчирхийлэлтэй нүүр тулж байгааг кампанит ажлынхаа нээлтийн үеэр Эмнести Интернэшнл анхааруулсан юм.

Тэргүүн Шугамын Хамгаалагчид төрийн бус байгууллагын мэдээллээр 2015 онд 156 хүний эрхийн хамгаалагч амь насаа алдсан бол энэ тоо 2016 онд 281 хүрч өссөн байна.

“Хүний эрхийг нухчин дарахыг санаархагч авторитар дэглэмийн удирдагчид өөрсдийгөө бидний хүсэл сонирхлын төлөө зүтгэж байгаа гэж итгүүлэхийг л хүсдэг болохоос хэрэгжүүлдэггүй. Харин тэдгээр хүний эрхийг зөрчигч улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс үүдэн бидний эрхийг хамгаалахаар, бидний төлөө зориг гарган тэмцэж байгаа хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал улам дордож байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга  Салил Шетти өгүүлэв.

    Мөн хүний эрхийн төлөө тэмцэгчдийг гадаадын тагнуул, террорист гэж цоллон тэдний эсрэг чиглэсэн дайсагнал бий болж байгаа нь тэдний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг онцоллоо.

Тэмцэгчдийг онлайнаар болон олноор нь цагдан хянах, шинэ технологи ашиглан айлган сүрдүүлэх, хуулийг буруу хэрэглэх болон тайван замаар жагсагчдын эсрэг авч буй эрс арга хэмжээ гаарсаар байгаа аж.

Засгийн газрууд хэвийн цахим харилцааны кодыг тайлах, шифрлэлтийг ил болгохыг компаниудаас шаардаж, Их Британид цагдаа нар нь сэтгүүлчдийн эх сурвалжийг нь тодруулахын тулд мөрдөн тагнаж байгаа нь хэрээс хэтэрсэн хэрэг гэж Эмнести Интернэшнл үзэж байна.

      Эмнести Интернэшнл улс орнуудад хандан 1998 онд НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын тухай тунхаглалыг батлах үед өгч байсан амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж, бүх нийтийн тэгш эрх, нэр төртэй байх салшгүй эрхийн төлөө зогсож буй хүний эрхийн хамгаалагчдын хуулийн дагуух үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, тэдний эрх чөлөө, аюулгүй байдлыг нь баталгаажуулахыг уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ