2017.05.18
Хууль, эрх зүй

Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан уу?

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасныг эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна хэмээн үзэж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ.

Тэрээр үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийн эсрэг бүлгийг бараг хөндөөгүй гэдгийг онцолж байсан юм.

Х.НЯМБААТАР: ЭХ ОРНООСОО УРВАХЫГ БИЕ ДААСАН ГЭМТ ХЭРЭГ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ

Энэ эрүүгийн хууль бол 2015 оны 12 дугаар сард батлагдсан. Өөрөөр хэлбэл таны сууж байсан өмнөх парламентад батлагдсан. Энэ шинэчлэгдсэн найруулгаар 40 орчим хувийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийн эсрэг бүлгийг бараг хөндөөгүй.

Өмнөх хууль тогтоогч нь эх орноосоо урвах гэмт хэргийг үйлдэл тус бүрээр нь эрүүгийн гэмт хэргийн бие даасан гэмт хэрэг болгож хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дээр эх орноосоо урвах гэдэг үйлдлийг бие даасан байдлаар оруулсан. Өөрөөр хэлбэл дайны болон дайн бүхий нөхцөл байдалд дайсагнагч талд урваж орсон тохиолдолд юм. Энэ үйлдэл 12-25 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар нь хорих ялтай. 

Хуучин эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд байсан 3 дахь үйлдэл бол экстремист байгууллагын үйл ажиллагаанд нэгдэн орох гэсэн байдлаар зохицуулалт байсан. Үүнийг  эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дахь хэсэгт экстремист үйл ажиллагаа гэсэн томъёоллоор бие даасан гэмт хэрэг болгож оруулсан. Өөрөөр хэлбэл ISIS мэтийн алан хядах үйл ажиллагаанд нэгдэж орсон этгээдэд хорих ял оногдуулахаар хуульчилж өгсөн.

Хэрэв эдгээр хуулийн системчлэлийг өөрчилж, нэгтгэн нийлүүлж, гэмт хэрэг болгон зохицуулахаар бол хууль санаачлах эрх танд нээлттэй.

Эрүүгийн эрх зүйн онолын эрдэмтэд үүн дээр бие даасан гэмт хэрэг болгож тусад нь салгаснаар онол практикийн маргаан, зүйлчлэлийн асуудлыг нэг талдаа шийдсэн сайн зүйл болсон гэж үзэж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ